Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чимээгүй тахлыг чихний хажуугаар өнгөрүүлж болохгүй


Б.МЯГМАРЖАВ

ХДХВ-ын халдвартай  хүмүүсийн сэтгэл эмзэг, тогтворгүй болсон байдаг аж. Иймээс ДОХ-ын халдвар авсан өвчтөнүүдэд эмээс илүү эргэн тойрны хүмүүсийн хандлага, харилцаа, халамж чухал байдаг хэмээн нэгэн өвчтөн хэлсэн. Тэрээр “ХДХВ-ын халдвар авснаа эхлээд гэр бүлийнхэн маань мэдсэн. Тухайн  үед надаас тэд их болгоомжилдог байлаа. Хөрш айлынхан маань манайхаар орохоо больсон. Хүмүүс надтай ойр зогсохоо ч больсон тэр үед би сэтгэлээр маш их унасан. Халдвартай хүмүүсийн амьдрах орчин тав тухтай, эргэн тойрны хүмүүс нь ойлгож, өмнөх шигээ энгийн харилцаад байвал амьдраад л байна. Биднийг ДОХ-ын вирус бус хүмүүс хөнөөдөг. ДОХ-той хүнд хандах нийгмийн хандлага муудвал сэтгэл санаа нь тогтворгүйтэж хүмүүс нь амиа хорлох зэргээр амьдралаа дуусгахыг хүсдэг” хэмээн ярьсан юм.

ХДХB/ДОХ-той хүмүүс удаан амьдрах боломж бий. Гэвч гутаан доромжлол ялгаварлан гадуурхал цаг алдалгүй эмчилгээ авахад саад болсоор байна. Тэднийг айдас түгшүүрээс чөлөөлж тайван амьдрал бэлэглэснээр тэдэнд өвчнийг ялан дийлэх итгэл найдвар, урам, хүч тэнхээг өгөх юм. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр ХДХB/ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ л өдөр тэдэнд  өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх “завшаан” тохиолддог.

Манай улсад ДОХ буюу ХДХВ-ын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш даруй 20 гаруй жил өнгөрчээ. Гэвч тус вирусээр өвчлөгсөд нэмэгдсээр байна. 1992 онд анхны тохиолдол бүртгэгдснээс хойш одоогоор 219 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа аж. Мөн үүн дээр гадаадын 29 иргэний халдвар авсан тохиолдол бүртгэгдээд байгаа гэнэ. ХДХB/ДОХ-ын халдварт өвчинтэй 248 тохиолдол Монголд албан ёсоор бүртгэгдсэн гэсэн үг. Хэдийгээр цаасан дээр  248 хүн халдвар тээж яваа гэж буй боловч, бодит байдалд  ДОХ-ын халдвар тээсэн хэчнээн хүн байгаа гэдэг нь эргэлзээтэй. Өмнө нь, нэг халдвар тээгчийн ард 10-20 хүн байна гэж тооцдог байсан бол одоо ДЭМБ-ын нарийн технологиор тооцоолж буйгаар ДОХ-ын халдвар тээгчдийн тоо 1000 дөхөж явна. Энэ нь тийм ч бага тоо биш.

Эдгээрийг нас болон хүйсээр нь ангилж үзвэл 80 гаруй хувь нь эрэгтэй энэ дотроо 79.8 хувь нь бэлгийн чиг хандлага өөр буюу эрэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрсдэлт зан үйлтэй залуучууд эзэлж байгаа гэсэн судалгааг гаргаад байгаа аж. Харин насны хувьд дийлэнх нь буюу 62 хувийг бэлгийн идэвхитэй нас буюу 25-45  насныхан эзэлж байна.

Эдгээр иргэн юухам юунаас болоод ХДХB/ДОХ халдвар авав гэхээр нийт БЗХӨ их байгаатай холбоотой аж. Энэ нь ХДХВ/ДОХ өртөх магадлалыг өндөрсгөдөг  мөн залуусын буруу дадал зуршил, замбараагүй бэлгийн хавьталд орсноор өвчлөлд өртөж байна. Нийт өвчилсөн иргэдийн 99 хувь нь бэлгийн замаар дамжин халдвар авсан байдаг аж. ХӨСҮТ-ийн сүүлийн үеийн мэдээллээр БЗХӨ-өөр өвчлөгсөд нэмэгдэж байгааг хэллээ. Гэтэл монголчууд ДОХ-ын аюулыг мартаж эхэлж буй нь харамсалтай буйн илрэл. Өнөөдөр хэвийн үзэгдэл мэт хүлээн авах болсон. Гэвч энэ тоон үзүүлэлт нэмэгдсээр байгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Хэдийгээр нийт хүн амын дунд тархал 0.1 хувийн  түвшинд явж байгаа гэдэг нь бага санагдах ч  тайвширч суух цаг биш.

Аливаа нэгэн өвчлөлд өртөх нь өөрийгөө болоод өрөөл бусдыг бие сэтгэлээс гадна санхүүгийн хүнд байдалд оруулдаг. Тухайлбал, ДОХ-ын халдварын үед нэг эмийн өртөг нь 150 мянган төгрөг байдаг. Уг эмийг насан туршдаа уух хэрэгтэй болдог гэнэ. Дээр нь дархлаа сэргээх төрөл бүрийн эм бэлдмэлийг хавсран уудаг байна.  Манай улсад бэлгийн замаар халдах өвчний эсрэг “Глобал сан”-гийн санхүүжилтээр олон төсөл арга хэмжээ хэрэгждэг. “Глобал сан”-гийн хувьд бэлгэвч, бэлгийн замаар халдаж байгаа өвчний үед хэрэглэдэг эм тариануудыг үнэ төлбөргүй олгосоор ирсэн. 2014 оноос эхлэн ХДХВ-ийн эсрэг эмчилгээг бүх халдвартай иргэдэд улсын зардлаар бүрэн санхүүжүүлж, одоогийн байдлаар ХДХВ-ийн халдвартай амьдарч буй нийт иргэдийн  85 хувийг вирусийн эсрэг эмчилгээнд хамруулаад байгаа гэнэ.

ДОХ-ын шинжилгээг өдөрт 700 орчим хүн хийлгэдэг байна. Үйлчлүүлэгч хүсвэл 15-20 минутад шинжилгээний хариуг гаргаж өгөх боломжтой. ХДХВ-ийн шинжилгээг сайн дураар, үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар гэсэн хоёр хэлбэрээр хийдэг. Ихэвчлэн сайн дурын үндсэн дээр авдаг байна. Харин эрүүл мэндийн байгууллагын заавал авах ёстой гэсэн зөвлөгөөгөөр шинжилгээ өгөхийг үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар гэж нэрлэдэг юм байна. Заавал шинжлэх хүмүүст жирэмсэн эмэгтэйчүүд, цусны донор, сүрьеэ болон бэлгийн замын өвчний улмаас оношлуулж байгаа иргэд ордог.

ХӨСҮТ-ийн “Улаан тууз” эмнэлэг дүүргийн эрүүл мэндийн төвийн  БЗХӨ-ий кабинетууд өнөөдөр, маргааш  уртасгасан цагаар ажиллаж, шинжилгээ хийж, зөвлөгөө өгөх юм байна. Энэ жилийн хувьд манай улс ХДХB/ДОХ-ын халдвараас сэргийлэлт та бидний гарт гэсэн уриан дор зохион явуулж байна. Харин дэлхий нийтээр 2020 он гэхэд тархалтыг нэг түвшинд байлгаж чадна гэсэн зорилго тавьжээ. НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн Гүйцэтгэх Захирал Mихел Сидибе  “Яг одоо бол  ДОХ-ын эсрэг эхэлсэн ажлаа дуусгахын төлөө эргэж нэгдэх цаг мөн. Энэ боломжийг ашиглан 2030 он гэхэд нийгмийн эрүүл мэндэд заналхийлсэн ДОХ-ын аюулыг устгахын төлөө яаравчлан ажиллана” гэж гишүүн орнуудад уриалжээ. 2015 оны байдлаар дэлхий дээр 36.7 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна. Үүний 2.1 сая хүн ХДХВ-ын халдвар шинээр авсан бол 17 сая хүн ретровирусийн эсрэг эмчилгээнд хамрагдаж 1.1 сая  хүн ДОХ-ын улмаас нас барсан гэсэн статистик тоон үзүүлэлт гаргажээ.


Д.Байгальмаа: Эрсдэлт зан үйлийг багасгаж өвчлөлийг бууруулна

Дээрх асуудалтай холбогдуулан ХӨСҮТ-ийн ДОХ/БЗХӨ-ий тандалт судалгааны албан их эмч Д.Байгальмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улсад ДОХ/БЗХӨ-ийг оношлох оношлуур багаж, тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байдаг юм бэ. Бусад өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэж байгаатай адил багаж хэрэглэдэг үү?
-ХДХВ/ДОХ шинжилгээг анхан шатны нэгжүүдэд түргэвчилсэн оношлуураар  хийдэг. Дараагийнх нь хоёрдугаар шатлалд тусгай аппаратад орж гуравдугаар шатанд ХӨСҮТ-ийн “Лавлагаа” төв дээр ХДХВ/ДОХ үед илэрдэг уургуудыг молекулын түвшинд шинжилдэг. Эдгээр аргыг дэлхийн дахинд хүлээн зөвшөөрсөн. Лабораторын тоног төхөөрөмжийн хувьд ямар нэгэн асуудалгүй.

-Манай улсын ХДХВ/ДОХ вирусээр өвчилсөн иргэд бусад орны өвчтөнүүдтэй харьцуулахад ямар онцлог шинжтэй байна вэ?
-Нэг их ялгараад байх онцлоггүй. Угаасаа  ХДХВ/ДОХ вирусээр үүсгэгддэг. Манай дээр бүртгэгдсэн тохиолдлуудыг судлаад үзэхэд  эхээс урагт халдсан халдвар бүртгэгдээгүй мөн эмнэлгийн холбогдолтой эм тариатай холбоотойгоор халдвар тархаагүй гэдгээрээ бусад орноос онцлог байгаа.

-Мэргэжлийн хүний зү­гээс зөвлөгөө хүргэхгүй юу?
-Бэлгийн идэвхитэй амьдралтай залуус өөрсдийгөө БЗХӨ-өөс сэргийлэхийн тулд зургаан сар тутам шинжилгээ өгч гэр бүлдээ үнэнч байх хэрэгтэй. Мөн тохиолдлын бэлгийн хавьтлаас сэргийлж залшгүй бэлгийн харьцаанд орох тохиолдолд заавал  бэлгэвч хэрэглэх шаардлагатай. Манай улсад сүүлийн үед уул уурхай хөгжиж байгаатай холбоотой гэр бүлээсээ хол ажиллаж амьдарч байгаа залуус их болсон. Үүний хэрээр БЗХӨ нэмэгдэх хандлагатай байгаа.

-ХДХВ/ДОХ-той тэмцэх талаар олон төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Энэ байгууллагууд танай эмнэлэгтэй хэрхэн хамтран ажилладаг юм бэ?
-ХДХВ/ДОХ болон БЗХӨ-тэй тэмцэх ажил зөвхөн эрүүл мэндийн байгууллагын үүрэг биш. Тиймээс ажилладаг залуучуудын байгууллага болон төрийн бус байгууллага, боловсрлын газартай хамтран ажиллаж байна. Хамтын хүчээр эрсдэлт зан үйлийг багасгаж өвчлөлийг бууруулах зорилготой. Манай улсын хувьд  ХДХВ-ийн халдварын тархалт нийт хүн амын дунд 0.1 хувиас бага байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ангиллаар  халдварын тархалт багатай орон гэж үнэлэгддэг.

0 Сэтгэгдэл
НАРХАН ХОТХОНЫ ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР АМЬТАН БАЙНАА МЭДДЭГ ХҮН БАЙВАЛ ХУВААЛЦААЧ БИ МОНГОЛЫН ИТНЕРНЭТ КОММЕНТООС ХАА САЙГҮЙ ОЛЖ ҮЗЛЭЭ
Хамгийн их уншсан