Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Магадлан итгэмжлэгдсэн 67 их, дээд сургуулийн оюутнууд “Хөгжлийн зээл”-д хамрагдана

-400 оноотой бол богино, 650-иас дээш оноотой бол урт хугацааны зээл авч болох нь-

А.АКЭРКЭ

Манай улсад 2016-2017 оны хичээлийн жилийн байдлаар улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцаж байна. Тэдний дийлэнх буюу 125 мянга нь бакалаврын өдрийн ангид суралцдаг. Харамсалтай нь, 49 хувь буюу 74 мянга орчим нь сургалтын төлбөрөө төлж чадаагүй болон сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн судалгаа бий. Энэ судалгаан дээр үндэслэн “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтгүй суралцуулах үүднээс “Оюутны хөгжлийн зээл”-ийг бий болгосон байдаг. Гэвч өнгөрсөн аравдугаар сарын дундаас оюутнуудад зээл олгож эхэлнэ гэж байсан ч гар дээрээ авсан оюутан өнөөдөр нэг ч байхгүй. Учир нь, 70 орчим мянган оюутанд олгох боложмтой хэмээн тооцоолсон Боловсролын зээлийн сангийнхан банкнуудтай гэрээ хийж эхлээгүй байгаатай холбоотой юм. Энэхүү зээлийг  арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлэх бөгөөд банкууд “Оюутны хөгжлийн зээл”-ийг зохион байгуулах хүсэлтээ гаргаж, нөхөцлийг нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр “Боловсролын зээлийн сан”-тай гэрээ байгуулан ажиллаж, зээл олгож эхэлнэ. Ямартай ч банкнуудтай хэлэлцээр хийж байгаа гэх мэдээллийг өгч буй БЗС-гийнхан өчигдрөөс эхлэн их, дээд сургуулиудын холбогдох мэргэжилтнүүдэд зээл хүссэн оюутнуудынхаа материалыг авч эхлээрэй гэж мэдэгдсэн байна. Энэхүү мэдээлэл нь тодорхой шийдэлд хүргэснийг илтгэж буй.

Мөн өчигдөр Боловсролын зээлийн сангаас  ““Оюутны хөгжлийн зээл”-ийг магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад олгох болно. Одоогийн байдлаар 67 магадлан итгэмжлэгдсэн сургуулийн суралцагсдад олгохоор болоод байна” гэх мэдээллийг өгсөн юм. Харин Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн албан сайтад “Магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагууд” гэсэн 2016 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар гаргасан жагсаалтад хүчинтэй 74 сургууль байна гэжээ. Ямар учиртай долоон сургууль хасагдсан талаар БМИҮЗ-ийн дэд дарга Х.Батсайханаас тодруулахад “Магадлан итгэмжлэгдсэн 74 сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ Боловсролын зээлийн сан нь Засгийн газрын 2016 оны аравдугаар сарын 05-ны өдөр батлагдсан 111 дүгээр тогтоолын дагуу зээл олгохдоо магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын бакалаврын түвшний суралцагчдад “Оюутны хөгжлийн зээл” олгоно гэсэн байгаа. Тиймээс дээрх  74 сургуулиас коллежууд нь хасагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Завхан аймаг дахь Политехник коллеж, Монгол-Солонгосын Политехник коллеж орохгүй. Тэд МСҮТ-ийн тэтгэлэг авдаг байгаа” гэв.
Энэхүү зээл нь дотроо хүү бууруулах болон богино, урт хугацаатай гэсэн ангилалтай. Ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардагдах дээрх зээлийг авахыг хүсэгчид ямар материал бүрдүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛ

Хугацаа:10 жил
• Их дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэлх хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй.
• Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсан хугацаанаас хойш сар бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш нэг жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлнө.
• Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд 2 хүртэлх удаа байж болно.
• Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилна.
Зээлд хамрагдах оюутан дараах шаардлагыг хангасан байна
• Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх
• Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх
• Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх
• Шинээр элсэгчдийн хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.3 бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх.
Бүрдүүлэх бичиг баримт
Банкинд хандахдаа зээл хүссэн өргөдөл
• Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Сургуулийн төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/
• Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Банкнаас шаардсан бусад бичиг баримт

БОГИНО ХУГАЦААТАЙ ЗЭЭЛ

Хугацаа: 1 жил байна. Сар бүр зээлийн үндсэн төлбөр бо­лон хүүгийн төлбөрийг төлнө.
Зээлд хамрагдах оюутан дараах шаардлагыг хангасан байна.
• Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх
• Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх
• Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх
• Шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуу­лийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх.
Зээлд хамрагдах оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлж банкинд хандана
• Зээл хүссэн өргөдөл
• Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Сургуулийн төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/
• Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Банкнаас шаардсан бусад бичиг баримт

ХҮҮ БУУРУУЛАХ ЗЭЭЛ

• Цалингийн зээл
• Малчны зээл
• Тэтгэврийн зээл
Хугацаа:
Зээлийн хугацаа нь цалин, тэтгэвэр, малчны зээлийн хугацаатай тэнцүү байна. Сар бүр зээлийн үндсэн төлбөр бо­лон хүүгийн төлбөрийг төлнө. Зээлд хамрагдах оюутан дараах шаардлагыг хангасан байна
• Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх
• Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх
• Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх
• Шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх.
• Зээл авснаас хойш ажлын 10 хоногийн дотор сургалтын төлбөрийг сургуульд нь төлсөн байх
Зээлд хамрагдах оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлж банкинд хандана
• Зээл хүссэн өргөдөл
• Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Сургуулийн төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/
• Хамтран зээлдэгч гэр бү­­лийн гишүүний иргэний үнэм­­лэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Банкнаас шаардсан бусад бичиг баримт

0 Сэтгэгдэл
заавал батлан даагчтай байх юм уу? гэр бүлийн гишүүд нь нийгмийн даатгал төлдөггүй байвал яах вэ? уул нь зээлд хамрагдмаар л байх юмаа. мэдээж бид төгсөөд өөрсдөө төлөх юм бол заавал батлан даагч нтр яах юм бэ
Хамгийн их уншсан