Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далай лам: Олон хүний хичээл зүтгэлээр Монголд ирж чадсандаа баяртай байна

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, сүсэгтэн олны урилгаар Монгол Улсад хийсэн айлчлал өчигдөр өндөрлөлөө. Тэрбээр буцахын өмнө Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчидтэй уулзаж, сонирхсон асуултад нь хариулсан юм.

Түүнийхээ өмнө айлчлалаа дүгнэн хэлсэн үгийг хүргэе. “Монголд ес дэх удаагаа  айлчиллаа. Нэлээн завгүй айлчлал байлаа. Би дэлхийн аль ч улсад айлчлахдаа хамгийн түрүүнд дэлхийн энхтайван, амар амгалангийн төлөө үгээ зориулж хэлдэг. Дэлхийн бүх хүн зовлонг бус аз жаргалыг хүсдэг. Зовлонгийн шалтгаан болсон шунал, уурын сэтгэлийг арилгаж болно. Шашин шүтдэг, эс шүтдэг ч бай амар амгаланг л хүсдэг. Бусдыг энэрэн нигүүлсэх, асралын шинж нь амар амгаланг бий болгодог. Бурханы номонд асрахуйн сэтгэл, энэрэхүйн сэтгэлийг дээдлэх хэрэгтэй гэж айлдсан байдаг. Дэлхий дээрх бүх шашин асархуйн сэтгэл, энэрэхүйн сэтгэлийг дээдлэхийг айлддаг. Энэ бүх шашин нэгнээ хүндэтгэдэг, дээдэлдэг байх нь чухал. Асрах, энэрэхүйн сэтгэлийг өөр талаас нь тайлбарладаг үзэл сургаальтай байдаг. Энэ бол хүмүүсийн үзэл санаа өөр байдагтай холбоотой.

Би түвд хүн. Түвдийн улс төрийн хэргийг 2011 онд шилжүүлж өгсөн. Сонгуулиар сонгогдсон хүн цаашдаа улс төрийн тэргүүний ажлыг авч явна. Улс төрийн үйл хэрэг авч явах үүрэг одоо надад байхгүй. Номын үйл хэргээ цааш нь авч явах үүрэг л надад үлдсэн. Түвдийн шашин, соёл, хэл бичгийг би цааш нь дэлгэрүүлэх үүрэг хүлээж байгаа. Хүн сүсэглэсний үндсэн дээр шашин, соёлыг авч явах боломжгүй. Учир шалтгааныг нь ойлгож судалсны үндсэн дээр авч явах учиртай.

Монгол Улстай бид 2-3 мянган жилийн өмнөөс холбоотой байсан. Монголд Түвдийн шашин дэлгэрэхээс өмнө ч холбоотой байсан болов уу. Монгол түвд хүүхэд хөх толботой төрдөгөөрөө адилхан. Соёлоор нь аваад үзвэл адил чанар түгээмэл. Шашин шүтэх эрх хязгаарлагдмал байсан ч эрх чөлөөтэй болсон. Тиймээс бурханы шашинг шүтэн дээдэлж, дэлгэрүүлэхэд хичээл зүтгэл гаргаж байгаад би талархаж байна.Хурал ном хурж, сүм дугана барьснаар шашныг авч явах хэцүү. Гол нь эрдэм номд суралцах хэрэгтэй. Өмнө нь хэлж байснаа дахин хэле. Монголын номын нөхөд минь дахин дахин суралцаарай. Энэтхэгт гэхэд Оросоос, Монголоос, Өвөрмонголоос нийт 500 орчим лам ном үзэж байна. Шашны ном үзсэн хүмүүс түгээн дэлгэрүүлэхэд зүтгэх хэрэгтэй. Богд Жавзундамба бол түүхэндээ их алдартай номтой лам байсан.IXБогд ч гэсэн мөн агуу хүн байсан. Таалал төгсөхийнхөө өмнө надаас би хаана бие барах вэ, би дараа нь хаана төрөх вэ гэж асууж байсан юм. Хамгийн сүүлд Богдтой уулзаад би “Таны бие чилээрхүү байна. Нас өндөр гарсан болохоор дараа төрөхдөө яах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Таны дараа төрөлөө хүлээж авах газар Монгол орон шүү” гэж би айлтгасан. Дараагийн Богдыг тодруулах нь миний үүрэг. Жаахан байхаас нь хажууд нь байсан болохоор энэ бол миний гарцаагүй хийх ёстой үүрэг.

Тэгэхээр X Богд Монголд мэндэлсэн байгаа шинж тэмдэг илэрч байгаа. Одоо балчир хүүхэд болохоор нийтэд зарлах шаардлагагүй гэж бодож байна. Таван нас хүрэх үед нь бодож үзэх хэрэгтэй. Жаахан хүүхдийг сэнтий суудалд залаад адис чанарыг хүртээх хэцүү. Ном эрдэм сураад төгс гэгээрэхээр суудалд нь залвал агуу тус гарах юм. Түвд хүмүүст би өндөр суудалд дээр гарч сууснаар шашныг авч явдаг юм биш гэж хэлдэг. Том лам хуварга гэнэт эрдэм мэдлэг бүхэн нь буугаад ирсэн юм шиг ойлгоод байдаг. Энэ бол эрт үеийн бурханы шашны тухай ойлголт муу байх цагийн яриа. Одоо цагт энэ хоцрогдож байгаа учраас бид үүнийг өөрчлөх ёстой.Ингээд төгсгөлд нь айлдахад энэ удаад Монголд ирж чадсандаа би их баяртай байгаа.

Сүсэгтэн олон лам хуврагууд гээд олон хүний хичээл зүтгэлээр би ирж чадлаа” хэмээгээд дараахь асуултуудад хариуллаа.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх таны бодол?
-АНУ бол чөлөөт ертөцийг удирдаж байгаа үндэстэн гэж би боддог. Сонгууль ямар болсноос үл хамаарч Америкийн иргэд өөрсдөө сонголтоо хийсэн. Сонгуулиар нэр дэвшиж байхдаа ярьж байснаа Ерөнхийлөгч болсныхоо дараа үзэл бодол, алсын хараа, үйл хэргээ бодит болгох үүрэг хариуцлагыг хүлээх болно. Удахгүй АНУ-д хүрэлцэн ирнэ үү гэсэн хөтөлбөр гарах байх. Тэр үед нь АНУ-д хүрэлцэн очноо.

-X Богдыг тодруулахаар шашны ёслол, дэг жаяг нь болсон гэж сонссон. Үүнд илүү дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжтой юу?

-Нарийн мэдээллийг одоо хэлэх хэрэггүй байх. Том болоход нь алгуур тодорхой хэлж болох байх.

-X Богдыг зарлахад гадаад, дотоодоос нөлөөлөх хүчин зүйл байсан уу. Далай лам залрахаар тодорхой зарлана гэсэн хүлээлт байсан.

-Онцгой бэрхшээл үүссэн юм байхгүй. Гэхдээ энэ талаар ингээд орхисон нь дээр байх.

-Таныг Монгол Улсад айлчлах үеэр Хятадын Засгийн газраас хоёр ч удаа мэдэгдэл гаргасан. Та үүнийг юу гэж ойлгож байгаа вэ?

-Энэ бол байнга болдог зүйл. Би хаана ч очсон Хятадын зүгээс байнга ийм зүйл хэлдэг. Би дэлхий дээр бурханы шашинт улс орнуудаас Монгол, Япон хоёрт л очиж чадаж байгаа. Бусдад нь очиж чадахгүй байгаа. Би уг нь бурханы шашинтай хүн. Гэхдээ бурханы шашинт орнуудад очиж чадахгүй байгаа гэж хошигнон хэлдэг юм. Жишээ нь, Хятадаар авч үзвэл бурханы шашинтай хүн 400 сая байдаг. Энэ хүмүүс Хятадад айлчлан ирээч гэж байн байн хэлж, сануулдаг. 1974 оноос хойш би тусгаар тогтнол гэдэг санааг гаргахгүй, дэвшүүлэхгүй байгаа. Хятадын Засгийн газар намайг салан тусгаарлагч гэж үздэг. Тусгаар тогтносон улс болгоно гэж тэмцэхгүй байгааг минь дэлхий нийтээрээ мэднэ. Тусгаар тогтносон улс болгохын төлөө явахгүй байна гэж бас буруутгах нь байгаа. Анхнаасаа би ялна, тэд ялагдана гэсэн санаагаар биш хоёуланд нь тустай байх бодлоор хандаж ирсэн.

-Ванчин богд, Далай лам, Богд Жавзундамба нарын хойд дүрийг тодруулахад асуудал гарсаар ирсэн. Х Богдыг тодруулахад Ванчин богд хүлээн зөвшөөрөхгүй байх зэргээр харилцан нэгнээ тодруулж ирдэгт ямар нэг асуудал гарах болов уу?


-Ванчин богд одоогоор хоёр болчихоод байгаа. Ирээдүйд Далай лам хоёр ч болж мэдэх юм. Тэр бол нэг их гайхаад байх зүйл биш ээ. Энэ бол улс төрийн асуудал шүү дээ. Улс төрийн асуудал бол жаахан шалтгаан тохиолдоход хувирч өөрчлөгддөг. Гол нь бурханы ном, номлол сургаалиа сонсч, хэрэгжүүлж дэлгэрүүлэх нь чухал. Түүнээс Ванчин Богд, Далай лам, Богд Жавзундамба гээд өөрсдийгөө дээр аваачаад бусдыг анхаарахгүй байж болохгүй. Жишээ нь, би өөрийгөө Далай лам гээд дээрээс харилцах гээд байхыг боддоггүй. Аль болох хүмүүстэй ойр байж, хүмүүстэй хүндэтгэлтэй хандаж харилцахыг хичээж явдаг юм. Бурханы шашныг лам хуваргууд авч явна гэж номлодог. Лам хуваргууд гэснээс биш лам хүн гэж нэг тоон дээр тавиагүй байдаг.

-Дэлхийн дулаарлын тухай таны бодол ямар байдаг вэ?

-Сүүлийн үед гариг ертөнц, нарны систем ч гэсэн өөрчлөгдөж байна. Дэлхийн дулаарлын гол шалтгаан нь нарны системийн өөрчлөлтөөс болж байна. Түүнээс гадна мэдээж хүмүүс бидний үйлдлээс болж гарч байгаа. Нүүрс түлж байгаа нь баснөлөөлж байна. Тэгэхээр цэвэр байгалийн, нөхөн сэргээгдэх эх үүсвэрээ ашиглах хэрэгтэй. Жишээ нь, нарны болон салхины эх үүсвэрийг ашиглах. Миний бодлоор хүмүүс машин унахаа багасгана гэдэг бараг боломжгүй болов уу. Бид хичээл зүтгэл гаргаж чадах юм бол энэ байгалийн өөрчлөлийг өөрчилж болно.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан