1997 оны энэ өдөр СУИС-ийн кино драмын ангид дөрвөн хөвгүүн тойрч суугаад “GUYS 666” нэртэй хамтлаг байгуулсан нь өдгөө 20 жилийг ардаа орхижээ. Үерхэлдээ үнэнч, он цагийг хамтдаа туулах анд шиг анд, найз шиг найз, хамтлаг шиг хамтаараа лаг байхыг мөрөөдөж байсан тэд ийн эрийн цээнд хүрэв. Тухайн үед мэргэжлийн жүжигчдээс бүрдсэн, тайз дэлгэцийн болон дуу, хөгжмийн олон уран бүтээлд үргэлж бүтээлч, өвөрмөц сэтгэлгээгээр ханддаг хамтлаг байгаагүй учир залуусыг байлдан дагуулж чадсан юм. Энэ хугацаанд олон арван цомог гаргаж, аялан тоглолтоо хийсэн хамтлагийн залуус өнгөрсөн тавдугаар сард хэвлэлийн бага хурал зарлаж, албан ёсоор гурван гишүүнтэй болсноо дуулгасан билээ. Учир нь, тус хамтлагийн гишүүн байсан Х.Бат-Ундрал хар тамхины хэрэгт холбогдсоноос гадна дөрөвдүгээр сард хамтлагаасаа албан ёсоор гарсан байдаг юм.