Ж.ЖАМУХА
Өчигдөр өглөө (2016 оны арваннэгдүгээр сарын 22) 05:59 цагт Япон улсын Фүкүшима мужийн ойролцоо 7.4 балл хүчтэй газар хөдлөлт болж Японы зүүн хойд эрэг дагуух зарим мужид бага хэмжээний цунами болсон байна. Газар хөдлөлтөд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй газарт шилжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа аж. Мөн газар хөдлөлт, цунамигийн талаарх иргэдийн ойлголт, хувийн бэлтгэл өндөр байсантай холбоотой хохирлын хэмжээ бага байгаа гэнэ. Одоогийн байдлаар Фүкүшима, Мияаги мужид цунамигаас сэрэмжлэх тухай анхааруулга хэвээр үргэлжилж байна.
Манай улсаас нийт 6590 иргэн Японд ажиллаж, амьдарч байгаагаас зүүн хойд эргийн мужууд болох Фүкүшимад 48, Аоморид найм, Иватэд 24, Ибаракид 162, Мияагид 89, Чиба мужид 832 хүн байгаа ба нийт 1163 иргэн оршин суудаг байна. Харин монгол иргэдийн талаар Гадаад хэргийн яамнаас мэдээлэхдээ “Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам дээрх бүс нутагт оршин суугаа иргэдийн талаар мэдээлэл авч, холбоо барихаар ажиллаж байна” гэлээ.