Н.БАТ
Улаанбаатар хотын худалдааны танхим /UBCC/ “Monthly meeting” уулзалтынхаа зочноор НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарыг урьжээ. Уулзалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй, Монголын эдийн засгийн тулгуур болсон 100 гаруй томоохон компанийн удирдлага ирсэн байв. МСS группийн ерөнхийлөгч Ж.Од, Таванбогд группийн захирал Ц.Баатарсайхан, “Петровис”-ийн захирал Ж.Оюунгэрэл гээд UBCC-гийн гишүүн компанийн захирлууд ирсэн харагдаж байв.
Хотын удирдлагууд ирэх дөрвөн жилд нийслэлийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон төсвөө батлуулахад бэлэн болсон, цаашид нийслэл ямар асуудлууд дээр анхаарч ажиллах тухайгаа бизнес эрхлэгчдэд танилцуулсан юм.
Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгчөөр “MCS” группийн ерөнхийлөгч Ж.Од ажилладаг. ТУЗ-д нь “UFC” группийн захирал О.Амартүвшин, “Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан, “Петровис” группийн захирал Ж.Оюунгэрэл, “Ард санхүүгийн нэгдэл” компанийн захирал Ч.Ганхуяг, “Голомт санхүүгийн нэгдэл” компанийн захирал Л.Болормаа нарын хүн ажилладаг. 100 гаруй компанийг хамарсан томоохон танхим юм. Гол зорилгоо нийслэлийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хөгжлийн бодлого боловсруулахад бизнесийнхний оновчтой санаа, санаачилгыг эрх бүхий байгууллагуудад хүргэх гэж тодорхойлдог. 2015 оны эхээр байгуулагдсан тус танхимын дэргэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бие даасан арбитр ажилладаг юм байна.
Улаанбаатар хотод ирэх жилүүдэд ямар төслүүд хэрэгжих вэ
Нийслэлийн Засаг дарга С.Батболд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд нийслэлийн төр захиргааны байгууллагаас шалтгаалсан ямар ч саад бэрхшээлийг шийдэхэд бэлэн гэдгээ юун түрүүнд амлав. Нийслэлийн хөгжилд чухал шаардлагатай төсөл хөтөлбөрүүд хувийн хэвшлийн оролцоо дэмжлэггүйгээр хөгждөггүй гэдгийг хотын дарга тодотгоод одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд 650 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжиж буй. Жишээ нь “Цэвэр агаар” төсөл гэхэд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр 15 сая ам.доллараар хэрэгжиж байна. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр гээд Азийн Хөгжлийн банк Европын хөгжлийн банкны хамтарсан төсөл бий. 60 гаруй сая ам.доллараар хөрөнгө оруулалттай. Зорилго нь, Улаанбаатар хотыг эсгий хот гэх нэрнээс салгах төсөл. Харамсалтай нь, одоогоор эсгий хот маань улам л тэлээд байна. Энэ төсөл маань Улаанбаатар хотын дэд бүтцийн хангамжийг сайжруулахад чиглэсэн. Нэлээн томоохон ажлууд хийгдсэн. Гэхдээ цаашид энэ ажлуудаа системтэй хийх тал дээр анхаарах ёстой зүйл бас олон байна гэсэн юм.
Цаашдаа нийслэлд хэрэгжих томоохон төслүүдийг хотын дарга танилцуулахдаа хувийн хэвшилд эдгээр төслүүдэд оролцох эрх нээлттэй байгааг илэрхийлэв. Ингээд түүний танилцуулсан төслөөс сонирхуулъя.
Хятадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих дөрвөн том төсөл бэлэн болжээ. Жишээ нь: Улаанбаатар хотын дундуур явж байгаа төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих төсөл. 30,3 сая ам.долларын өртөгтэй. Төслийн тендер зарлагдаад гүйцэтгэгч нь шалгарсан. Хөрөнгө оруулалтаа хүлээж байгаа.
Яармагийн шинэ гүүр барих 3 сая ам.долларын төсөл үүний нэг юм.
Өөр нэг чухал төсөл бол нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх 4 том хэсэгтэй төсөл. Энэ төслийн хамгийн чухал ач холбогдол нь Улаанбаатар хотод саадгүй зорчих нийтийн тээврийн шугамыг бий болгох аж.
Улаанбаатар хотын гурван дүүргийг төвтэй холбодог зүүн тийшээ гарсан замыг шинэчлэх төсөл /Налайхын замын засвар шинэчлэлт/ Мөн Австрийн 7 сая еврогийн төсөл орж ирэхээр болсон аж.. Энэ бүх төслийн хүрээнд хийгдэх ажлууд 2018 он гэхэд хэрэгжиж дуусахаар төлөвлөгдсөн юм.
2017 оноос АНУ-ын Мянганы сорилын сангаас хоёр том төсөл хэрэгжүүлэхээр судалгааны шатандаа ажилллаж байгаа гэв. Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах тэр тусмаа гэр хорооллын усны хэрэглээг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр томоохон судалгааны ажлууд хийгдсэн байна. Гол нь Улаанбаатар хотын хэрэглээний усыг цэвэршүүлж, саарал усыг цахилгаан станцууд ашиглах технологи нэвтрүүлэх судалгааг хийжээ. Улаанбаатар хотын газрын гүнээс авсан маш үнэтэй цэвэр усны 20 хувийг ДЦС-ууд нь ашигладаг.
Хамгийн чухал төсөл бол мэдээж цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах. Хотын захиргааны зүгээс Засгийн газарт концессын гэрээгээр энэ төслийг хэрэгжүүлдгээрээ хэрэгжүүлээч гэсэн хүсэлт тавьжээ. Улаанбаатар хот бие даагаад хуучин цэвэрлэх байгууламж дээрээ технологийн шинэчлэл хийх асуудлыг хариуцахаар санал оруулсан гэнэ. 2017 оноос энэ төслийг хэрэгжүүлэх шаардлага бий.
Ер нь, аар саархан төслөөс илүүтэйгээр Улаанбаатарчуудын ирээдүйн эрх ашгийн төлөөх томоохон төслүүдээ шийдэх боломжийг маш сайн эрэлхийлэх ёстой гэсэн бодолтой байгаа гэдгээ С.Батболд дарга илэрхийлээд бизнесийнхэнтэй энэ бүхэн дээр хамтарч ажиллах болно гэлээ.
Хотын эрхзүйн байдлын тухай хуулийг Засгийн газраар хэлэлцүүлнэ
Мөн хотын эрхзүйн байдлыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгааг хэлээд “Хотын эрхзүйн байдлын тухай хуулийг боловсруулж, Засгийн газарт оруулсан. Маргаашийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон. Энд хотын татвар, статус, эдийн засаг гэсэн гурван том концевц тусгасан байгаа. Засгийн газар хэлэлцээд саналаа нэмэх байх. Эхлээд хуулиа шийдэхгүйгээр Улаанбаатарын хөгжлийн талаар ярих хэцүү. Улаанбаатар хотын төлөөлсөн 28 гишүүн маань хотын эрх ашгийн төлөө шийдвэр гаргах байх гэж бодож байна” гэсэн юм.
Хотын төсвийн 600 тэрбум төгрөгөөр бүх асуудлаа шийднэ гэж байхгүй хэмээн хэлсэн түүний үгтэй хүн бүр санал нэгдэнэ. Монгол Улсын хүн амын 40 хувь нь амьдарч, нийт аж ахуйн нэгжүүдийн 70 хувь нь үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар хотын хөгжилд хүн бүрийн үүрэг оролцоо чухал байх нь дамжиггүй.
Бизнесийнхэн НИТХ-ын дарга Ц.Сандуй, хотын дарга С.Батболд нарт өөрсдийн шинэ төсөл хөтөлбөр, ажлаасаа танилцуулсан юм.
“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Улаанбаатар хотын утааг багасгах ямар боломж байгаа талаар өөрсдийн хийсэн төслөө танилцууллаа. Тэрээр “Өнөөдрийн байгаа боломжиндоо тулгуурлаж утаатай тэмцэх арга бол орон сууцжуулах. Хямралтай байгаа ч гэсэн дотроосоо эх үүсвэр бий болгож асуудлыг шийдье. Бид 5 жилийн дотор 80 мянган айлыг моргейжид хамрууллаа. Гэтэл гэр хороолол маань 170 мянгаас 220 мянган айл болоод өссөн байна. Тэгэхээр бэлэн байгаа байшиндаа орон сууцанд орьё гэж хүссэн хүмүүсээ оруулъя. Банкууд, барилгын компаниудаа цуглуулаад бэлэн байгаа 30 мянган байрандаа гэр хорооллын иргэддээ байр авах эрхийг нь нээж зээлээр өгье. Банкууд дээр барилгын чанаргүй зээл байхын оронд тэрийгээ зээл болгоод иргэнд өгчихвөл бусдаас мөнгө гуйж, хэвлэлгүй эх үүсвэрээ өөрсдөө бий болгоод зээлээ өгнө. Урьдчилгаа төлбөрт өгч байгаа газрыг нь харин бодлогоор цуглуулж, хөгжлийн шинэ хөтөлбөр гаргая. Микро хот гэсэн хөтөлбөр хэрэгжүүлье” гэх зэрэг санал тавив.
Автозамын битумын борлуулалт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Битумина” үйлдвэрийн франчайзийг Монголд оруулж ирээд буй шинэ үйлдвэрийг төлөөлж Ганшагай өөрийн үйлдвэрийн технологийг танилцуулж, өнөөдрийн хэрэглэж байгаа битумын үнийг 2 дахин бууруулах боломж байгааг дуулгасан.
Бизнес эрхлэгчид Улаанбаатар хотын удирдлагуудтай өөрсдийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлаар санал бодлоо хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.