Нийслэлийн захирагчийн ажлын албанаас гадна зар сурталчилгааны журмыг шинэчлэн боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зорчиж буй иргэд, үйлчлүүлэгчдэд хандан зар сурталчилгаа, мэдээлэл хүргэх зорилгоор нийтийн болон хувийн эзэмшил, өмчлөлийн барилга байгууламж, газар дээр зар сурталчилгаа нийтлэх, мэдээлэл түгээх үед Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж иргэдтэй үүсэх харилцааг зохицуулахад журмын зорилго орших аж. Энэхүү журам нь Улаанбаатар хотын барилга байгууламжийн архитектур, дизайнтай уялдуулан, хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлнэ гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
НИЙСЛЭЛИЙН ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зорчиж буй иргэд, үйлчлүүлэгчдэд хандан зар сурталчилгаа, мэдээлэл хүргэх зорилгоор нийтийн болон хувийн эзэмшил, өмчлөлийн барилга байгууламж, газар дээр зар сурталчилгаа нийтлэх, мэдээлэл түгээх үед Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж иргэдтэй үүсэх харилцааг зохицуулахад журмын зорилго оршино.
1.2 Нийслэлийн гадна зар сурталчилгааны журам нь Улаанбаатар хотын барилга байгууламжийн архитектур, дизайнтай уялдуулан[Z1] хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг хангана.
1.3 Энэхүү журам нь Монгол улсын Үндсэн хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Газрын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид үндэслэнэ.
Хоёр. Гадна сурталчилгааны талаарх
нэр томъёоны ойлголт
2.1 “Сурталчилгааны байгууламж” гэж байгууллага, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, төсөл арга хэмжээг хэрэглэгч, үйчлүүлэгч, иргэдэд сурталчилах зорилгоор хийгдсэн график дизайны дүрслэл бүхий агуулгатай хэлбэр дүрс, эзэлхүүн байршлаараа ялгардаг байгууламжийг;
2.2 “Хаягийн байгууламж” гэж мэдээллийн зориулалттай бөгөөд байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, үйл ажиллагааны чиглэл, цагийн хуваарь, байршил зэрэг мэдээлэл агуулсан байгууламжийг
2.3 “Дээврийн байгууламж” гэж барилгын дээвэр дээр байрлуулсан төрөл бүрийн хийц, хэлбэр хэмжээтэйгээр хийгдсэн байгууламжийг;
2.4 “Тулгуурт байгууламж” гэж гудамж, зам дагуу байрлах тулгуур, төмөр хийц, зар сурталчилгаа байрлуулах зориулалт бүхий мэдээллийн хавтгайтай /том, дунд, жижиг хэмжээтэй/ байгууламжийг;
2.5 “Түр байгууламж” гэж улирлын болон түр хугацаагаар ажиллах нээлттэй үзэсгэлэн, зах, сүүдрэвч бүхий үйлчилгээ, урлаг, спортын арга хэмжээний үед гадаад орчноос ажиглагдахаар байрлуулсан байгууламжийг;
2.6 “Барилга байгууламжийн ханан дах байгууламж” гэж барилгын хана, фасад дээр байрлах төрөл бүрийн хэмжээтэй хавтгай хэлбэр бүхий байгууламжийг;
2.7 “Барилга байгууламжийн хашаа, хаалт дээрх байгууламж” гэж барилга баригдах, засвар өргөтгөл хийх үед түүний хашаа, хаалтны салшгүй нэгэн бүрдэл хэсэгт байрлах байгууламжийг;
2.8 “Гүүрэн байгууламж” гэж гудамж, зам, талбай дээгүүр хөндлөн байрлуулсан байгууламжийг;
2.9 “Нийтийн тээврийн зогсоол дах байгууламж” гэж нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын салшгүй бүрдэл хэсэгт байрлуулсан байгууламжийг;
2.10 “Загварт байгууламж” гэж бараа бүтээгдэхүүний гадаад хэлбэр, дүрсийг илэрхийлсэн, эзэлхүүн бүхий байгууламжийг;
2.11 “Агаарын байгууламж” гэж хийн бөмбөлөг г.м хөөрөх төхөөрөмж ашиглан хийгдсэн байгууламжийг;
2.12 “Хоргот байгууламж” гэж барилга, байгууламжийн үзмэрийн цонхонд эсвэл салангид байрлах байгууламжийг;
2.13 “Лед гэрлэн байгууламж” гэж диод гэрлэн дэлгэцтэй мэдээлэл, сурталчилгаа түгээх зориулалттай электрон тоноглол бүхий байгууламжийг;
2.14 “Нүхэн гарцын байгууламж” нь нүхэн гарцын салшгүй бүрдэл хэсэгт байрлуулсан байгууламжийг;
2.15 “Хөдөлгөөнт байгууламж” гэж бүх төрлийн тээврийн хэрэгслийн гадаргууд байрлуулсан сурталчилгааг;
2.16 “Гадна зар сурталчилгааны зөвлөл” гэж Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан гадна зар сурталчилгааны байгууламжийн талаар шийдвэр гаргахад ерөнхий бодлогын чиг үүрэг өгөх эрх бүхий байгууллагуудын төлөөлөл;
2.17 “Зарлалын хуудас” гэж бараа, ажил үйлчилгээг олон нийтэд хүргэхээр бэлтгэсэн хэвлэмэл хуудас
Гурав. Гадна сурталчилгааны байгууламжийн ангилал, нэр төрөл
3.1 Гадна сурталчилгаа нь дараах ангилалтай байна
3.1.1 Сурталчилгааны байгууламж
3.1.2 Хаягийн байгууламж
3.1.3 Зарлалын хуудас
3.2 Гадна сурталчилгааг байрлаж буй газар, барилга байгууламж, обьектын хувьд дараах байдлаар ангилна.
3.2.1 Нийтийн эзэмшил дэх
3.2.2 Хувийн эзэмшил дэх
3.3 Сурталчилгааны байгууламж нь дараах төрлүүдтэй байна.
3.3.1 Дээврийн байгууламж
3.3.2 Тулгуурт байгууламж
3.3.3 Түр байгууламж
3.3.4 Барилга байгууламжийн ханан дах байгууламж
3.3.5 Барилга байгууламжийн хашаа хаалт дээрх байгууламж
3.3.6 Гүүрэн байгууламж
3.3.7 Нийтийн тээврийн зогсоол дахь байгууламж
3.3.8 Загварт байгууламж
3.3.9 Хоргот байгууламж
3.3.10 Лед гэрлэн байгууламж
3.3.11 Нүхэн гарцын байгууламж
3.4 Хаягийн байгууламж нь дараах төрлүүдтэй байна.
3.4.1 Нэгдсэн хаягийн байгууламж
3.4.2 Гэрэлт хайрцаг
3.4.3 Эзэлхүүнт үсэг бүхий байгууламж
3.4.4 Неон гэрлэн байгууламж
3.4.5 Лэд гэрлэн
3.4.6 Хулдаасан, давуун хэвлэл бүхий
3.4.7 Туг далбаат
Дөрөв. Удирдлага, зохион байгуулалт
4.1 Энэхүү журам нь Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжинэ.
4.2 Улаанбаатар хотын Ерөнхий менежер нь гадна зар сурталчилгааны талаар ерөнхий бодлогын чиг үүргийг тодорхойлох, тавигдах шаардлага, тоо хэмжээ, загварыг тогтоох, хяналт тавих “Гадна сурталчилгааны Зөвлөл”-тэй /цаашид “Зөвлөл” гэх/ байна.
4.3 Нийтийн эзэмшлийн гудамж, талбай барилга байгууламжид гадна сурталчилгааг байрлуулахад төвийн 6 дүүрэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Налайх дүүрэгт Налайх хотын Захирагчийн ажлын алба, Багануур дүүрэгт Багануур хотын Захирагчийн ажлын алба, Багахангай дүүрэгт тус дүүргийн Засаг даргын тамгын газраас тус тус зөвшөөрөл авна.
4.4 Журмын 3.2.1-д заасан гадна сурталчилгааг байрлуулах зөвшөөрлийг тавигдах шаардлага болон “Зөвлөл”-өөс гаргасан бодлого, чиглэлд нийцүүлэн тушаал, захирамжаар 1 жил хүртэлх хугацаатай олгоно.
4.5 Хувийн эзэмшлийн газарт сурталчилгааны байгууламж байрлуулах нөхцөлд Нийслэл, дүүргийн газрын албатай зөвшилцөж “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээнд өөрчлөлт оруулах ба тухайн газрыг эзэмшигч нь сурталчилгааны байгууламжийн өнгө үзэмж, аюулгүй байдлын талаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан тавигдах шаардлагыг хангуулж ажиллах үүрэг хүлээнэ.
4.6 Хувийн эзэмшлийн барилга байгууламж, обьектын хана, дээвэрт гадна сурталчилгааны байгууламж байрлуулах бол тогтоолын 4 дүгээр хавсралтад дурдсан холбогдох шаардлагад нийцсэн байна.
4.7 Зарлалын хуудсыг зөвхөн байгууллага, аж ахуйн нэгжийн оффис, үйлчилгээний газар, орон сууцны хорооллын доторх зориулалтын мэдээллийн самбарт түүний эзэмшигчийн зөвшөөрлөөр байрлуулна.
Тав. Гадна сурталчилгааны зөвлөл
5.1 Гадна зар сурталчилгааны талаарх үйл ажиллагааг Нийслэлийн түвшинд “Зөвлөл” удирдан зохион байгуулж, журмын хэрэгжилтэнд хяналт тавина.
5.2 Зөвлөлийн дарга нь Улаанбаатар хотын Ерөнхий менежер байх бөгөөд ажил үүргийн хуваарийг тушаалаар батална.
5.3 Зөвлөл нь дараах байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ.
· Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /2-3 албан хаагч/
· Улаанбаатар хотын Цагдаагийн газар
· Замын Хөдөлгөөний Удирдлагын төв
· Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
· Нийслэлийн Хот байгуулалт, Ерөнхий төлөвлөгөөний газар
· Нийслэлийн Авто Замын хөгжлийн газар
· Нийслэлийн Газрын алба
· Олон нийтийн байгууллагын төлөөлөл
5.4 Зөвлөлийн хурлаар дараах асуудлыг шийдвэрлэх ба Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар баталгаажуулна.
5.4.1 Гадна сурталчилгааны байгууламжийн төлбөрийн зэрэглэлд хамаарах гудамж талбайн хуваарь
5.4.2 Хотын гудамж, талбайд байрлуулах сурталчилгааны байгууламжийн ерөнхий загвар, хэм хэмжээг тогтооно.
5.4.3 Гадна сурталчилгааны байгууламжийн байрлуулах гудамж, талбай, тоо хэмжээний талаарх төлөвлөгөө
5.4.4 Хувийн эзэмшил газарт байрлуулсан сурталчилгааны байгууламж, аж ахуйн нэгж байгууллагын хаягийн байгууламжид тавигдах шаардлагыг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг удирдах, дүүргүүдийн Засаг даргын тамгын газар болон холбогдох агентлаг газруудад үүрэг чиглэл өгөх
5.4.5 Журмын хэрэгжилт, үр дүнг дүгнэх, үнэлгээ өгөх
Зургаа. Гадна сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах, сунгах, цуцлах үйл ажиллагаа
6.1 Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гадна сурталчилгаа байрлуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь тавигдах шаардлагыг сайтар судалж, боломжит байршлыг судална.
6.2 Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь гадна сурталчилгаа байрлуулах хүсэлтээ албан бичгээр гаргах бөгөөд дараах баримтыг бүрдүүлнэ
6.2.1 Байрлуулах болсон шалтгаан
6.2.2 Байрлуулах газрын зураг, солбилцлын цэг
6.2.3 Байгууламжийн ангилал, төрөл, тоо, хэмжээ, эскиз зураг
6.2.4 Байрлуулах газрын фото монтаж, газрын зураг болон байгууламжийн зургийн эвлүүлэг
6.2.5 Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
6.2.6 Аж ахуйн нэгжийн танилцуулга
6.2.7 Иргэний үнэмлэх /Нотариатаар батлуулсан/
6.2.8 Байгууламжийг байрлуулах барилга, газрын өмчлөгч, эзэмшигчээс авсан зөвшөөрөл
6.3 Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь гадна сурталчилгаа байрлуулах хүсэлтийг хүлээн авч дараах шаардлагыг бүрэн хангасан байгууллагад зөвшөөрөл олгож шийдвэр гаргана.
6.3.1 Энэхүү тогтоолын дөрөвдүгээр хавсралтанд заасан тавигдах шаардлагыг хангасан байдал
6.3.2 Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэх хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн хангамжийн бүтээн байгуулалт, засварын ажлын байршилтай давхардаагүй байх
6.3.3 Орон сууцны зориулалттай барилгын цонхгүй цул хана, дээвэрт сурталчилгааны байгууламж байрлуулах бол тухайн сурталчилгаа байрлуулах хэсэгт хамааралтай орон сууц өмчлөгчид 100% зөвшөөрсөн нөхцөлд Сууц өмчлөгдийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэсэн байх
6.4 Гадна сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл олгосноор ажлын 5 хоногийн дотор гадна сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан тогтоолын гуравдугаар хавсралтын дагуу тооцсон төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу тухайн жилдээ бүрэн төлнө.
6.5 Дараах тохиолдолд гадна сурталчилгааны байгууламжийн зөвшөөрөл, гэрээг цуцалж, буулгах ажлыг зохион байгуулна.
6.5.1 Гадна сурталчилгааны байгууламж нь өнгө үзэмж, аюулгүй байдлын хувьд тавигдах шаардлагыг хангахгүй бөгөөд зөрчлийг арилгах талаар тухайн хотын Захирагчийн ажлын алба, мэргэжлийн улсын хяналтын байцаагчийн албан шаардлагыг дурдсан хугацаанд нь биелүүлээгүй;
6.5.2 Гадна сурталчилгааны байгууламжийн байршил хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлын талбайд орох;
6.5.3 Гэрээгээ сунгах хүсэлт гаргаагүй эсхүл төлбөрөө гэрээний дагуу төлөөгүй
6.6 Зөвшөөрөл нь цуцлагдсан сурталчилгааны байгууламжийг эзэмшигч өөрийн зардлаар буулгаж, орчны тохижилт, нөхөн сэргээлтийг хийнэ.
6.7 Энэхүү журмын 6.5-д зааснаар зөвшөөрөл нь хүчингүй болсон сурталчилгааны байгууламжийг эзэмшигч байгууллага нь Улаанбаатар, Налайх, Багануур хотын Захирагчийн ажлын албанаас заасан хугацаанд буулгаагүй тохиолдолд албадан буулгах арга хэмжээ авч, холбогдох зардлыг эзэмшигчээр нөхөн төлүүлнэ.
6.8 Гадна сурталчилгааны байгууламж байрлуулах, ашиглах, хяналт тавихтай холбоотой бусад асуудлыг гэрээгээр зохицуулна.
Долоо. Гадна сурталчилгааны байгууламжийн талаар шийдвэр гаргах байгууллагын эрх, үүрэг
7.1 . Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба
7.1.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийн талаар гарсан хууль, журам, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
7.1.2 Зөвлөлөөс гарсан шийдвэрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батална.
7.1.3 Тавигдах шаардлага болон “Зөвлөл”-өөс гаргасан төлөвлөгөө, тоо хэмжээнд тулгуурлан гадна сурталчилгааны байгууламжийн зөвшөөрлийг олгоно.
7.1.4 Энэхүү журмын хэрэгжилтэнд нь хяналт тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан үзлэг, шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгуулах;
7.1.5 Журмыг хэрэгжүүлэх, хяналт, судалгаа, мониторинг хийх талаар гадна сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус олон нийтийн байгууллагатай хамтран ажиллах;
7.1.6 Зөвшөөрөлгүй болон шаардлага хангаагүй, гэрээ төлбөрийн зөрчилтэй сурталчилгааны байгууламжийг буулгах талаар арга хэмжээг зохион байгуулна.
7.1.7 Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гадна сурталчилгааны байгууламж байрлуулах зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгж иргэнтэй ашиглалтын гэрээ байгуулж, зохих төлбөрийг төвлөрүүлэн ажиллана.
7.2 Багануур, Налайх хотын Захирагчийн ажлын алба:
7.2.1 Тавигдах шаардлага болон “Зөвлөл”-өөс гаргасан төлөвлөгөө, тоо хэмжээнд нийцүүлэн гадна сурталчилгааны байгууламжийн зөвшөөрлийг олгоно.
7.2.2 Тухайн дүүргийн хэмжээнд байрлуулсан сурталчилгааны байгууламжийн төлбөрийн орлогыг төвлөрүүлнэ.
7.2.3 Тухайн дүүргийн хэмжээнд журмын хэрэгжилтэнд хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээг зохион байгуулна.
7.2.4 Журмын хэрэгжилттэй холбоотой үйл ажиллагааны биелэлт, тайлан мэдээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тайлагнах
7.3 Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар
7.3.1 Хаягийн байгууламжид тавигдах шаардлага, түүнтэй холбогдуулан энэхүү журмын хэрэгжилтэнд хяналт тавих
7.3.2 Аливаа байгууллага аж ахуйн нэгж, иргэнд худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохдоо хаягийн байгууламжид тавигдах шаардлагыг чанд мөрдүүлэх
7.3.3 Багахангай дүүрэг нь тавигдах шаардлага болон “Зөвлөл”-өөс гаргасан төлөвлөгөө, тоо хэмжээнд нийцүүлэн гадна сурталчилгааны байгууламжийн зөвшөөрлийг олгож, төлбөрийн орлогыг төвлөрүүлэх
7.3.4 Журмын хэрэгжилттэй холбоотой үйл ажиллагааны биелэлт, тайлан мэдээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хагас жил тутам тайлагнана.
7.3.5 Нийтийн эзэмшлийн гудамж талбай, барилга байгууламж, эд хогшил, гэрэлтүүлгийн шон, хайс хашлага дээр нааж байрлуулсан зарлалын хуудсыг арилгах арга хэмжээ авах, энэхүү зөрчлийг баримтжуулах талаар олон нийтийн байцаагч нарыг томилон ажиллуулж, хариуцлага хүлээлгэх ажлыг зохион байгуулах.
7.4 Нийслэлийн Засаг даргын агентлаг, харьяа газрууд нь дараах байдлаар хяналт тавьж, гадна сурталчилгааны болон хаягийн байгууламжид тавигдах шаардлагыг хэрэгжүүлэхэд оролцож, тайлан мэдээг хагас жил тутамд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлнэ.
7.4.1 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь шинээр баригдах барилга байгууламжийн зураг төсөлд гадна хаягийн байгууламжийн орон зайг тавигдах шаардлагатай уялдуулан төлөвлөж, барилгын ажлын зураг төсөлд тусгуулж, батлах
7.4.2 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс нь Нийслэлийн хэмжээнд байрлуулсан гадна сурталчилгаа, хаягийн байгууламжийн өнгө үзэмж, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж зөрчлийг арилгуулах, журмыг зөрчсөн этгээдэд хариуцлага тооцож ажиллах
7.4.3 Нийслэлийн газрын алба нь хувийн эзэмшлийнхээ газарт гадна сурталчилгааны байгууламж байрлуулсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмшүүлэх гэрээнд энэхүү журамд заасан шаардлагуудыг биелүүлэх тухай нөхцлийг тусгаж түүний хэрэгжилтэнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллах, гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах
7.4.4 Нийслэлийн Автозамын хөгжлийн газар нь тухайн жилд хийгдэх автозамын барилга, засвар, өргөтгөлийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ “Зөвлөл”-ийг урьдчилсан мэдээллээр шуурхай хангаж ажиллах
7.4.5 Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь эмнэлэг, эмийн сангуудын хаягийн байгууламжид тавигдах шаардлагыг хангасан байдалд хяналт тавьж, тусгай зөвшөөрөл олгох
7.4.6 Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь зочид буудал, аялал жуулчлалын баазуудын гадна хаягийн байгууламжийн тавигдах шаардлагыг мөрдүүлэх ба үйлчилгээний газруудын хаягийн байгууламжийн бичвэр нь гадаад, дотоодын жуучдад зөв ойлголт өгч буй эсэх, оноосон нэрийн утгаа бүрэн илэрхийлж буй эсэхэд үнэлгээ өгөх, хяналт тавих
7.4.7 Нийслэлийн боловсролын газар нь төрийн өмчийн болон хувийн хэвшлийн бүх шатны сургууль, цэцэрлэг, боловсролын салбарын бусад байгууллагын гадна хаягийн байгууламжийн өнгө үзэмж, тавигдах шаардлагыг хангасан байдалд хяналт тавих
7.4.8 Нийслэлийн Соёл урлагийн газар нь театр, караоке гэх мэт урлаг соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын гадна хаягийн байгууламжийн өнгө үзэмж, тавигдах шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавих
7.4.9 Улаанбаатар хотын Цагдаагийн газар нь зарлалын хуудас болон сурталчилгааны байгууламжийг ашиглан Зар сурталчилгааны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн этгээдүүдэд Захиргааны хариуцлага тооцон ажиллах
Найм. Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг.
8.1 Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн гадна сурталчилгааны байгууламжийн талаар дараах эрхтэй:
8.1.1 Энэхүү журмын шаардлагыг хангаж байгаа тохиолдолд зөвшөөрөл авах
8.1.2 Гадна сурталчилгааны байгууламж дээрээ өөрийн болон бусдын зар сурталчилгааг байрлуулах.
8.1.3 Гадна зар сурталчилгааны байгууламжаа бусдын буруутай үйл ажиллагааны улмаас гэмтээсэн, үрэгдүүлсэн мөн өөр байгууллагын уран бүтээл болон нэр лого, бэлгэ тэмдэг, хувь хүний эрх, ашиг, зохиогчийн эрх зөрчигдсөн тохиолдолд энэ талаарх гомдлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд гарган холбогдох мэргэжлийн байгууллагын зүгээс тодорхойлолт гаргуулах
8.1.4 Зар сурталчилгааны төрөлд шинэлэг технологи ашигласан, дэлгэцэт байгууламжийн шинэ төрлүүд нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага эхний 1 жилд хураамжаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ Зөвлөлд гаргаж, шийдвэрлүүлнэ.
8.2 Байгууллага, аж ахуйн нэгж гадна зар сурталчилгааны байгууламжийн талаар дараах үүрэг хүлээнэ.
8.2.1 Гадна зар сурталчилгааны байгууламжаа ашиглалтанд оруулах, ашиглах, техникийн болон аюулгүй ажиллагааны журам, тавигдах шаардлагыг зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцах.
8.2.2 Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гадна сурталчилгааны байгууламж байрлуулсан хугацаанд дүйцэх төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх
8.2.3 Зар сурталчилгааны хууль болон энэхүү журмыг зөрчсөн сурталчилгаа байрлуулснаас гарах хариуцлагыг бүрэн хариуцах.
8.2.4 Нийслэл, дүүрэг, харьяа байгууллагуудаас зохион байгуулж буй үйл ажиллагаа, арга хэмжээг олон нийтэд сурталчилах зорилгоор сурталчилгааны байгууламжаа улирал бүр 10 хүртэлх хоногоор үнэ төлбөргүй ашиглуулах.
8.2.5 Дараах тохиолдолд гадна зар сурталчилгааны байгууламжаа өөрийн зардлаар буулгаж, орчны тохижилт, засварыг хийж гүйцэтгэнэ.
8.2.5.1 Ашиглалтын гэрээний хугацаа дуусгавар болох
8.2.5.2 Журмын 6.5-д зааснаар зөвшөөрлийг хүчингүй болгох
8.3 Гадна зар сурталчилгааны талаар дараах үйл ажиллагааг хориглоно:
8.3.1 Зөвшөөрөлгүйгээр хувийн хэвшлийн барилга байгууламж, газар дээр гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах, зар сурталчилгааг нийтлэх:
8.3.2 Түүх соёлын дурсгалт газар, дархан цаазат газар, улсын онцгой обьектын бүрэн бүтэн байдал, утгат чанарыг алдагдуулах.
8.3.3 Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах зөвшөөрлийг бусдад шилжүүлэх, худалдах.
8.3.4 Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, барилга байгууламж, эд хогшил, гэрэлтүүлгийн болон бусад зориулалтын шон, хайс хашлага, автобусны буудал зэрэгт зарлалын хуудсыг наахгүй байх.
8.3.5 Орон сууны дээвэр дээр тухайн хотхон, сууц өмчлөгчдийн холбооны нэрээс бусад мэдээллийн болон бүх төрлийн сурталчилгаа байрлуулахыг хориглоно
8.3.6 Гадна зар сурталчилгааны байгууламж дээр Зар сурталчилгааны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хориглосон сурталчилгаа нийтлэх
Ес. Хүлээлгэх хариуцлага
9.1 Энэхүү журмыг зөрчсөн гэм буруутай байгууллага, албан тушаалтанд Зар сурталчилгааны хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2; Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.
9.2 Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах, ашиглалтын явцад хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад учруулсан хохирлыг тухайн сурталчилгааны байгууламж эзэмшигч хариуцна.
9.3 Энэхүү журмыг зөрчсөн байгууллага аж ахуйн нэгжийн гадна зар сурталчилгааны байгууламжийн зөвшөөрлийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу хүчингүй болгоно.
9.4 Гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалт, тэдгээрийн техник аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүй, мөрдөгдөж буй хууль дүрэм журмыг зөрчин байрлуулсан мэдээллийн байгууламжийг албадан буулгах бөгөөд байгууламжийг буулгасан зардлыг тухайн байгууллагаар нөхөн төлүүлэх арга хэмжээг авна.
oo00оo
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2016 оны ... дугаар
тогтоолын хоёрдугаар хавсралт
Гадна сурталчилгааны байгууламж байрлуулахыг хориглох гудамж, зам талбай
1. Гадна сурталчилгааг дор дурдсан газруудад байрлуулахыг хориглоно. Үүнд:
1.1. Соёлын өвд бүртгэл бүхий Хөшөө дурсгал, түүх соёлын дурсгалт газрууд.
1.2. Музей, дархан цаазат газар
1.3. Архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж
1.4. Сүм хийдийн барилга, түүний байнгын хашаа хайс
1.5. Төрийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын барилга байгууламж, түүний эзэмшлийн газарт
2. Гадна сурталчилгааны тулгуурт болон гүүрэн байгууламжийг дор дурдсан гудамжинд байрлуулахыг хориглоно. Үүнд:
2.1. Энхтайваны өргөн чөлөө /Саппарогоос Офицеруудын ордон хүртэл/
2.2. Чингисийн өргөн чөлөө
2.3. Сүхбаатарын гудамж
2.4. Их сургуулийн гудамж
2.5. Жуулчны гудамж
2.6. Олимпийн гудамж
2.7. Их Монгол улсын гудамж
2.8. Токиогийн гудамж
2.9. Бээжингийн гудамж
2.10. Бага тойруу болон түүнээс дотогш гудамж
2.11. Наадамчдын зам
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны ... дугаар
тогтоолын гуравдугаар хавсралт
Нийтийн эзэмшлийн газар, барилга байгууламжид байрлуулах гадна зар сурталчилгааны байгууламжийн төлбөр
1. Тулгуурт, дээврийн, гүүрэн, барилгын хана, хашаа, нийтийн тээврийн зогсоол дээр байрлах сурталчилгааны байгууламжийн 1 жилд ногдох төлбөрийн хэмжээг тооцохдоо 1 м2 талбайн үнийг нийт талбайгаар үржүүлж тооцно.
Талбайн хэмжээ /м2/ |
1м2 талбайгаас авах хураамжийн хэмжээ гудамжны зэрэглэлээр / төгрөгөөр / |
||
1-р зэрэглэл |
2-р зэрэглэл |
3-р зэрэглэл |
|
1 м2 |
160’000.00 |
80’000.00 |
40’000.00 |
2. Лед гэрлэн байгууламжийн 1 жилд төлөх төлбөрийн хэмжээг тооцохдоо нэг талын талбайн хэмжээгээр тодорхойлж талуудын тоогоор нэмэгдүүлж тооцно.
Талбайн хэмжээ /м2/ |
1м2 талбайгаас авах хураамжийн хэмжээ гудамжны зэрэглэлээр / төгрөгөөр / |
|||||
Дүрс бичлэг гаргах зориулалтай |
Текст гаргах зориулалттай. |
|||||
1-р зэрэглэл |
2-р зэрэглэл |
3-р зэрэглэл |
1-р зэрэглэл |
2-р зэрэглэл |
3-р зэрэглэл |
|
1 м2 |
140’000.00 |
70’000.00 |
30’000.00 |
70’000 |
45’000 |
20’000 |
3. Эзэлхүүн, орон зайг хамарсан зар сурталчилгааны байгууламж /Хоргот байгууламж, загварт байгууламж/-ийн төлбөрийг тодорхойлохдоо тухайн байгууламжийн эзэлхүүнээр тодорхойлно.
Эзэлхүүний хэмжээ /м3/ |
1м3 эзэлхүүн бүхий байгууламжаас авах хураамжийн хэмжээ гудамжны зэрэглэлээр /төгрөг/ |
||
1-р зэрэглэл |
2-р зэрэглэл |
3-р зэрэглэл |
|
1 м3 |
40’000.00 |
20’000.00 |
10’000.00 |
4. Хөдөлгөөнт, нүхэн гарцын болон нийтийн тээврийн зогсоол дах байгууламжийн төлбөрийг тодорхойлохдоо эзэлж буй талбайг тодорхойлон 1 м2 тутамд жил бүрийн 70’000 төгрөгөөр тооцно.
5. Хаягийн байгууламжийн төлбөрийг 1 дүгээр зэрэглэлд жилийн 300.000 төгрөг, 2 дугаар зэрэглэлд 200.000 төгрөг, 3-р зэрэглэлд 100.000 төгрөгөөр тооцно
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны ... дугаар
тогтоолын дөрөвдүгээр хавсралт
ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
НЭГ. СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖ:
1.1 Гадна сурталчилгааны төлөвлөлтийг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг мөрдөх, түүнтэй уялдуулан зохион байгуулах;
1.2 Гадна эсвэл дотор гэрэлтүүлэгтэй байх;
1.3 Сурталчилгааны байгууламж байрлуулахдаа “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм”, “Цахилгаан техникийн угсралтын дүрэм”, Барилгын норм, нормативын дагуу ашиглалтанд оруулна.
1.4 Нэг орон зайд нэгэн жигд загвар, хэмжээтэй байх зарчмыг баримтлах;
1.5 Замын хөдөлгөөний болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер, хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, авто замын тэмдгийн үзэгдэх орчинг халхлахгүй байх;
1.6 Гадна сурталчилгаа байршил, хугацаа нь хот тохижилт, инженерийн хангамжийн байгууллагуудын бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний ажлын график, төлөвлөгөөтэй нягт уялдсан байх;
1.7 Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлуулах бол дэд бүтцийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст байрлуулаагүй байх.
1.8 Авто зам болон явган замын зорчих хөдөлгөөнд саад учруулахгүй байх, замын байгууламжаас хэвтээ проекцоор 1 м зайтай байх
1.9 Барилга байгууламжийн хана, дээвэрт байрлуулсан сурталчилгааны байгууламж нь тухайн барилгын аюулгүй, бүрэн бүтэн, өнгө үзэмжийг алдагдуулахгүй байх;
1.10 Бусдын эзэмшил газар, барилга байгууламж, обьектыг ашиглан нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гадна сурталчилгаа түгээх бол түүний эзэмшигчтэй албан ёсоор зөвшилцсөн байх;
1.11 Гадна зар сурталчилгааны байгууламж дээрх сурталчилгааны бичвэр нь Монгол улсын Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын 5-д заасны дагуу монгол /крилл/ үсгээр алдаагүй бичигдсэн байх ба зохиогчийн эрхээр баталгаажсан бараа, бүтээгдэхүүний лого дээрх бичвэрт энэ нь хамаарахгүй.
1.12 Гадна зар сурталчилгааны байгууламжийн бүрэн бүтэн, өнгө үзэмжтэй, аюулгүй байдлыг хариуцах; урсгал засвар арчилгааг байнга хийж гүйцэтгэдэг байх.
1.13 Нийтийн тээврийн зогсоол дахь сурталчилгааны байгууламж дээр нийтийн тээврийн хэрэгслийн маршрут, мэдээллийг байрлуулсан байх
ХОЁР. ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖ
2.1 Гадна хаягийн байгууламжийн бичвэрийг Монгол Улсын засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын 5 дахь заалтын дагуу Монгол хэл /крилл/-ээр үг, үсгийн алдаагүй бичих ба Монгол бичиг /уйгаржин/-ээр бичиж болно.
2.2 Шаардлагатай нөхцөл /бараа, бүтээгдэхүүний нэр, лого нь зохиогчийн эрхээр баталгаажсан, гадаадын иргэд олноор үйлчлүүлдэг/-д гадна хаяг, мэдээллийн байгууламжийн бичвэрийг англи хэлээр бичих ба бичвэр нь монгол бичвэрийн доод талд байрлаж, түүнээс 2 дахин бага өндөртэй байх эсвэл монгол /крилл/ бичвэрийн зүүн гар талд байрлаж, түүнтэй ижил өндөртэй байна.
2.3 Гадна хаягийн байгууламжийг нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлуулах нөхцөлд дараах хэм хэмжээг баримтална.
2.3.1 Автомашин болон явган хүний хөдөлгөөнд саад учруулахгүй, үзэгдэх орчин хязгаарлахгүй байх
2.3.2 Замын байгууламжаас 1 метрээс багагүй зайд байрлана.
2.3.3 Авто зам, инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэхээр төлөвлөж байгаа газарт байрлуулахгүй байх.
2.4 Гадна хаягийн байгууламжийг барилгын хана, фасад дээвэрт байрлах нөхцөлд тухайн барилга болон хөрш зэргэлдээ обьектын цонх, хаалга, үзэгдэх орчинг халхлахгүй байна.
2.5 Гадна хаягийн байгууламж нь гадна эсвэл дотор гэрэлтүүлэгтэй байна.
2.6 Цахилгаан болон барилга угсралтын аюулгүй ажиллагааны талаарх холбогдох норм, стандартыг баримталсан байна.
2.7 Барилгын даац, гадна фасадны бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байхын зэрэгцээ хууль ёсны эзэмшигч, ашиглагч нараас албан ёсоор зөвшөөрөл авсан байна.
2.8 Нэг барилга, обьектэд хэд хэдэн байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд тэдгээрийн гадна хаяг, мэдээллийн байгууламж нь дараах шаардлагыг хангасан байна.
2.8.1 Нэг барилга байгууламжид байрлаж буй хэд хэдэн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаягийн байгууламжийн нийт овор хэмжээ нь жигд өндөрт байрлаж, ижил технологи материал ашиглан хийгдэх ба өнгө, лого болон бичвэрийг тус тусын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн байрлуулна.
2.8.2 Нийт хаягийн талбайн хэмжээ фасадны 20 хувиас хэтрэхгүй хэмжээтэй байна.
2.8.3 Нэг барилгад үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн байгууллагын гадна хаягийн байгууламжийг нийтийн эзэмшлийн талбайд байрлуулахаар бол бүх байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн хаягийн байгууламжийг тухайн барилгын эзэмшигч, өмчлөгчийн зүгээс байрлуулна.
2.8.4 Аль нэг байгууллага солигдох, мэдээлэл нь шинэчлэх үед мэдээллийг хялбар өөрчилж болох шийдэлтэй байна.
2.9 Гадна хаяг, мэдээллийн байгууламж нь хотын өнгө үзэмжид нийцсэн, орчин үеийн технологийн шийдлийг ашигласан байхаас ба засвар, үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангуулна.
Нийслэлийн гадна зар сурталчилгааны тухай хууль тогтоомж боловсруулахад холбоотой хууль, тогтоомжууд:
1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7
2. Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4, 29 дүгээр зүйлийн 29.1.1; 29.1.2 дахь заалт