Өнгөрсөн ням гаригийн 13 цагаас хот хоорондын автозамыг түр хаасан. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Ням гаригт орон нутгийн чиглэлийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Өчигдөр өглөөнөөс эхлэн нээснийг бодоход зам даваа гайгүй байгаа гэсэн үг үү?
-Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваа хаагдан халтиргаа, гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын 82 тоот тушаал гарч, Авто тээврийн үндэсний төвөөс улсын хэмжээний авто зам, замын байгууламжийг арваннэгдүгээр сарын 13-ны 13:00 цагаас өнөөдрийн /өчигдөр/10:00 цаг хүртэл хааж, авто тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан. Өнөөдөр /өчигдөр/ 10:00 цагаас эхлэн бүх чиглэлд хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Улсын хэмжээнд улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 30 том тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсныг Замын цагдаагийн албатай хамтран зогсоосон. Хөдөлгөөнийг хязгаарласан тээврийн хэрэгслээр зорчиж явсан 947 зорчигчийг хамгийн ойр байрлах төв суурин газруудад байршуулсан. Мөн Дархан-Уул, Говьсүмбэр аймгаас зорчигчдыг галт тэргэнд шилжүүлэн суулгах зэрэг арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа. Түүнчлэн улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөгдсөн 79 чиглэлийн 328 тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулалгүй зогсоосон.
-Иргэдэд сэрэмжлүүлж хэлэх зүйл гэвэл?
-ОБЕГ-аас авсан мэдээллээр өнөөдөр зүүн аймгуудийн нутгийн зүүн хэсгээр болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цасан болон шороон шуургатай. Салхины хурд 5-10 метр секунд хүрэх төлөвтэй байгаа. Иймд иргэд хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Түүнчлэн авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг сануулж байна.