Хүнд даацын автомашинууд нийтийн хэрэгцээний авто замыг ихээр эвдэж, тэр хэрээрээ адлагдах болсон. Тэгвэл тэдний хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаар тогтоох үүднээс одоогийн цагаан дэвсгэртэй улсын дугаарыг нь хурааж, оронд нь “Технологийн дугаар” буюу ногоон дэвсгэртэй улсын дугаар олгохоор болжээ. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга С.Батболдтой ярилцлаа.
-Хүнд даацын автомашинуудад технологийн дугаар олгоно гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Хүнд даацын автомашинууд нийтийн хэрэгцээний авто замыг ихээр эвдэж байна гэсэн гомдол шүүмжлэл их гарах болсон. Энэ дагуу өнгөрсөн гуравдугаар сараас хойш тэдний хөдөлгөөнийг хорих, тэвшийг нь тайруулах гэхчлэн олон арга хэмжээ авсан. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа MNS 45982011 тээврийн хэрэгслийн ерөнхий шаардлага гэх стандартад нийтийн хэрэгцээний замаар явах автомашины жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тодорхой заасан байдаг. Гэтэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэнг нь яах вэ гэсэн асуулт тавигдах болсон л доо. Гаалиар орж ирэхийг нь зогсоох тухай санал ч хүртэл гарч байсан ч, бүтээн байгуулалтаа бодохоор хүнд даацын автомашинуудыг хориглох ямар ч аргагүй. Тиймээс хүнд даацын автомашинуудыг хорих бус харин хязгаартай, хяналттай хөдөлгөөнд оролцуулах үүднээс Технологийн дугаар буюу ногоон дэвсгэртэй улсын дугаар олгоё гэсэн шийдвэрт хүрсэн л дээ.
-Улсын дугаар олгох гэж буй ногоон дугаартай машинуудын хөдөлгөөнд оролцох эрх нь ямар ялгаатай байх юм бэ?
-Цагаан дэвсгэр бүхий улсын дугаартай автомашин стандартаас хэтрээгүй учраас нийтийн хэрэгцээний авто замаар хөдөлгөөнд урьдын адил оролцоно. Харин зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан жин бүхий технологийн дугаартай автомашин нь нийтийн эзэмшлийн замаар хөдөлгөөнд оролцохгүй. Зөвхөн тухайн уул уурхай, аж ахуйн нэгжийн өөрийн эзэмшлийн талбайд эсвэл батлагдсан /нүүрс зөөх гэх мэт/ тээврийн маршрутаар хөдөлгөөнд оролцож болохоор зохицуулалт хийнэ гэж шийдсэн. Мэдээж, нэг уурхайгаас нөгөө рүү шилжих шаардлага гарах эсвэл зам барилгын ажил явуулах гэхчлэн нийтийн хэрэгцээний замаар явах зайлшгүй шаардлага гарна. Таг хорьж болохгүйгээс хойш энэ мэт гарцаагүй тохиолдолд хүнд даацын автомашин Замын цагдаагийн газраас зөвшөөрөл авч нийтийн хэрэгцээний замаар хөдөлгөөнд оролцож болно.
-Технологийн дугаарыг яагаад ногоон дэвсгэртэй байхаар шийдсэн юм бэ?
-Цагаан дээрээ үсэг нь өөр байвал яасан юм бэ гэхчлэн олон санал гарсан л даа. Харин хяналт тавих байгууллагын зүгээс өнгөөр ялгах санаа дэвшүүлсэн. Улсын дугаарын өнгө өөр байх нь хяналт тавихад дөхөм болно гэж үзсэн. Нарны зам дээр ногоон дугаартай машин ороод ирлээ гэхэд явах ёсгүй машин яагаад ороод ирэв гээд шалгана. Хэрэв бүгд адилхан цагаан дугаартайгаа байх юм бол ачааны машин бүрийг зогсоож шалгах хэрэг гарна шүү дээ. Бид бусад улс орны жишгийг ч судалж үзсэн. Ингэхэд улсын дугаар гэдэг нь зөвхөн машинд зүүдэг төмөр биш хяналт зохицуулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг болох нь харагдсан. Жишээ нь, зарим улсад автомашины улсын дугаар дээр нь чип суулгаж, хаана явааг нь бүртгэдэг болсон байна шүү дээ.
-Технологийн дугаарыг хэдийнээс олгож эхлэх вэ?
-Технологийн дугаар олгох болсонтой холбоотойгоор Улсын дугаарын стандартад өөрчлөлт орж, Стандартын үндэсний зөвлөлийн тогтоол гарсан. Ийм дугаарыг хэнд олгох вэ гэдгийг заасан эрх зүйн зохицуулалт байхгүй л дээ. Тиймээс ЗТБХБ-ын сайдын баталсан Улсын дугаар олгох бүртгэл хөтлөх журамд өөрчлөлт оруулуулахаар төслөө яам руу явуулсан байгаа. Нийтээр дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт орж байгаа учраас ХЗЯ бүртгэх ёстой. Үүний дараа хэрэгжих асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, журмаа хүлээж байна. Удахгүй олгож эхлэх байх.
-Эл дугаарыг авах хэр олон автомашин байгаа бол?
-Нүүрс зөөдөг машины олонхи нь стандартаас хэтэрсэн байдаг. Ийм машин гэхэд 5000-6000 орчим бий. Манайх бүх жинг бүртгэдэггүй учраас нарийн тоо гаргаж чадаагүй байна. Ямар ч байсан урьдчилан тооцсноор 6000 машины дугаар солигдохоор байна. Шинээр орж ирж буй машины тухайд гаалийн бичиг, техникийн паспортыг нь үндэслэн дугаар олгоно.
-Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн автомашиныг нийтийн хэрэгцээний замаар явуулахгүй гээд тусад нь дугаар олгоод гаргадаг юм байж. Гэтэл зөвшөөрөгдсөн хэмжээний жинтэй хэрнээ даацаа хэтрүүлэн ачаад зам эвдээд байдаг шүү дээ?
-Энэ асуудлыг зохицуулахын тулд өнгөрсөн жил Авто тээврийн газраас таван зам дээр хяналтын жин байрлуулахаар болсон. Ажлын хөрөнгө нь төсөвт суугдсан. Тендер зарлаж дүгнэсэн. Аравдугаар сар гэхэд тавина гэж тооцож байгаа. Хяналтын жинг байрлуулбал автомашины нэг тэнхлэгт тохогдох ачаалал хэтэрсэн байна уу, үгүй юу гэдгийг хянах боломжтой болно.
-Хүнд даацын автомашинд технологийн дугаар олгохоос гадна газаар явдаг автомашинд “Эко” дугаар олгоно гэх сураг сонсдсон. Энэ тухайд?
-Нэгэнт технологийн дугаарыг ногоон дэвсгэртэй байлгана гээд стандарт баталсан хойно БОАЖЯ-наас “Эко” дугаарын тухай санал орж ирсэн л дээ. Бусад улс орон яадгийг судалж үзэхэд агаар орчинг бохирдуулдаггүй автомашиныг дэмждэг улс олон байна. Ингэхдээ ногоон дэвсгэртэй номер олгоод байдаггүй юм байна.Салхины шилэн дээр нь ч юм уу “Эко”тэмдэг нааж өгдөг. Ийм тэмдэгтэй бол хотын төв рүү нэвтэрдэг байх жишээтэй.
-Тэгэхээр “Эко” дугаар гэж олгохгүй гэсэн үг үү?
-Бидэнд бодож байгаа зүйл бий. Агаарын бохирдлын хуульд зааснаар нэг километр явахад машины утаанаас нь 120 милограмм хорт бодис ялгарч байвал агаар бохирдуулсны татвар төлөх ёстой гэж байдаг. Тэгэхээр жил бүрийн автомашины үзлэг оношилгооны үеэр өгдөг техник хяналтын наалтыг ялгаатай болгож, өөрчлөхөөр ярилцсан. Үнэхээр бага утаа ялгаруулдаг, хий эсвэл цахилгаан хөдөлгүүртэй машины техник хяналтын наалтыг нь ногоон болгоод өгье.
Ийм наалттай машин агаар бохирдуулсны татвараас чөлөөлөгдөнө. Манай улсад бензин болон хийн хосолмол хөдөлгүүртэй автомашин олон байдаг. Тэд “Эко” дугаар авчихаад бензинээр яваад байвал яах вэ. Мөн машин ашиглагдах тусмаа элэгдэл хорогдолд орж, хорт утаа ялгаруулах нь нэмэгддэг. “Эко” дугаартай машин их утаа ялгаруулдаг болбол өнөө улсын дугаараа солих шаардлага гарна. Мэдээж, нэгэнт олгосон улсын дугаарыг байнга солиод байж болохгүй. Тиймээс дугаарын оронд нь наалт өгөөд, тэр нь солигдож байсан ч хялбар шүү дээ.
-“Эко” наалтыг энэ жил олгох уу?
-Жил бүрийн зургаа, долдугаар сард ирэх жилийн оношилгоонд орох машинуудад ямар загвартай, ямар бичилттэй техник хяналтын гэрчилгээ олгох вэ гэдгийг Авто тээврийн газрын дарга баталдаг. Бид батлуулахаар төслөө хийж байна. Батлагдвал он гараад хэрэгжинэ.