Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 10 мянга гаруй иргэн цас цэвэрлэлээ


Нийслэлд их хэмжээний цас орж, сүүлийн жилүүдэд тохиогоогүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн төр захиргааны болон хувийн хэвшил, иргэдийг  арваннэгдүгээр сарын 19, 20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэж, зам талбайн хальтиргаа гулгааг арилгах уриалга гаргасан. Энэ дагуу  хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нараар ахлуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НИТХ болон Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын удирдлага, ажилтнууд гудамж талбайн цас цэвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хувьд Олимпийн гудамж буюу Гадаад харилцааны яамны уулзвараас Замын цагдаагийн уулзвар хүртэлх хэсгийн явган хүний замын цас мөсийг цэвэрлэж, хальтиргаа гулгааг арилгасан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотод нэг өдрийн дотор орсон цас зарим хэсэгтээ 20 сантиметрт хүрсэн. Энэ байдал хэвийн нөхцөл байдлыг алдагдуулж тохижилт үйлчилгээний компаниуд хүн хүч хүрэлцэхгүй зэрэг хүндрэл учирсан. Тиймээс нийслэлийн төр захиргааны байгууллагууд тодорхой газруудыг хуваарилж аваад цас цэвэрлэж байна.

Нийтдээ 10 мянга гаруй хүн цэвэрлэгээнд оролцож байгаа. Мөн энэ өдрүүдэд мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллаж, нийслэлийн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх газраа цэвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж байна. Цаашдаа ч цас нэмж орох төлөв байгаа учраас өнөөдөр хуваарилж авсан гудамж талбайгаа төр захиргааны байгууллагууд дахин цэвэрлэхэд бэлэн байх учиртай” гэсэн юм.  Зөвхөн Хот тохижилтын газраас гэхэд нийслэлийн  16 чиглэлийн 337 километр  замд 300 гаруй хүн ажиллаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан