Бидний хэлж заншснаар 100 айл дахь барилгын материалын дэлгүүрүүдээр орж үнэ ханш сонирхлоо. Дулааны улирал ирсэнтэй холбогдуулан айл бүр дор бүрнээ л засвар хийж байгаа бололтой. Дүүжин, лампиран таазны аль нь зүгээр вэ, ямар эмульс, обой сайн бэ, Гурвалжингийн гүүрний барилгын дэлгүүртэй харьцуулбал эндэх материалын үнэ хямдхан байж чадах уу гээд л хаа сайгүй асуулт тасралтгүй хөвөрнө. Орос эмульсээр хэдэн метр квадрат будаж болох вэ, зурагддаггүй, усны хамгаалалттай паркетан шал аль нь вэ гээд л хүн бүрт мэдэхгүй зүйл их байгаа нь илэрхий. Харин худалдагч нар хүмүүсийн ийн мэдлэггүй байгаад ихэд залхсан янзтай дуугарч ядна.
Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад барилгын материалын үнэ хоёр дахин нэмэгдсэн нь энүүхэнд. Худалдаачдын хэлж буйгаар үнийн өсөлтийн гол шалтгаан нь юаны ханш нэмэгдсэн, Хятад дахь нийлүүлэгчид нь өндөр үнэ хэлэх болсон гэсэн хариултыг өглөө. Нэг зүйлийг анзаарч байхад барилгын материалыг зөвхөн урд хөршөөс нийлүүлэхээ больжээ. Обой, эмульс гэхэд ОХУ, БНСУ, Турк, Украйн гэхчлэн сонголт ихтэй. Үнийн хувьд өндөр хэдий ч хүмүүсийн хувьд дээрх улсуудын бүтээгдэхүүнд гар татдаггүй гэнэ.
Хятад гэсэн шошготой бүтээгдэхүүний борлуулалт багасч буй гэдгийг ч худалдаачид онцолж байлаа. Барилгын үнэ нэмэгдээгүй байхад “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн дуулианаар орон сууцны ам.метр квадратын үнэ огцом өссөн. Харин өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэхүү бодит өртөг орон сууцтай болохоор тэмүүлж буй иргэдийн нуруунд ачаа үүрүүлэх нь тодорхой.
Красноярск өнгөлгөөний тоосго хамгийн өндөр үнэтэй
Аль хэдийнэ 30.000 төгрөг давсан палкны үнийг дийлэхээ больсон иргэд голдуу тоосго, янз бүрийн блокоор орон сууц барих болсон. Орон сууцны хамгийн гол зүйл нь гадна талын материал байдаг. 2011 онд 110-125 төгрөгөөр үнэлэгдэж байсан тоосго энэ хавар 350 төгрөг хүрч, өнөөдрийн байдлаар 300-315 төгрөгийн үнэ ханштай байна. Жил бүрийн хавар, намар 15-30 төгрөгөөр нэмэгддэг байсан тоосго 200-гаас дээш төгрөгөөр нэмэгджээ. Арга ч үгүй биз дээ.
Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 33 тоосгоны үйлдвэрийн нэг нь монгол, хоёр нь казахстан, үлдсэн нь хятадууд байгаа учраас. Хятадуудын үнийн бодлогоор барилгын салбарын зах зээлд тоосго ийнхүү өндөр үнээр нийлүүлэгдэж байна. Өнгөрсөн намар 150 төгрөг байсан өнгөлгөөний тоосго дээд тал нь 600 төгрөгт хүрчээ. Бэл бэнчинтэй нэг нь Монголд үйлдвэрлэснийг бус харь орноос импортлохыг илүүд үздэг гэнэ. Нэг ам.метр квадрат талбайд 40 ширхэг ордог Бээжинд үйлдвэрлэсэн өнгөлгөөний тоосго 900-1200 төгрөгийн үнэтэй байх юм. Хаа холын ОХУ-ын Красноярск тээвэрлэдэг өнгөлгөөний шар тоосго 1450 төгрөг бол улаан өнгөтэй нь 1110 төгрөг байх жишээтэй. Оруулж ирдэг компани нь захиалга ихтэй байдаг учир урьдчилж төлбөр тооцоогоо хийгээрэй гэх нь тэр. Үнэ дагаад чанар гэдгээр борлуулалт сайтай байдаг бололтой.
Толгой эргэм обойны сонголт
Өргөн, нарийн, өнгө, дүрсний хамгийн арвин сонголттой бүтээгдэхүүн бол ханын цаас. ОХУ-ын 12 м-ийн урттай нимгэн обой 4000-6500 төгрөг. Харин сайжруулсан цаасан обой 7000-8000 төгрөг байх жишээтэй. Адилхан хэмжээтэй атлаа Украйн обой шуудхан л 15 мянган төгрөг гэв. Герман обой 53см x10м хэмжээтэй нь 20.000-40.000. 70см x 10м хэмжээтэй бол 48.000 төгрөг. Солонгос 1.80см өргөнтэй, 15 метрийн урттай бол 48.000-55.000 төгрөг .
42 ам.метр квадраттай нэг өрөө байранд нарийхан обой ойролцоогоор 10-11 ширхэг орох тул 120-140 орчим мянган төгрөг шаардлагатай. Харин 1.80 см өргөнтэй Солонгос обойны нэг боодол нь ойролцоогоор 36 ам.метр квадрат талбайд хүрэлцээтэй тул хоёрхон байхад хангалттай хүрнэ. Үнийн хувьд хоёр боодол нь 96 мянган төгрөг болно гэхээр хамаагүй хэмнэлттэй юм билээ.
Тоосгыг моодноос гаргасан блок
Нэгэн хэсэг палкаар өрөөд гадуур нь тоосгоддог байсан бол өдгөө олон төрлийн блок гарч ирсэн. Гипсэн, хөнгөн бетонон, даацын, газо бетонон блок гээд л төрөл бүрээрээ. Анх гипсэн блокоор ихэвчлэн өрж байсан бол өдгөө чанар, зориулалтын хувьд улам сайжирч нэр төрөл нь олширсоор. Нэг ширхэг хөнгөн бетон блок эзэлхүүнээрээ 30 ширхэг тоосготой тэнцдэг учраас хамаагүй хэмнэлттэй тусах нь ойлгомжтой. Амины 1-2 давхар орон сууцны барилга барихад хамгийн тохиромжтой нь даац, газобетонон блок аж. Барилгын гадна, дотор ханын даац болон дулаан тусгаарлагчтай гэдгээрээ давуу талтай гэнэ. Давхар дулаалгын үүрэг гүйцэтгэдэг тул хөөсөнцөр авч, мөнгөө үрэх шаардлагагүй аж. Гипсэн блокын хувьд барилгын дотор болох хана өрөхөд л тохиромжтой. Харин олон давхар барилгад ашигладаггүй юм байна. Хөнгөн бетон блокын хувьд 2011 онд метр куб нь 95.500 байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард 118.000 байсан. Харин энэ сарын байдлаар блок чанараасаа хамаарч метр.куб нь 125.000-150.000 төгрөгийн үнэ ханштай болжээ.