Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Энхзаяа: -42-47 градус хүрч хүйтрэнэ гэдэг зөвхөн энэ сарын төлвийн мэдээ

Ж.ЖАМУХА

Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн цаг уурч Э.Энхзаяагаас энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар тодрууллаа.

-Ойрын 100 жил тохиогоогүй хүйтэн өвөл болно, -47 хэм хүрч хүйтэрнэ гэх мэдээлэл олны дунд тараад байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Мөн энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлвийг хэлэх боломжтой юу?
-Ойрын 100 жил болоогүй хүйтэн өвөл гэдэг нь манай байгууллагын албан ёсны мэдээлэл биш, Герман эрдэмтний хийсэн судалгаа юм. Угтаа манайд биш баруун Европын орнуудын цаг агаарын төлөв байдлыг тандсан, сэрэмжлүүлгийн чанартай мэдээлэл юм билээ. Манай орны хувьд ид хүйтний улирал буюу 12-2 дугаар сарын хооронд Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Хөвсгөлийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна. Түүнчлэн, өвөлдөө харьцангуй дулаан байдаг Алтайн өвөр говь буюу Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсэг, Дорноговь аймгийн нутгаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджаас нэг их хүйтрэхгүй төлөв ажиглагдаж байна. Гэхдээ энэ бол ирэх сарын урьдчилсан төлөв. Харин нэг, хоёрдугаар сард нутгийн хойд хэсгээр буюу Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа.

Түүнчлэн, өнөөдрийн байдлаар нутгийн 50 хувьд дээд тал нь 40 см зузаан цасан бүрхүүл тогтчихсон байна. Цас их унах нь цаг агаарын төлөв байдалд нөлөөтэй байдаг. Тиймдээ ч энэ сарын эхээр арав гаруй удаагийн цас орсон нь температурт нөлөөлж байна. -42-47 градус хүртэл хүйтэрнэ гэх мэдээ зөвхөн энэ сарын төлөв байдлын мэдээ болохоос өвлийн турш ийм байна гэсэн үг биш. Сүүлийн арав орчим жилийн дунджаас энэ арваннэгдүгээр сар илүү хүйтэн байх юм. Тиймдээ ч манай газраас малчид тариаланч, иргэд хөдөлмөрчдөд эртнээс сэрэмжлүүлэг мэдээ өгч байсан. Мөн Дархадын хотгор буюу Хөвсгөлийн зүүн хойд хэсэг, өндөр уулархаг газрууд, Увс, Завханы хойд хэсэг, Идэр, Тэс голын сав газруудад шөнөдөө -42-47 градус хүрэхээс бусад нутгаар олон жилийн дунджаас тийм ч хол зөрүүгүй байх төлөвтэй байна. Гэхдээ дийлэнх нутгаар ерөнхийдөө хүйтэрч, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Сэлэнгэ голын сав газраар шөнөдөө 35-40 градусын хүйтэн байна.

-Зундаа хур ихтэй, намар нь богино жил цас их унадаг гэдэг. Энэ жилийн байдлаар сар гаруйн хугацаанд арав гаруй удаа цас орлоо?
-Хуучны тооллоор цагаан сар хоёрдугаар сарын сүүлээр болно гээд байгаа. Үүнээс үзвэл энэ өвөл илүү сартай байх юм. Мөн арваннэгдүгээр сарын дунд үед өдий хэмжээний цас орчихсон байгааг харахад энэ өвөл цас их унах төлөв харагдаж байгаа.

-Олны ам дагаад ч тэр үү бичин жил хүйтэн байдаг, зуд турхан болдог гэдэг. Үнэхээр анзаараад байхад давтамж байгаа ч юм шиг санагддаг?
-1944-1945 оны бичин жилийн зуднаар 9.2 сая толгой мал хорогдож, цас их унсан юм билээ. Үүнээс ч болдог уу, олны дунд бичин жил хүйтэн байдаг, зуд болдог, цас их унадаг гэх нь бий. Угтаа бичин жилээс бусад жил ч зуд болж л байдаг. Манай эрдэмтдийн 1636 оны цагаан хулгана жилээс хойш ган, зудын давтамжид хийсэн судалгаанаас харахад бичин жилийн хувьд 15 удаагийн зудтай байсан гэж бүртгэгдсэн байна. Гэвч бусад жил нь ч ялгаагүй 12, 13 удаагийн зуд болж байсан тохиолдол бий. Тэгэхээр ганцхан бичин жил зуд болдог гэж ойлгох нь өрөөсгөл юм.

Магадгүй 1944 оны зуд малын гарз хохирол их байсан болохоор олны санаа бодолд тод томруул үлдсэн байж болох шүү дээ. Үүнээс үүдэж ам дамжсан яриа дэлгэрч, бичин жил л зуд болдог юм шиг ойлголт бий болсон байх. Угтаа зуд турхан яривал цагаан зуд, төмөр зуд, хар зуд гээд ялгаатай л даа. Малын хорогдлоор зуд гэгч зүйлээ тогтоож, тодорхойлж байгаагаас их цас орсон, хүйтэн жилийг зуд гэх нь буруу юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан