А.АКЭРКЭ
“Суварган цэнхэр уулс” киноны 40 жилийн ой ирэх оны нэгдүгээр сард тохионо. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэв гуайн зохиолоор Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн гуай найруулсан энэ кино өнөөг хэр нь монголчуудын үзэх дуртай киноны нэг хэвээр байгаа. “Яагаад энэ кино өнөөг хүртэл үзэгчдийн сэтгэлд хүрээд байна вэ гэхээр яг амьдрал дундаас гарсан учраас тэр. Кинонд Пүрэв бид хоёрын анх төлөвлөж бодож явсан зүйл ховор. Үндсэн зохиомжийг нь л бодож олсон байх. Бусад бүх үйл явдал нь амьдра¬лаас урган гарсан. Хоёрдугаарт, тэр кинонд тоглосон цэргүүд бүгд өөрсдөө байгаагаараа тоглосон. Гуравдугаарт, яг тэр байгаа газарт нь зураг авсан. Дэлгэцийн бүтээл гэдэг амьд бодитой байж хүнд илүү хүрдэг” хэмээн Монгол Улсын Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагч хуучилж байсан удаатай.
Хүмүүсийн тэр бүр мэддэггүй, хаалттай сэдэв байсан хилчин дайчдын амьдрал, ажил үйлсийн талаар өгүүлсэн дэлгэцийн уран бүтээлд хэд хэдэн кинонд тоглож, тухайн үеийн залуусын шүтээн болж байсан авьяаслаг залуу жүжигчин Н.Батцэцэг, Ц.Төмөрбаатар, Т.Эрдэнэ-Очир нар гол дүрүүдийг амьдруулж байсан бол өдгөө тэд хийсэн уран бүтээл арвинтай, ард түмэндээ хайрлагдсаар явна. Тухайн үед киноны зургийн 70-80 хувийг Дорнодын Сүмбэрийн отрядын Хэрээ уулын застав дээр, бусдыг нь Баянхошуу, Бурхантын застав болон отрядын төвд авсан байдаг. Ирэх онд тохиох ойгоо тэмдэглэх саналыг нь ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн уриалгахан хүлээж авсан болохоор киноны уран бүтээлчид маань Дорнод аймгийн төв, Сүмбэрийн отряд, застав, Хил хамгаалах 0132 дугаар ангиар зочилж, тухайн үеийнхээ хөгжилтэй дурсамжаас хуваалцжээ. Дурсамж уулзалтад Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг маань тухайн үед кинонд тоглож байсантайгаа ижил хувцсаар гоёж очсон байна. Уулзалтынхаа талаар тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “40 жилийн дараа “Сувраган цэнхэр уулс”-ынхаа хил хязгаарт очоод ирлээ. Хил хязгаарын дархан байдлыг хамгаалдаг хилчид маань ямар чанд сахилга баттай байж чухал үүрэг гүйцэтгэдгийг нүдээрээ үзэв. Хилийн байгууллага гэдэг улс оронд их чухал юм билээ. Бас СГЗ С.Пүрэвийн сайхан зохиолоор АЖ Г.Жигжидсүрэн найруулагч залуу насны ид хаваа үзүүлж хийсэн сайхан бүтээл юм даа хэмээн талархан бодож явлаа” хэмээн өөрт төрсөн сэтгэгдлээ бичжээ.
Мөн “Арын фонны цоолборыг Ариунболд гэдэг залуу хийсэн гэнэ. Хил хязгаарт уран залуус их байх юм аа. Хилчид дайчдын байр дулаахан, цэвэрхэн байлаа. “Хунгийн дуу...хунгийн дуу... “ гэж ХЦДБЧ-ын дуучин Отгонжаргал дуулав. Буйр нуур мөсөн дуулгаа өмсчээ...
Дурсамжит мөчүүдээ бодон эргээр нь жаахан алхав. Энэ мөч бас давтагдашгүй байлаа.20-хон насандаа түүж, тоглож явсан хясаагаа Эрдэнэбат, Бат-Орших нараас бэлгэнд авлаа. Заставын дарга, дэслэгч Цэнд буюу УГЗ Т.Эрдэнэ-Очир маань дуу төрсөн түүхээ ярьж дуулав” хэмээн бичсэн байв.