Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Халтиргаа гулгаанаас үүдэж өдөрт 300-400 иргэн бэртэх болов


Б.МЯГМАРЖАВ


“Эгч нь ажилдаа явах замдаа Жуковын автобусны буудлын явган хүний зам дээр халтирч унаад хөлөө хугалчихлаа. Уг нь, хэрэндээ л болгоомжтой явсан юмсан. Явган хүний зам нь шулуун хээтэй болохоор гулгаа ихтэй. Ер нь,явган хүний замыг зун болгон л сольж харагддаг. Тэгээд яагаад халтирдаггүй зам тавьж болдоггүй юм бэ. Явган явдаггүй байнга машин унаж хавар, намрын хувцастай дулаан байшин, машин хооронд явдаг хүмүүс ч бидэн шиг хүний зовлонг мэдрэхгүй байх л даа. Цас их орохоор хотын зам явахын эцэсгүй болдог. Зурагт, радиогоор хэдэн арван тонноор нь цас хайлуулах бодис цацлаа, зам талбайг цэвэрлэлээ л гэх юм. Гэтэл цасыг нь цэвэрлэж халтиргаа гулгаагүй болгосон газар харагдах юм алга. Үүнээс болж олон хүнд бэртэж эрүүл мэндээрээ хохирч байна. Цас орсон үед гэрээсээ гараад хэрэггүй гэж л хэлмээр байна”  хэмээн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны оршин суугч А.Баяндэлгэр эгч ярьсан юм.

Үнэхээр ч хотын зам талбай мөсөн гулгуур адил  болж, энд тэндгүй унаж бэртсэн  иргэдтэй таарах аж. Иргэд ч халтирч унаж гар хөлөө хугалчих вий гэсэн айдастай. Манай оронд өвлийн улиралд арав гаруй удаа л их хэмжээний цас ордог гэдгийг Ус, цаг уур орчны газраас тогтоосон байдаг. Ингэхдээ хамгийн ихдээ арван сантиметр хүртэл цас ордог гэсэн. Харин энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс ахиу цас орж, зарим нутгаар 30 сантиметр хүрчээ. Хэдийгээр 70-100 жилд тохиогоогүй хүйтэн өвөл болно гэдэг нь батлагдаагүй ч  цас их орохоор шөнөдөө нягтарч мөстөх аюултай байгаа юм. Яг энэ байдал өнөөдөр нийслэлчүүдэд тулгараад байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон цас нийслэлийн зам талбайд цасан бүрхүүл үүсгэж, тэр нь өдөртөө нягтаршиж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэллээ. Тухайлбал, ГССҮТ-д өдөрт 300-400 хүн унаж бэртсэн хэмээн ирэх болсон гэнэ. Цас орсноос хойш халтирч  унасан, машины ослоор гэмтсэн тохиол бүр ч нэмэгдсэн гэнэ.

Энэ талаар ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгийн их эмч Б.Сайнбаяр “Сүүлийн үед цас их орж, халтиргаа үүссэнээс болж унасан, гэмтсэн хүмүүс эрс нэмэгдэж байна. Ялангуяа хүүхэд, настай хүмүүс олноор ирэх болсон.  Ихэвчлэн дунд чөмөгний бэртэл, доод мөчний хугарал, гарын хугарал зэрэг бэртэлтэй ирж байна. Доод мөч, гарын хугарал зэрэг нь хүнд гэмтэлтэй бол хагалгаанд орох зайлшгүй шаардлага гардаг” хэмээн ярьсан юм.

Нийслэлчүүд бидэнд өв­лийн улиралд  агаарын бохирдол харанга дэлддэг байсан бол өнөөдөр гудамж талбайн халтиргаа гулгаа толгойн өвчин болох нь. Хэдийгээр Хот тохижилтын газрын шар хантаазтангууд уртасгасан цагаар ажиллаж байгаа ч зам талбайн цас, мөстэй тэмцэхэд хүчин мөхөстөж буй гэсэн.

Энэ тухай  тус газрын ажилтан Т.Батдорж “Би үүрийн 04:00 цагаас төв замын цасыг цэвэрлэж эхэлсэн. Нэг хүн өдөрт 6000 ам.метр талбай цэвэрлэх нормтой. Энэ ажлаа хийж байж цалингаа авдаг. Ажлынхаа талд л ороод байна даа. Эндээсээ Ботаник, Цагдаагийн академи гээд ажиллана. Амралтын өдрийн өмнөх цаснаар манай ажилчид шөнөжин ажилласан. Тэгээд ч дийлэхгүй л байна” гэв.
 Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгжүүд ойр орчмынхоо 50 метр хүртэлх талбайг цэвэрлэж халтиргаа гулгаанаас сэргийлэх үүрэгтэй. Гэвч уг журмыг бодит байдалд хэрэгжүүлж албан байгууллагынхаа эргэн тойрны цасыг цэвэрлэж байгаа аж ахуйн нэгж хуруу дарам цөөн харагдана. Цаашдаа цас нэмэгдэж орох төлөвтэй. Иймээс хотын удирдлагууд болон албан байгууллагууд  ч халтиргаа гулгаанаас сэр­гийлж, зам талбайгаа цэвэр­лэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан