Маргааш төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, нөгөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 7,8-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлснийг Онцгой байдлын Ерөнхий газар дамжууллаа. Салхи өнөөдөр зарим газраар, 6-8-нд говь талын нутгаар 14-16 метр секунд хүрч ширүүсэх юм байна.
Харин Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Байтаг Богд орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.