Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Тэмүүжин: Станцын хаягдал үнсээр бетоон зуурмаг хийнэ

Шинжлэх ухааны академийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн материал судлал, технологийн лабораторын академич Ж.Тэмүүжинтэй ярилцлаа.  

-Та Монголын түүхэнд хамгийн залуухан академич болсон хүн. Энэ талаар ярилцлагаа эхлүүлбэл ямар вэ?
-Уг нь, шинжлэх ухааны докторын /ScD/ зэрэг авсан хүн хэдэн жил ажилласны дараа академич цол авдаг байсан юм. Харин хэдэн жилийн өмнө БСШУЯ-наас академичдыг залуужуулах төсөл хэрэгжүүлээд квот тогтоосон хэрэг. Тухайн үед олон доктор /PhD/ материалаа ирүүлж өрсөлдсөн. Тэгэхэд би академич болох бүх шаардлагыг нь хангасан ч ажилласан жил маань хүрдэггүй байв. Гэхдээ дээрх квотод нь багтаж чадсан болохоор шууд л академич цол авсан.

-Ингэхэд та хаана боловсрол эзэмшсэн юм бэ?
-1991 онд хуучнаар ЗХУ-ын Киев хотын Политехникийн дээд сургуулийг химийн технологич мэргэжлээр төгсч ирээд хүрээлэндээ ажилласан. Хүрээлэнд ажиллаж эхэлснээс хойш 20-иод жил өнгөрчээ.  

-Гадаадад бэлтгэгдээд ирсэн боловсон хүчин анх ямар судалгаан дээр ажиллаж байсан нь сонирхол татаж байна. Маш их туршлага хуримтлуулсан байх даа?
-Нүүрсний түүхий эдийг ашиглан, 400 вольт хүр­тэлх хүчдэлд ажилладаг ца­хилгаан тусгаарлах материал үйлдвэрлэх боломж юу байна гэдэг чиглэлээр судал­гаа хийдэг төсөлд ажилласан. Энэ ажлынхаа хүрээнд Говь-Алтай аймгийн магнезитын хүдэр, үйлдвэрийн хаягдал болон шаварлаг эрдсийг ашиглан нам хүчдэлийн цахилгаан тусгаарлах материал үйлдвэрлэх боломж хайж, судалгаа хийсэн. Энэ бүхний эцэст манайд байгаа түүхий эд шаардлага хангах юм байна гэсэн дүгнэлт гаргасан. Ер нь, судалгааныхаа чиглэлээр олон жил гадаадад ажилласан юм байна шүү.

-Шинжлэх ухааны докторын зэргийг нэлээд эрт авсан гэсэн. Ямар судалгаагаар энэхүү зэргээ хамгаалж байв?
-“Нано бүтэцтэй органик биш материалыг жолоодлоготойгоор гарган авах хими-технологийн судалгаа” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Харин сүүлийн үед гадаадад хийсэн ажил гэвэл механохимийн технологи, нанотехнологи мөн Монголынхоо эрдэс баялгаар илүү өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж юу байна вэ гэдэг дээр судалгаа хийсэн. Дээжээ Монголоос авч яваад гадаадад судалгааныхаа ажлыг хийсэн гэх үү дээ.  

-Та гадаадад нанотех­нологийн чиглэлээр ажил­лаж байсан гэлээ. Сүүлийн үед манайд ч их ярих болж. Гэхдээ мэддэгээсээ мэдэхгүй хүн олон. Мэргэжлийн хүний хувьд үүнд хариулт өгөхгүй юү?
-Нано хэмжээсийг хүний үсний нэг ширхгийг тавь, жаран мянга хуваасны нэгтэй тэнцэх тийм жижиг зүйл гэж адилтгасан байдаг. Дунджаар аваад үзвэл 10 атомтой тэнцэх тийм бага хэмжээс гэж ойлгож болно. Гэхдээ нэг нано метрийн хэмжээсийг нанотехнологи гэж авч үздэггүй. Нанотехнологи гэдэг нь маш олон юмыг агуулсан байдаг. Тодорхойлолт нь ч олон янз. Атом, молекулын төвшинд хүссэн шинж чанараараа гаргаж чадах, бий болгохыг оролдож байгаа технологи юм. Гэсэн хэдий ч үйлдвэр, практикт нанотехнологийг өргөн хэрэглээгүй л байна. Дотроо наноэлектроник, анагаах ухаан, нано боловсрол гээд олон чиглэлтэй. Наноэлект-роникийн эд анги практикт харьцангуй хэрэглэгдэж буй. Компьютерийн чип, эд анги гээд нэрлэж болно.  

-БСШУЯ-наас залуу эрдэмтдэд олгодог “Грант” шагналыг хамгийн анх та авч байсан.  Ямар бүтээлээр авч байснаа манай уншигчдад сонирхуулж болох уу?
-Цахилгаан станцаас гардаг хаягдал нүүрсний үнсэнд агуулагддаг циолит гэдэг бодис байдаг юм. Түүнийг нийлэгжүүлж аваад, түүгээрээ янз бүрийн бохир усыг шүүх боломжийг олоход чиглэсэн судалгааны ажлаараа анхны зургаан Грантын шагналын нэгийг нь авч байлаа. Энэ ажил маань хэд хэдэн давуу талтай.
Цахилгаан станцын хаягдал үнсийг устай холиод “Үнсэн бассейн” гэж нэрлэдэг том төмөр саванд хадгалдаг. Хэдэн жилийн дараа ус нь ууршаад хуурай үнсээрээ дүүрээд ирэхээр түүнийг нь газарт хөрсжүүлээд булдаг юм. Харамсалтай нь, тэр газрыг дахин ашиглах боломжгүй болдог. Гуравдугаар цахилгаан станцаас жилд дунджаар 100 мянга орчим тонн, хоёрдугаар цахилгаан станцаас 250-300 мянга орчим тонн, дөрөвдүгээр цахилгаан станц 200-300 мянга орчим тонн хаягдал үнс гардаг. Ийм их үнсийг ашиглан ашигтай эрдэс бодис гаргаж аваад, түүгээрээ бохир усыг цэвэршүүлбэл хоёр давуу тал гарч ирэх юм.

-Грантын хугацаа энэ онд дуусч байгаа байх аа. Өнгөрсөн хугацаанд судалгааны ажлаа олонд хэр таниулж чадсан бэ?
-Грант авсан судалгааны ажлаа гүнзгийрүүлж судлаад Орост, Хятадад болсон эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж байсан. Удахгүй Азийн эрдэм шинжилгээний хурал Сингапурт болно. Энэ хуралд судалгааны ажлынхаа үр дүнгээр илтгэл тавина.

-Дээрх судалгааны ажлаар үйлдвэр байгуулах боломж бий болов уу?
-Үйлдвэр байгуулах хүндрэлтэй л дээ. Учир нь, лаборатороос авахуулаад химийн нөхцөлд хийх ажил ихтэй болохоор жижиг химийн үйлдвэр байгуулах хэрэг гарна. Нөгөө үнсээ нийлэгжүүлэхийн тулд шүлт хэрэглэнэ. Ингээд бодохоор дурын нэг үйлдвэрт хийх нь хэцүү л дээ.

-Уг нь, таны энэ судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлбэл их ашигтай юм шиг санагдаж байна. Сүүлийн үед цэвэр усны нөөц багасч байна шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Ялангуяа арьс ширний үйлдвэрүүд зургаан валленттай хром агуулсан ус хэрэглэдэг байсан. Нөгөө нийлэгжүүлээд гаргаж авсан циолитоороо тийм усыг л цэвэршүүлэх судалгаа хийж байсан юм. Харин сүүлийн үед арьс ширний үйлдвэрүүдийн хэрэглэсэн усан дахь хромын хэмжээ багассан. Зургаан валлент бол хамгийн хортой гэсэн үг. Гэхдээ хромоос өөр олон хүнд металлыг миний судалгааны үр дүнд гаргаж авсан циолитоор шүүж болно.

-Докторын зэрэг авахаас өмнөх шатны залуу судлаачдад өгдөг тэтгэлэгт таны бэлтгэсэн залуус их хамрагддаг гэж сонссон?
-Манай Хими, Хими-Технологийн хүрээлэнгээс олон залуу өөрийн тань хэлж буй тэтгэлэгт хамрагддаг л даа. Манай салбар байгаль дээрх элементүүдээр хэрхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэсэн судалгааг их хийдэг. Бүтээгдэхүүн гарган авах судалгаандаа түшиглэн ажилладаг болохоор идэвхтэй оролцдог гэж хэлж болно.

-Улаанбаатар хотын нэг том асуудал бол утаа. Утаатай олон аргаар ч тэмцэж байна. Таныг ч бас өөрийнхөө аргыг боловсруулсан тухай сонсч байсан. Юугаараа ялгаатай юм бэ?
-Агаарын бохирдлыг багасгах маш олон санал, санаачилга гардаг. Тэр дунд нүүрс коксжуулах санал байсан. Яагаад нүүрсийг ингэж их онцлоод байна вэ гэхээр хүхэр ихтэй. Шатах явцад тэр нь хүхэрлэг хий болж, дэгдээд хүний биед хортой нөлөө үзүүлдэг гэж үздэг. Үүнээс гадна агаарын бохирдол хүчлийн бороо бий болоход нөлөөлдөг гэдгийг манайхан орхиод байдаг гэмтэй. Бас нүүрсээ боловсруулж, коксжуулаад түлшинд хэрэглэнэ гэсэн санал байсан. Үүний тулд зориулалтын технологиор, тусгай үйлдвэрт нүүрсээ 500-700 градуст халаагаад, хортой хийг нь авч, үлдсэн хагас коксыг нь түлшинд хэрэглэх учиртай. Тэгэхээр хортой хийг нь гадагш гаргалгүй авч үлдэх зориулалтын үйлдвэр байх хэрэгтэй юм байна гэсэн судалгааг хийсэн. Ер нь, агаарын бохирдлыг багасгах, нүүрс бага түлэх хямд арга бол дулаанаа аль болох удаан хадгалах. Би Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн хаягдал тоос болон төмрийн хүдрийг ашиглаад дулаанаа удаан барьдаг материал гаргаж авсан. Агаарын бохирдлыг багасгах мастер төлөвлөгөөнд бохирдлыг багасгах хямд арга нь дулааныг хадгалах гэдэг санаа орж ирээгүй байгаа.

-Таны энэ судалгааны ажил үйлдвэрлэлд нэвтэрсэн үү. Хэрэглэх түүхий эд нь хаягдал юм чинь боломжтой юм биш үү?
-Үйлдвэрлэлд нэвтрээгүй ээ. Харамсалтай нь, манайд бүх юм тус тусдаа байдгаас хэн, хаана, юу хийж байгааг мэдэх боломжгүй байна. Эрдэмтэд энд тусдаа судалгаа шинжилгээ хийгээд л байдаг, бизнесийнхэн түүнийг нь мэддэггүй. 

-Сүүлийн үед хийж байгаа судалгааны ажлыг тань сонирхож болох уу?
-Ерөнхийдөө нөгөө л Грант авсан нүүрсний үнсээ л судалж байгаа. Нүүрсний үнсийг ашиглаад геополимер бетон үйлдвэрлэх боломжтой юм. Байгальд хор нөлөө үзүүлэх нь бага эдийн засагт ч хэмнэлттэй. Нэг тонн цемент үйлдвэрлэхэд нэг тонн нүүрс хүчлийн хийг ялгаруулдаг. Тэгвэл шатаагдсан үнсийг дахин шатаахад ямар ч хий ялгарахгүй.
Түүнийг шатаагаад геополимер бетон гаргаж болно. Энэ нь цементнээс хоёр дахин даацтай бетон болох бөгөөд хоёр дахин бага өртөгтэй болох юм. Мөн Эрдэнэтийн үйлдвэрийн хаягдал цагаан шороог геополимерийн үйлдвэрлэлд ашиглах боломжтой.

0 Сэтгэгдэл
хуурамч амьтан хичнээн хүн үнсэн дэх цацраг идэвхит бодисоор хордох нь часд хамаагүй байх даа
Хамгийн их уншсан