Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Аззаяа: Цас цэвэрлэхэд хүн, хүч хүрэлцэхгүй байна


Б.МЯГМАРЖАВ


Гудамж талбайн халтиргаа гулгааг арилгахад хэрхэн ажиллаж байгаа талаар Хот тохижилтын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Аззаяагаас тодрууллаа.

-Энэ жил өмнөх жилүүдийг бодвол харьцангуй их цастай, ойр ойрхон орж байна. Цаснаас үүдэлтэй халтиргаа гулгаа нэмэгдсэн. Үүнийг арилгахын тулд танай газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Ойрын өдрүүдэд дараалан орж байгаа цасыг цэвэрлэхээр манай газрын ажилтан албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Өчигдрийн  /уржигдар/ цаснаар манайхаас цас цэвэрлэгээний ажилд 12 машин, 355 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, нийт 85 тонн бодис цацсан. Ингэхдээ Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Моносын уулзвараас 22-ын товчоо, мөн зуслангийн чиглэлийн замууд, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн өгсүүр зам, Нарны зам гүүр түүнчлэн Богд уулын арын зам, Олимпын гудамж, Яармаг гээд ихэвчлэн алслагдсан замд бодис цацсан.

-Энэ өвөл нийт хэдэн тонн бодис шаардлагатай байна вэ. Одоогоор хэр нөөцтэй  байна вэ?
-Өвөл эхлэхэд бид 412 тонн бодисын нөөцтэй байсан. Энэ удаагийн цас бол арваннэгдэх удаа орж байгаа нь. Одоогоор 160 тонн бодис хэрэглээд байна.

-Цас орсон үед бодис цацахдаа ямар гудамжийг сонгож авдаг юм бэ. Ихэнх замуудад бодис цацахгүй байна гэж иргэд гомдоллодог?
-Явган хүний аюулгүй байдлыг хангах үүднээс цас орсон даруйд явган хүний замыг цэвэрлэдэг. Манай байгууллага хариуцсан  зам талбай гэж бий. Тэр газруудаасаа сонгож бодисоо цацдаг. Мөн дүүргүүд өөрийн хариуцсан зам талбайдаа бодис цацаж, цэвэрлэгээ хийдэг.

-Цас хайлуулах бодисын найрлагад ямар элементүүд орсон байдаг вэ. Бодис нь авто машины эд ангид муугаар нөлөөлдөг, наанадаж шал зэвтүүлдэг гэх юм билээ?
-Явган хүний зам дээр бодис цацахаар гутал нь элэгдэнэ, бас улам халтирч унах эрсдэлтэй болгож магадгүй учир цацдаггүй. Зөвхөн авто машины зам талбайд цацдаг. Манайх давс болон бодисоо ээлжилж хэрэглэдэг. Хэдийгээр бодис авто машины эд ангид муугаар нөлөөлдөг ч бидэнд өөр сонголт байхгүй. ЗАА-нд тендер зарлагдаж, шалгарсан аж ахуйн нэгжүүд нь бодисоо манайд нийлүүлж, манайх хариуцсан зам талбайдаа цацдаг.

-Танай газрын ажиллах хүн хүчний нөөц бололцоо хэр байна вэ. Хариуцсан талбайгаа цэвэрлэж амждаг уу?
-250 гаруй зам талбайн үйлчлэгч ажилладаг. Ойрын өдрүүдэд ажилчид маань амралтгүй ажилласан. Дээр нь ногоон байгууламжийн ажилчидаа зам талбай цэвэрлэхэд дайчилж байна. Бид аль болох л гудамж талбайн халтиргаа гулгааг арилгахаар ажиллаж байгаа. Гэвч хөрөнгө санхүү, хэрэглэх бодисын хэмжээ, тоног төхөөрөмж гээд олон хүнд асуудалтай тулгардаг.

-Аж ахуйн нэгжүүд ойр орчныхоо 50 метр хүртэлх зам талбайг цэвэрлэх ёстой гэдэг ч ихэнх нь цэвэрлэхгүй. Үүнд танай газраас хэрхэн хяналт тавьдаг юм бэ?
-Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж хийх, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилган, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон байдаг. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлэн, орчны 50 метр талбайнхаа цас мөсийг цэвэрлэнэ үү гэдгийг сануулж албан бичиг хүргүүлж байна. Уг үүргээ биелүүлээгүйгээс иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс нэхэмжлэл хүсэх эрхтэйг сануулж байгаа.

-Хот тохижилтын газ­рын ажилчдыг гартаа барих багаж хомстой гэдэг. Цас цэвэрлэгээнд яг ямар тоног төхөөрөмж ашиглаж байна вэ?
-Явган хүний зам талбайг цэвэрлэхэд уламжлалт хэлбэрээр хүрз, шүүрээр цас цэвэрлэж байна. Мөн цас үлээгч ашигладаг. Харин авто зам болон томоохон талбайг цэвэрлэхэд цасны машин болон том оврын машин механизм хэрэглэдэг.

-Танай байгууллага иргэдээс хүсэлт хүлээн авдаг уу. Иргэд оршин суугаа газрынхаа ойр орчмын  зам талбайд бодис цацуулмаар байна гэсэн дуудлага өгдөг үү?
-Манай диспетчерын албаар дамжиж хүсэлт ирдэг. Бид боломжтой бол цацаж өгнө. Гэвч нөгөө л дээрх тулгардаг бэрхшээлүүд байдаг. Бид нийт 377 километр замыг цэвэрлэгээг  хариуцдаг. 12 хэсэгт хуваагдаж ажлаа хийдэг. Иргэд хэсэг газарт байгаа цасыг харчихаад биднийг ажлаа хийсэнгүй гэдэг.
Үнэн хэрэгтээ бид амралтгүй ажиллаж байгаа ч энэ их цасыг цэвэрлэхэд хүн хүч хүрэлцэхгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан