Монгол Улсын анхны Ардчилсан Үндсэн хуулийг баталсны 25 жилийн ойг 2017 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэнэ. Уламжлал болгон энэ ойн өдөрт зориулж шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг. Тэгвэл энэхүү шатарын тэмцээний анхан шатны буюу сум, дүүргийн хэмжээнд аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд болох нь. Хагас шигшээ болох аймаг, нийслэлийн тэмцээнийг арванхоёрдугаар сарын 10-11-нд явуулах бол улсын аваргыг 2017 оны нэгдүгээр сарын 7-8-нд шалгаруулах юм байна. Түрүүлсэн эмэгтэй, эрэгтэй шатарчинд спортын мастер цол олгоно.
Өнгөрсөн онд уг тэмцээнд 5000 орчим шатарчин оролцсон бол энэ жилийн тэмцээнийг 180 оронд интернэтээр шууд дамжуулан хүргэхээр болжээ. Мөн ойд зориулан үндэсний бөхийн барилдааныг уламжлал болгон зохион байгуулдаг. Түүнээс гадна уламжлал болсон эрдэм шинжилгээний хурал, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагналтныг тодруулах, гэрэл зургийн үзэсгэлэн зэргийг энэ жил зохион байгуулах юм байна. Арванхоёрдугаар сарын 20-нд “Үндсэн хууль 25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хийнэ.
Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн ахлагч УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн “АИХ-аас 1990-1992 онд батлан гаргасан хууль, тогтоол, захирамж болон илтгэлүүдээр баримт бичгийн эмхэтгэл, “БНМАУ-ын АИХ ба Үндсэн хууль” гэсэн гэрэл зургийн цомог хэвлүүлэхээр бэлтгэж байна” гэлээ. Ойн арга хэмжээний хүрээнд Олон улсын Үндсэн хуулийн байгууллагад элсэн орох бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.