Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Тэрбум”-тай улсаас айж, түгшсэнгүй... Далай багшийгаа заллаа

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад айлчилж байгаа сургаар гайхалтай олон зүйлс болж өнгөрлөө. Ингэж уулга алдах шалтгаанууд ч байна. Юуны өмнө өрнөдийн дийлэнх судлаачид Монголыг хэдийнэ тусгаар улс бус харин “Майнголи” нэртэй Хятадын умард муж гэж нэрлэдэг болоод удаж байгаа гэдгийг тодотгох нь зүй. Ийм болохоор өрнөдийнхөн Монголтой холбоотой шийдвэр гаргахдаа бидэнтэй бус эхлээд өмнөд хөршийн удирдлагатай тохиролцдог бичигдээгүй хууль үйлчилдэг ч гэдэг. Оросын тухайд бол яриад ч хэрэггүй байх. Өрнө дахинтай зарлаагүй дайн хийгээд Монголтой манатай байгаа. Ийм үед яагаад гэв гэнэт Дээрхийн гэгээнтнийг манай улсад айлчлах болсныг тааж хэлэх хэцүү ч түүнийг дагасан нэг талаас ойлгомжгүй, нөгөө талаас ойлгомжтой гэмээр олон үйл явц болсон, одоо ч болж байна.
 
Монгол Улс ба БНХАУ


Нэгдүгээрт, манай улсыг дампуурах нь өнөө маргаашийн асуудал болсон гэсэн яриа гараад удаж буй. Ардын намын удирдлагууд БНХАУ-аас дөрвөн тэрбум орчим ам.долларын зээл авах асуудал яригдах болоход манай зээлжих эрхийг унагалгүй тэгсхийгээд тэсгээд байсан. Ардын нам ба Хятадын коммунист нам хоёр олон жилийн найрсаг харилцаатай тул энэ зээлийн асуудлыг нэг мөр тун ч таатай шийдэх байх гэж бодож байлаа. Тэгээд ч Ардчилсан нам нь төр барьж байхад том дарга нь АСЕМ-аар айлчлаад тав гурван цаасны өрийг тэглэсэн. Энд бид ёжилж байгаа ч үнэндээ бол чамлахааргүй их өрийг тэглэсэн гэдгийг хэлэх хэрэгтэй.
 
Гэхдээ сонгуулийн дараа төр солигдохоор бүх зүйл өөр болсон. Эрх баригч намынхан шинээр өр зээл тавихаар хэлэлцээ хийж эхэлсэн нь мэдээж. Энэ бүх хэлэлцээ амжилттай болох нь бараг 100 хувь гэсэн байв. Гэхдээ энэ бүхэнтэй зэрэгцээд БНХАУ-ын удирдлагууд XIV Далай ламыг ямагт Осама бин Ладен эсвэл бүр түүнээс дор алан хядагч гэж үзсээр ирснийг хэлэх хэрэгтэй. Ядаж байхад “Далай” гэдэг нэрийг манайхан өгөөд, түвдүүд Монголын нутаг дээрх элдэв зүйлсэд тун ч чамбай бөгөөд нарийн аргаар оролцсон байдгийг түүх гэрчилнэ. Гэсэн ч манайд бурханы шашин үнэмлэхүй аварга. Аваргын хүний биед биелсэн царайг сүсэгтэн олон харахыг хүсч байна гээд байхад улаан цайм үгүй гээд тас гүрийх боломжгүй. Ер нь бол хүзүү сээрээрээ хэлхэлдсэн гэж болно. Улаан цайм “үгүй” гэж болдоггүй нөгөө талаас “уухай нааш хүрээд ир” гэж бас болдоггүй. Уул шугамандаа “Dalai lama no” гэж хэлэх ёстой байсан байж болох юм. Гэхдээ бид “төрд хэрэгтэй зайран” хэвээр.
 
ОХУ ба БНХАУ

Орос ба Хятадын харилцаа ойрын 30 жил байгаагүй өндөрлөгт байна. Оросууд хамгийн сүүлийн үеийн сөнөөгч онгоцоо урагш нь худалдаж, агаарын довтолгооноос хамгаалах хамгийн сүүлийн үеийн пуужингаа ч худалдаж эхэлсэн. Шатдаг хийгээ урагш нь шахах хаана ч байхгүй агуу төсөл хэрэгжүүлж буй. Хэрэв Оросоос энэ бүх зэвсгийг шууд худалдаж авахгүй гэвэл яг адил хүчин чадал, цар хүрээтэй зэвсэг боловсруулахын тулд наанадаж л гурав, дөрөв дахин их зардал гаргах болохоор авахгүй гээд яахав. Зэвсэглэлээс гадна Хятад нь энэ ээдрээг далимдуулаад их хэмжээний түүхий эд хямд авч байгааг хэлэх хэрэгтэй. Оросуудын хувьд дэлхийн хамгийн том гэгддэг зэвсэглэлийн зах зээл дээр америкчууд ардчилал, хүний эрх гэсэн мундаг бамбай бариад дангаар ноёлох гээд байхад манай урд хөрштэй хамаагүй ам мурийж болохгүй.
 
Үгүй бол С-300-аас эхлээд шумбагч завь энэ тэр хүртэл олон тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнээ хэнд борлуулахав, тэр олон зэвсгийн үйлдвэрүүдийг яаж байнга ачаалалтай байлгаж, өөрсдийн батлан хамгаалах чадвараа хамгаалах вэ гээд асуудал гарна. Өрнөд Европ бүхэлдээ шатахаараа “ИВАН” гэсэн дөл гаргадаг хийг авахгүй гээд улайраад байхад гол зах зээл нь Хятад болох нь ойлгомжтой. Нэг үгээр хэлбэл хүзүү сээрээрээ хэлхэлдсэн. Тэдэнд бас мөнгө, зээл хэрэгтэй. Тэгээд ч тэнд Далай лам гэдэг хүнийг бараг мэдэхгүй шахуу.
 
Бизнес
 
Нөгөө талаас дан ганц нанхиадуудад бүх зүйлээ даатгачихвал “нэг сагсанд бүх өндгөө бүү хий” гэсэн зарчмыг зөрчсөн хэрэг болно. Иймд Оросууд ч хаа нэг ч гэлээ өөрийн ашиг сонирхол байдаг юм шүү гэдгийг харуулахын хүснэ. Үгүй бол Далай ламтаны сууж яваа онгоцыг хүссэн үедээ нутаг дээрээ суулгаад нэгжээд баривчлаад урд зүгт тушааж болох байлаа. Өөрөөр хэлбэл Далай ламтан манайд эсэн мэнд ирсэн болохоор сууж явсан онгоц нь Оросын нутаг дээгүүр ниссэн болж таарлаа.
 
Оросууд хүч хэрэглэж буулгаагүй нь Путин APEC-ийн уулзалт руу явсан үетэй чадварлагаар таарсныг онцлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Си Жинпиний “галзуу найз” нутаг дээрээ байсан бол Данзанжамц гэдэг түвд хүнийг хэзээ ч дээгүүрээ нисгэхгүй байсан. Эдвард Сноуденийг нууцаар суулгаад нисч явна гэсэн сургаар хөөрхий муу Боливийн Ерөнхийлөгчийн онгоцыг Австрийн нийслэл Венад албан хүчээр буулгаж байгаад нэгжсэн явдал байдаг. Орост тийм явдал гараагүй.
 
БНХАУ-д хараахан Европын холбоо эсвэл Латин Америкт яваа онгоцыг албан хүчээр буулган нэгжлэг хийх чадал хүрэхгүй байж болох ч өөрийн нутаг дээр яваа онгоцыг албадан буулгах чадал гарцаагүй байгаа. Иймд Далай ламын зорчиж байсан онгоц гарцаагүй Оросын нутаг дээгүүр ниссэн болж таарна. Одоо тэд тайлбар хэлэхдээ “энэ Медведевийг битгий гэж хэлсээр байтал нисгэсэн байна” гэсэн тайлбар өгөх биз. Төрийн тэргүүнд өөр улсад айлчлахдаа түр хугацаанд улс дотоодын бүх асуудлыг Ерөнхий сайддаа даатгах тушаал энэ тэр гаргадаг л байж таараа. Үр дүн нь бүгд сэтгэл хангалуун байх биз.
 
Нам

Хүн итгэхэд бэрх ч дөрөвдүгээрт гэж болохоор бас нэг боломж байна. Энэ бол Ардын намынхан урд зүгт айлчлах үеэр энэ бүхнийг урьдчилан тохиролцсон явдал. Тэр үед Монгол Улсыг урд зүгт бүгдийг худалдаад дууслаа гэсэн яриа газар авч байсан, одоо ч байгаа. Харин Далай ламыг ирэхийг зөвшөөрснөөр нэгд Ардын нам ба Хятадын коммунист намын хооронд ямар ч тохиролцоо байхгүй, Ардын нам үнэхээр тусгаар тогтнолынхоо төлөө яриа хийж байна гэдгийг харуулна. Хятадын удирдлагууд ч бид тэдэнтэй ашиг сонирхлын зөрчилдөөн үгүй гэдгийг улсын дотоод дахь нуугдмал сөрөг хүчинд харуулах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, Далай ламыг ямар ч улсад айлчилсан эсэргүүцэл илэрхийлдэг тэр уламжлалаа эвдэхгүй байх боломжийг олгоно. Үнэхээр ч БНХАУ-ын зүгээс эсэргүүцэл илэрхийлсэн гэдгийг та бид уншиж болно. Ийм байтал эрх баригч нам Далай багшийг зална гэдэг тун ч эр зоригийн асуудал болж таарна. Сүүлийн үед огцом унасан рейтинг өснө. Ардын намыг Хятадтай холбоотой гэх бүгдийн амыг таглана. Дээр нь төрийн мэдлийн сувгуудаар нэг ч мэдээлэл явагдаагүй. Ингэснээр төр өөрийгөө Данзанжамц гэгч энэхүү түвд хүнтэй ямар ч холбоогүй гэдгээ Хятадын эрх баригчдад харуулна. Тэгэхээр “бид хамаагүй” болж таарна. Чоно ч цатгалан хонин сүрэг ч бүрэн.
 
Рейтинг


Далай ламыг залсан нь УИХ-ын сонгуулиар амласан амлалтаа биелүүлэх нь бүү хэл өмнөх дөрвөн жилээс ч хэд дахин ухраасан МАН-ынхан, зүгээр суухаас зүлгэж бай гэдэг шиг олон түмний сэтгэл санааны хүндлрэлийг жаахан ч гэсэн тайвшруулах арга эрж байгаа нь энэ. Иймдээ ч бурхны шашныг "шарын шаин" хэмээн адалж, хамаг нлам нарыг нь хядаж байснаа ч мартчихсан өнөөдөр өөрсдөө зулайга ацоортол мөргөн, ард түмнээ тайвшруулах гэж ядаж байгаагийн ганц жишээ.
Нгөө талаар Өмнөд том хөршөөсөө ахйлгүй Далай багшийг эх орондоо залснаар   Ардын намынхан АНУ тэргүүтэй өрнө дахины өмнө нэрээ цэвэр авч гарна. Ингэснээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк гэх мэт өрнөдийнхөн удирддаг байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл авах гэх мэт бүх нөхцөл бүрдэх боломжтой. Гэвч хамгийн сүүлд ирж байгаа мэдээгээр манай зээлжих эрхийг бууруулсан л гэнэ. Гэхдээ гурван супер агентлагаас ганц нь л бууруулсан гэдгийг энд хэлэх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
guilgachin mongol zygeer l duugui guilgaa aiataihan gui. nydee neegeegyi golgiig tooson shirheg ch uls alga. harin hedhen hyniig ni har shar huvalzuudtai ni niilj sonoochihood gazar shoroog ni ooriin bolgoh shunal bol bygded ni baina.
Хамгийн их уншсан