Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын худалдааны танхимынхантай уулзалт хийлээ


Нийслэл хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 44100 бий. Эдгээр аж ахуйн нэгжийн төлөөллийг эгнээндээ нэгтгэсэн Улаанбаатар хотын Худалдааны танхимын бизнес эрхлэгчидтэй нийслэлийн Засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нар уулзлаа. Улаанбаатар хотын худалдааны танхимыг өмнө нь “М-Си-Эс” группын ерөнхийлөгч Ж.Од ахлан ажилласан бол энэ жил “Петровис” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оюунгэрэл удирдан ажиллаж байгаа юм. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн гишүүнчлэлтэй энэхүү танхим нь дэргэдээ арбитрын шүүгчтэй болж байгаагаас гадна хөрөнгө оруулалтын форум, худалдан авалтын форумыг зохион байгуулсан аж. Мөн хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх Улаанбаатар хотын корпорацийг байгуулсан байна.

Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, тэднийг дэмжих, санал санаачилгыг нь ажил хэрэг болгоход бэлэн байгаагаа энэхүү уулзалтын үеэр хэлж байлаа. НИТХ-ын дарга Ц.Сандуй үг хэллээ.

НИТХ-ын дарга Ц.Сандуй: Бид бизнесийнхэн хувийн хэвшлийнхнийг дэмжиж ажиллана

-Бид сахилга хариуцлагыг шинэ шатанд гаргах, хотын менежментийг сайжруулах зэргээс ажлаа эхлүүлж байна. Энэ дөрвөн жил бидний хийх гол ажил бол эрх зүйн шинэчлэл юм. Хот бие даасан статустай болох, бие дааж ажиллах боломжоор хангахын төлөө ИТХ ажиллах болно. Хэд хэдэн багц хуулиудад ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий гэж харж байгаа юм. Монгол Улсын хөгжлийн гарц бол хотын хөгжил юм. Иймд Монголд хотууд хөгжих эрх зүйн байдлыг хангах учиртай. Мөн бид хотын төвлөрлийг давуу тал болгох ёстой. Хувийн хэвшлийнхэн бизнес эрхлэгчид зөв менежментээр ажиллаж чаддаг. Тиймээс бид бизнес хувийн хэвшлийнхний төслийг дэмжиж, гадаадын төсөл хөтөлбөрүүдэд хамруулан ажиллах болно.

Су.Батболд: Улаанбаатар хот хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах суурь нь “Улаанбаатар худалдааны танхим” болно

Улаанбаатар хотын дарга бөгөөд Нийслэлийн Засаг дарга Су.Батболдоос зарим асуултад хариулт авсан юм.

-Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сүүлийн үед эрчимжиж байгаа. Үүний нэгэн адилаар Улаанбаатар хот хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллахаа мэдэгдэж, “Улаанбаатар худалдааны танхим”-ын гишүүдийн уулзалтыг хийж байна гэж ойлгож болох уу?
-Хууль тогтоомжоос эхлээд төрийн албаны хүнд суртал, шүүхээр асуудлаа шийдэх хүртэл маш олон асуудал бизнес эрхлэгчдийн өмнө тулгамддаг. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж компаниудын өмнө тулгамддаг дээрх асуудлыг шийдэхийн тулд Улаанбаатар хотын худалдааны тахимтай хамтран олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Үүний нэг нь арбитрын шүүх байгуулж, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хооронд гарсан маргааныг зөвхөн түүгээр шийдвэрлүүлэх. Ингэснээр шүүхийн шатанд гардаг хүнд суртал үгүй болж, бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл үүснэ гэж үзэж байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэл гээд ярихаар концессын буюу эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээ л яригдах нь бий. Тэгвэл Улаанбаатар хот хувийн хэвшлийнхэнтэй арай өөрөөр түншлэх гарцыг хайж байна. Тэр нь гадны төсөл хөтөлбөрүүдийг дотоодын хөрөнгө оруулалттай тэр дундаа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг компаниудаар хариуцуулан хийлгэх юм. Би сая ойрын хугацаанд Улаанбаатар хотын зүгээс хэрэгжүүлэх хэд хэдэн томоохон төслийг танхимын гишүүдэд танилцуулсан. Санхүүжилтийн асуудлыг гадны хөрөнгө оруулалтаар шийдэх учир санаа, оноогоо уралдуулж, төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллахыг санал болгосон. Бидний цаашдын ажил амжилттай өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар хот хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах суурь нь “Улаанбаатар худалдааны танхим” болно

-Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүн байгууллага байснаар энэ бүх үүд хаалга нээгдэнэ гэж ойлгож болох уу. Бусад байгууллагатай харьцуулахад давуу тал нь юу байх вэ?
-Хэрэв арбитрын шүүхээ бид хүчтэй болгож, бизнесийн маргааныг арбитрын аргаар зохицуулж чадах юм бол манай худалдааны танхимын гишүүн байгууллагууд илүү давуу эрх эдлэх боломжтой болно. Тэгэхээр Улаанбаатар хотын худалдааны танхим нэлээд хүчирхэг байгууллага болно гэсэн үг.

М.Болор

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан