Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Өчигдөр Авлигатай тэмцэх газар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг сэжигтнээр тооцож, мэдүүлэх авахаар 16 цагт дуудав. Хэрэв мэдүүлэг өгөхөөр ирэхгүй бол албадан авч явах тухай мэдэгдэх хуудас өгсөн байна. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т мэдүүлэг өгөхөөр очихдоо тэнд цугласан хэвлэлийнхэнд хандан “Өнөөдөр хоёр цагийн үед надад зарлан дуудах хуудас ирлээ, тэгээд би ирж байгаа юм. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлчихсэн чинь ер нь нэлээд үйл явдал өрнөх юм шиг байна. Түүнээс гадна нэвтрүүлэгт ороод Монголын нийгэмд болохгүй байгаа. Түүн дотроо цөөн хүмүүс Таван толгой, Оюутолгой, “Эрдэнэт”, “Саусгоби сэндс” гээд Монголын хамаг баялгийг сорчлоод хөрөнгө мөнгийг завшаад байна гээд хэлчихсэн чинь манай энэ Элбэгдорж, тэдний бүлэглэл амь тавьж байгаа бололтой юм. Цөөхөн хоногийн дотор гурав, дөрвөн эмэгтэй хүнийг шоронд хийлээ. Тэгээд намайг ир гэлээ. Ингээд би ирж байгаа юм. Ер нь манай Ерөнхийлөгчийн бий болгочихсон хууль хяналтын байгууллагын дотор нэг хонгил байдаг гэж би дөрөвдүгээр сард хэлсэн. Тэр хонгил руугаа шахаж оруулах гэж их олон жил оролдож байгаа л даа. Намайг Ерөнхий сайд байхаас эхлээд хэрэг төвөг худал үнэн юм үүсгээд эхэлсэн. Тэгээд манай ойр хавийн хүмүүсийг барьж хийгээд. Одоо тэгээд тэдэнтэй холбогдуулж бас л зохиомол хэрэг рүүгээ оруулж байгаа байх. Энэнд нэг их айж ичээд байх юм байхгүй ээ. Ер нь үнэн хэзээд ялна аа гэж бодож байгаа. Би хоёр юманд их харамсаж байгаа. Намайг эртхэн шиг дуудаж авчраад асуучихгүй заавал ойр хавийнхан Гансүх, Мөнгөнтуяагаас эхлээд олон хүнийг шорон гянданд тарчилгаж хамгийн сүүлд нь төрсөн дүү хамаатнуудыг хүртэл шоронд оруулж тарчлаадаг явдлыг болих хэрэгтэй. Намайг тэр шорондоо хийчихээд тэр хүмүүсийг гаргах цаг нь болчихсон гэж бодоод ирж байгаа юм. Жаахан давчуу зарлан өглөө. Аягүй бол Алтанхуяг нь ирэхгүй гэж шалтаглах байсан байлгүй. Төгсгөлд нь хэлэхэд Элбэгдорж бид нар 1990 оноос эхлээд ардчиллын төлөө явсан. Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой. Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог ийм ардчиллын төлөө би яваагүй ээ. Ийм хоёрхон сонголттой ардчилал Монголд байж болохгүй шүү монголчууд минь ээ. Ер нь бол Элбэгдоржийн үгэнд ч ормооргүй байна. Улс эх орныхоо төлөө зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй тэмцэлдэнэ” гэсэн юм.
Харин энэ үйл явдал өрнөх үеэр Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдсан. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат АТГ-т очсон. Тэрээр “Би өөрийгөө АН-ыг төлөөлөх бүрэн эрхтэй гэж бодож байгаа. АН-ын гишүүний хувьд ч, УИХ-ын гишүүний хувьд, хамтран ажилласан журмын нөхрийн хувьд ч тэр энэ хүний асуудлыг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа. Тиймээс АТГ-т ирж байцаагчтай нь уулзаж Алтанхуягийг ямар үндэслэлээр шалгах гэж байгааг мэдэх хүсэлт тавьсан ч харамсалтай нь хүлээж авсангүй. Энэ ганцхан нэг хүний асуудал биш юм. АН гишүүнээ өмгөөлөх ёстой. Тэр байр суурин дээрээ би асуудлыг тодруулах үүрэгтэй, ийм эрхтэй ч гэж бодож ирсэн” гэсэн юм.
Харин оройн 20 цагийн орчим байцаалт өгчихөөд гарч ирэхдээ хүлээж байсан хэвлэл мэдээллийнхэнд ямар нэгэн юм ярилгүй шууд машиндаа суугаад явсан.
Тэгвэл тэрээр тун саяхан өөрийн пэйж хуудсандаа "Монгол хүн бүрийг ядуу зүдүү амьдруулах сонирхол бүхий шунахай бүлэглэлийн гэмт үйлдлүүдийг олон хүн илчилж байна. Үүнд хорссон бүлэглэл бачуурч, шинэ үеийн хэлмэгдүүлэлтээ эрчимжүүллээ. Эх орноо хайрлах зүрх сэтгэлтэй хүн бүрийг хэлмэгдүүлж хүчрэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Эх орончдоо дэмжээрэй." хэмээн бичжээ.