Тун саяхан ОХУ-ын дипломат ажилтан Монголын рок попын од С.Амармандахыг зодсон дуулиан намжаагүй байтал сөрөг мэдээлэл Оросын сайтуудад гараад эхэллээ.
Учир нь Улаан-үдийн “Z club” нэртэй шөнийн цэнгээний газар өнгөрсөн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө Монголын консулын ажилтан шуугиан тарьсан тухай “Номер один” сонин өөрийн сайтад мэдээлжээ. “Номер один” сонины сэтгүүлч мөн тус бааранд тухайн орой тухалсан бөгөөд Монголын консулын ажилтан нэг бус удаа энд ирж, наргиж буй тухай баарны ажилтан ярьсан байна. Монголын консулын ажилтан ариун цэврийн өрөө орж яваад орос, буриад залуусын яриан дундуур орж, “та нар чинь ах дүү нар шүү дээ” хэмээн хэлтэл өнөөх залуус дипломатын ажилтны эсрэг бөөнөөрөө дайран үймээн үүсгэжээ. Азаар баарны хамгаалагч нар салгаж, Буриадын цагдаагийнхан ирсэн байна.
Үймээний үеэр консулын ажилтан мөнгөтэй түрийвч, бичиг баримтаа хаясан ч баарны ажилтнууд маш хурдан олж, эзэнд нь эргүүлэн өгсөн гэнэ. Одоогоор Улаан-Үд дэх консулаар Д.Чадраабал ажиллаж байгаа юм байна. Гэхдээ "Номер один" сонины зүгээс Монголын консулын ажилтны овог нэрийн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй юм.