Авто тээврийн газарт жил бүрийн автомашины үзлэг оношилгооны үеэр өгдөг техник хяналтын наалтыг хоёр төрөл болгох тухай яригдаж байна. Өөрөөр хэлбэл бага утаа ялгаруулдаг хий болон цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон өнгийн техник хяналтын наалт олгох гэнэ. Ийм наалттай автомашин хуульд заасанчлан агаар бохирдуулсны татвар төлөхгүй юм. Уг нь БОЯ-наас “Эко” дугаар олгох тухай санал гаргасан ч мэргэжилтнүүд солиход хялбарыг нь бодож наалт олгохоор ярилцсан байна. Учир нь хосолмол хөдөлгүүртэй машин хий эсвэл цахилгаанаар явахаа болиод бензинээр явдаг болох, автомашин элэгдэж хорт утаа ялгаруулах нь нэмэгдэхэд дугаар солих шаардлага гарах учир ийм шийдэлд хүрчээ. Жил бүрийн зургаа, долдугаар сард ирэх жилийн оношилгоонд орох машинуудад ямар загвартай, ямар бичилттэй техник хяналтын гэрчилгээ олгох вэ гэдгийг Авто тээврийн газрын дарга баталдаг. Тэрээр дээрх “Эко” наалтын төслийг баталчихвал ирэх жилээс хэрэгжиж эхлэх юм байна.