Б.МЯГМАРЖАВ
Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээ хэрээс хэтэрч дэлхийн дунджаас зургаа дахин их байгааг нийслэлийн Агаарын чанарын албанаас тогтоосон. Агаарын бохирдлын 80 хувийг жилд сая гаруй тонн нүүрс түлдэг Улаанбаатарын гэр хорооллын 198 мянган өрхийн яндан “үйлдвэрлэдэг”. Харин нийслэлд хөлхөж буй 330 мянга гаруй тээврийн хэрэгсэл 10 хувийг, гурван ДЦС зургаан хувийг, хөрснөөс дэгдэж буй тоос дөрвөн хувийг нь эзэлдэг аж. Тэгвэл агаарын бохирдлыг бууруулахаар нийслэлийн төсөв болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын буцалтгүй тусламж, зээлээр 2011-2015 онд 132.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Сайжруулсан зуух, утаагүй түлш гэх мэт олон төсөл хэрэгжүүлснийг иргэд андахгүй. Гэвч нийслэлийн агаарын бохирдол төдийлөн буурсангүй. Тухайлбал, одоогоор нийслэлийн агаарын найрлагад азотын исэл том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй адил байна. Мөн амьсгалын эрхтэнг цочроож, архаг үрэвсэл үүсэхэд хүргэдэг хүхрийн давхар ислийн хэмжээ 36 орчим хувь, жижиг ширхэгт тоосонцорын хэмжээ зургаан хувийг нь эзэлж байгаа аж.
Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Хүйтрэх тусам томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Энэ нь агаарын бохирдолтой шууд холбоотой. Бидний эрүүл амьдрах орчныг утаа үгүй хийж байна гэсэн үг. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулах нь хамгийн түрүүнд хийх ёстой ажил болоод байна” гэсэн юм. Иймээс Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан агаарын бохирдлыг цаашид хэрхэн бууруулах, ямар арга хэмжээ авч буй талаар мэдээлэл өгсөн юм. Тэд юун түрүүнд дулаан хуримтлуулах шинэ төхөөрөмж танилцууллаа. Энэ нь, шөнийн цагаар дулаан хуримтлуулж, өдөрт нь 16 цагийн турш дулаан ялгаруулдаг бөгөөд дээр нь хоол цайгаа ч хийх боломжтой төхөөрөмж юм. Утаа ялгаруулахгүй, байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд аюулгүй, уг халаагуурыг гэр хорооллын 198 мянган өрх хэрэглэх тухай нийслэлийн удирдлагуудаас санал болгож байна. Өмнө нь, агаарын бохирдлыг бууруулахаар төрөл бүрийн цахилгаан халаагуур, зуух иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгож байсан ч энэ нь хүрэх ёстой айл өрхүүддээ очдоггүй гараас гар дамжин ашиг олох гэсэн иргэдийн халаасанд орж байсан. Иргэдийн зүгээс агаарын бохирдлыг бууруулах санал санаачилгыг дэмжих бөгөөд гол нь үнэ хямд цахилгаанд хэмнэлттэй зуух, цахилгаан халаагуур хүсдэг. Нийслэлээс танилцуулж буй шинэ төхөөрөмж 2.5 сая төгрөг болох бөгөөд төрөөс 50 хувийг нь хөнгөлөх аж. Гэвч чадан ядан амьдралаа залгуулж буй гэр хорооллын иргэдэд сая гаруй төгрөг гэдэг чамгүй мөнгө. Манай улсын хүн амын 45 хувь нь нийслэлд амьдарч тэдгээрийн 61 хувь нь буюу 198 мянган айл өрх гэр хорооллын бүсэд амьдардаг гэсэн статистик бий. Хэрэв нэг өрхөд сая 250 мянган төгрөгийн хөнгөлөлт олгоно гэж үзвэл төрөөс 198.000 х1,250,000 гэхээр 247 тэрбум 500 сая төгрөгийг иргэдэд хөнгөлөлттэй үнээр цахилгаан халаагуур олгоход шаардлагатай гэсэн үг. Манайхны хувьд сүүлийн арав гаруй жил утааны асуудал хурцаар яригдаж энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, энэ хэрээр хэдэн зуун тэрбумаар хөрөнгө мөнгө төсөвлөдөг. Гэтэл ингэж их зарцуулах тусам утаа улам нэмэгдээд байх шиг. Өмнө нь, утаагүй зууханд нийт 68 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Ингэхдээ “Сэлэнгэ констракшн” ХХК-ийн Өлзий зуух, “Роял өүшн ХХК” Том дөл зуух, “Элмеко” ХХК-ийн Талст, “Их тэнгэрийн хүч” ХХК-ийн Bekas-107 зэрэг дөрвөн төрлийн зуухыг нэг айл хамгийн багадаа 32-50 мянган төгрөг төлж авсан. “Өлзий” зуухны өөрийн өртөг нь 419 мянга 360 төгрөг бөгөөд 93 хувийн хөнглөлттэй үнээр иргэдэд очсон. Гэтэл иргэд ийм хэмжээний мөнгө төлөөд дээрх зуухнуудыг хэдэн жил хэрэглэж байгаа билээ. Ингээд бодохоор төслөөр авсан зуухнуудыг бид хэдэн жил хэрэглээд хог дээр хаях болчихов. Утаагүй зууханд зарцуулсан 68 тэрбум төгрөг үр ашиггүй мөнгө болох нь.
Мөн утаагүй түлш хийх нэрийдлээр зөвхөн “Аморе интернэшнл” компанийг 18,2 тэрбум төгрөгөөр дэмжсэн байдаг. Энэ мэтчилэн татвар төлөгчдийн болон гадаадын зээл тусламжийн хэдэн зуун тэрбум төгрөг ашиггүй зарцуулагдсаар байна. Агаарын бохирдол гэхээр бизнес ашиг олох хэрэгсэл болгож хардаг болсон энэ үед хотоос хэрэгжүүлэхээр зэхэж буй дулаан хадгалах төхөөрөмж нь хэн нэгний бизнесийг дэмжих дараагийн хэрэгсэл биш байгаасай.
Нийслэлээс санал болгож буй ХБНГУ-д үйлдвэрлэсэн төхөөрөмжийг суурилуулснаар нүүрс түлэх шаардлагагүй болох бөгөөд сэргээгдэх эрчим хүч болон цахилгаанаар цэнэглэж ашиглах юм байна. Нэг өрх өдөрт дунджаар 5 квт цахилгаан зарцуулдаг гэж тооцоход төхөөрөмж өдөрт дунджаар 1,5-2 квт тогоор ажилладаг юм байна.
Түүнчлэн нийслэлийн зүгээс нэгдсэн дулааны шугамд холбогдоогүй төрийн байгууллагуудыг нарны эх үүсвэрээр халдаг халаалтын систем суурилуулж эхэлсэн байна. Хотын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний системд холбогдох боломжтой 53 хороо, 35 сургууль, 47 цэцэрлэгийн байр бий гэж тооцжээ. Нэг хорооны барилга дунджаар 400-500 ам.метр талбайтай гэж үзвэл үүнийг халаахад өвөлдөө 50 тонн нүүрс шаардлагатай байдаг аж. Одоогоор Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны байрыг нарны эрчим хүчээр халдаг хосолмол системд холбогджээ. Тиймээс өвлийн улиралд хэрэглэдэг зардлынхаа 50 хувийг хэмнээд байгаа гэв. Уг төхөөрөмжийг суурилуулахад 100 орчим сая төгрөг болдог байна. Энэ жишгээр дулааны хэмнэлт хийж буй арван хороо байгаа аж. Цаашид нийслэлийн зүгээс төвийн дулаанд холбогдоогүй бүх хороо, сургууль, цэцэрлэгийн байрт суурилуулахаар төлөвлөсөн байна.
Дээрх асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хот болон Засгийн газрын зүгээс агаарын бохирдлыг бууруулах талаар олон арга хэмжээ авч байгаа ч өнөөг хүртэл нийслэлийн утаа багасахгүй байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хамгийн чухал арга хэмжээ юу байж болох вэ?
-Агаарын бохирдлыг бууруулахын тулд урт хугацааны туршид тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Дулаан хуримтлуулах, цахилгаан инновацийг бий болгох, эрчим хүчний шөнийн хөнгөлөлт үзүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан байгуулж ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөөд байна.
-Тухайлбал?
-Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Агаарын бохирдлыг бууруулах “Утаагүй хот-2030” төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэ дагуу хөтөлбөр боловсруулан гаргаж, хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна. Өмнө нь хэрэгжүүлж байсан бүрэн шаталттай зуух, сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зөв системтэй үргэлжлүүлэх мөн Олон улсын байгууллагын санхүүжилтийг татаж агаарын бохирдлыг бууруулах шинэ техник технологи нэвтрүүлнэ. Шөнийн цагт эрчим хүч хурааж, өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөж байна. “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан” (НАББС) байгуулж, түүгээр дамжуулан төхөөрөмжөө иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүргэхээр төлөвлөсөн. Мөн нийтийн тээвэрт явж буй дизель хөдөлгүүртэй автобусанд тортогийг 80 хүртэл хувиар бууруулах төхөөрөмж суурилуулах зэрэг олон ажил төлөвлөж байна.
-Иргэдийн зүгээс хүлээж байгаа гол зүйл бол үнэ боломжийн цахилгааны хэмнэлттэй төхөөрөмж. Гэвч шинэ танилцуулж буй төхөөрөмжийн өртөг өндөр санагдсан?
-Байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэхийн тулд Төр-Иргэн хоёр хамтарч зөв технологийг хэрэглэх нь зүйтэй гэсэн бодлого барьж ажиллаж байна. Бид “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан”-г байгуулахаар төсөл боловсруулсан. Иргэдийн нүүрсэнд өгдөг мөнгөөр сандаа хуримтлал үүсгэх хэлбэрээр явах юм. Энэ долоо хоногт Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд танилцуулна. Дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.