Ж.ЖАМУХА
Хэвлийд нь долоон халуун амь бүрэлдсэн эх хүн орох орон ойчих аягагүй, өрх толгойлон үлдсэн тухай сэтгэл өвтгөм мэдээг цас орж, чамгүй хүйтэрсэн хойно олж сонссон билээ. Тухайн үед “Өвлийг давчихвал ч” гэж бодсоноос алгын чинээхэн долоон амьтан амьдралыг яахан туулах тухайд бодож төвдөөгүй билээ. Уншигч та ч гэсэн төсөөлөөд үзээрэй, хоёр бага нь ой ч хүрээгүй долоогийн долоон хүүхэдтэй бэлэвсэн бүсгүй хахир өвөл, хатуу амьдралыг яахан туулах билээ. Ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээчийн үлгэр энэ болов уу. 27-хон насандаа зургаан охин, нэг хүү төрүүлсэн Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Солонгын тухай анх сонсчихоод эрхгүй сэтгэл өвдөж, эрвийх дэрвийхээрээ тус болохсон гэж бодож байв. Гэвч санаа байв ч сачий хүрэхгүй гэдэгчлэн хэчнээн өрөвдөж халаглаад өнчин өрөөсөн долоон хүүхэд, эрхэлсэн ажилгүй Д.Солонгод илүүчилж чадаагүйгээ нуух юун. Харин азаар халуун сэтгэл өвөрлөсөн хамт олны ачаар Д.Солонгынх жавар тачигнасан өвлөөс өмнө хашаа байшинтай болжээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн хамт олон Барилгын салбар үүсч хөгжсөний 90, Барилгын техникийн хяналтын салбар байгуулагдсаны 60 жилийг ойг тохиолдуулан сайн үйлсийн аян өрнүүлэхээр шийдсэн нь нүдээ олж, Д.Солонго долоон хүүхдийнхээ хамт орох оронтой болжээ.
НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийнхэн тэмдэглэлт ойн хүрээндээ хүмүүнлэгийн ажил санаачлан зохион байгуулахаар болж, тус хэлтсийн улсын байцаагч Т.Батцэнгэл гэх залуу шинэ газарт байшин барьж, гэр оронгүй, тусламж хэрэгтэй айлд хандивлах тухай санаачилсэн нь ийн биелэлээ олсон хэрэг. Түүний санаачлагыг хамт олон нь дэмжсэнээр тэрээр байшин барих төсөл бичсэн аж. Улмаар төслийнхөө дагуу барилгын болон бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд уриалга хүргүүлсэн байна.
Эдийн засаг хүнд, улс орон хямралтай байгаа энэ үед бэлэн мөнгө сарвайх хүн цөөн учир заавал мөнгө төгрөг гэлтгүй хашаа байшин барихад шаардлагатай барилгын материал, багаж, тоног төхөөрөмж, хүн хүчээр туслахыг уриалсан байна. Салбар хариуцсан хяналтын байгууллагын сайхан сэтгэлт хамт олны санаачлагыг ч компаниуд дэмжиж, богино хугацаанд дөрвөн тал хашаа, 7х8 хэмжээтэй байшин барих материал хангамж цуглуулжээ. Хэдий хашаа байшингийн материал бэлэн болж, барих хүмүүс нь ч ажилдаа ороход бэлэн болсон ч газрын асуудал шийдэгдэлгүй хүлээлт үүсгээд байв. Хашаа байшингаа хаана барихаа мэдэхгүй, газар хөөцөлдөж байх төсөл санаачлагчдын нэг нь “Хилчин” хотхоноос холгүй өөрийн эзэмшлийн зуслангийн газраа Д.Солонгын гэр бүлд бэлэг болгон өгчээ. Хашаа барих газартай болсон баг хамт олон ч ханцуй шамлан ажилдаа орж өнгөрөгч наймдугаар сарын 15-ны билэгт сайн өдөр газар дээрээ байшингийн шав тавьж, ажилдаа орсон аж. Сайхан сэтгэл өвөрлөж, санаа сэтгэл нийлсэн хамт олон ч хоёр сар хүрэхгүй хугацаанд хашаа, байшингаа бэлэн болгожээ. Гэвч тухайн үед дөрвөн тал хашаа байшин, 56 ам.метр талбай бүхий гурван өрөө байшгийн эзэн хараахан тодроогүй байв. Ямартай ч, бусдад буян үйлдэхээр сэдсэн эл ажил биелэлээ олсон ч хашаа байшингийн түлхүүрийн хэний гарт атгуулах тухай хэлцэж тохироогүй байсан хэрэг. Улмаар төсөл санаачлагчид байшингаа бэлэн болгочихоод ямар айлд өгөх, айлаа хэрхэн яаж олох вэ хэмээн уйгагүй судалгаа хийж эхэлжээ. Ингэхдээ хэн нэгэн танил тал харалгүй үнэхээр тус дэм хэрэгтэй нэгнийг өөрсдөө хайж олохоор судалж эхэлсэн байна. Дэд бүтцийн хяналтын хэлтсийн хамт олон арав орчим айлаар орж, аж байдал ахуй амьдралтай нь танилцсан бөгөөд олны дунд бага насны хүүхдээрээ хүнд хүчир хөдөлмөр эрхлүүлж, олсон мөнгөөр нь амьдардаг тэр ч бүү хэл байгаа мөнгөө архинаас өгчихдөг нь байсан аж. Тиймдээ ч будаг нь ханхалсан шинэхэн хашаа байшингаа архины мөнгөнөөс өгчихөж мэдэх, итгэл даахгүй нэгэнд бус жинхэнэ “эзэн”-д өгөхөөр чамгүй явжээ. Ийнхүү олон ч айлаар орж судалж үзсэний эцэст долоон хүүхэдтэй, машин угаалгын газрын 300 мянган төгрөгийн цалингаар өл залгуулдаг Солонгынхыг сонгосон байна. Уншигч та санаж байгаа бол Гавьяат тамирчин Үйтүмэнгийн оролцсон “ТВ9” телевизийн “Тамирчны хишиг өдөр” нэвтрүүлгээс анх Солонгын тухай олж мэдсэн аж. Улмаар долоон хүүхэдтэй Д.Солонготой танилцаж, ахуй амьдралыг нь тандсаны эцэст хашаа байшингаа бэлэглэхээр болсон юм.
Эл үйл явдлыг сурвалжлахаар өнгөрөгч баасан гарагт НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн хамт олонтой Д.Солонгынд очсон юм. Төсөл санаачлагчид Солонгод хашаа байшин бэлэглэх тухайгаа хэлж яриагүй бөгөөд гэнэтийн бэлэг барихаар шийдсэн байв. “Баруун салаа орж хүнтэй уулзах хэрэг байна” хэмээн хүүхдүүдийнх нь хамт дагуулан явсаар шинэхэн хашаа байшинд очсон юм. Аав, ээжийндээ амьдарч байсан Солонго ч сайхан сэтгэлт хамт олны ачаар нэг л өдөр өөрийн гэсэн орон гэртэй болчихно чинээ санаагүй явсан нь мэдээж. Тиймдээ ч Солонго болоод түүний хүүхдүүдэд итгэхэд бэрх гэнэтийн үйл явдал байв. Уужим саруулхан хашаа, чанартай, дулаан байшингийнхаа түлхүүрийг гардсан тэрээр хэлэх үгээ олж ядан нулимс унагаж зогссон юм.
Төсөл хэрэгжүүлэгч хэлтсийн мэргэжилтэн бүсгүй “Бид арав гаруй айлаар орж аж байдалтай нь танилцсан. Тэдний дунд ажил төрөлтэй хэр нь архи дарс уудаг, олсоноо юм болгож чаддаггүй нь ч байсан. Тэгэхэд Солонго сарын 300-хан мянган төгрөгөөр долоогийн долоон хүүхдээ хооллож, хувцаслаад болж л байна. Шинэ гэрт нь аваачихаар хэлэлгүй ирж хүүхдүүдийг нь аваад гарах гэтэл дөрвөн бага нь гадуур хувцасгүйн дээр хоол тэжээлийн дутагдалтай, үнэхээр хүнд байгааг ч анзаарлаа. Гэхдээ л гэр орон нь цэвэрхэн, эмх цэгцтэй байгаа нь Солонгыг амьдралын төлөө хэрхэн тэмцэж байгааг харууллаа” гэсэн юм. Үнэхээр ч өөрийн нүдээр үзсэн надад “Танайд хоноё” нэвтрүүлгээр олны танил болсон талийгаач Тунгалаг бүсгүйн хэлсэнчлэн “Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог” гэх үг эрхгүй санаанд бууж байв.
“Сард 300 мянган төгрөг авдаг. Бага гэлтгүй авсан цалингаараа хүүхдүүдээ хооллож, хувцаслаад болж л байна. Миний хүүхдүүд хүмүүжилтэй, өвдөж хавдаж ээжийгээ зовоогоод байдаггүй харьцангуй бие даачихсан хүүхдүүд. Ер нь, хүүхэд эрүүл саруул л байвал хурдан том болдог шүү дээ. Өвдөж зовоохгүй л бол өөр юу хүсэх билээ” хэмээн Солонго бүсгүй учирлаж байв. Үнэхээр өвчингүй бол жаргал гэдэг. Солонго таван удаа төрөхдөө долоон хүүхэдтэй болсон бөгөөд хоёр удаад нь ихэрлэсэн аж. Дөрвөн бага нь хоёр хоёроороо ихэр бөгөөд хамгийн бага хоёр нь есөн сартай аж. Тэрээр энэ тухайд “Би 17 настайдаа нөхөртэйгөө танилцаж, 18-тай анхны хүүхдээ төрүүлсэн. Том охин маань энэ жил 11-тэй. Гурван том маань нэг, хоёр насны зөрүүтэй, дараагийн дөрөв нь хоёр, хоёроороо ихэр. Алдарт эхийн хоёрдугаар одонгоо авчихсан, удахгүй нэгдүгээр одонгоо авна” хэмээж байв. Дорнод аймгийн Чойбалсан хотоос 2000 онд хотод орж ирсэн тэрээр бага залуугаасаа үерхэж дассан хүнтэйгээ гэр бүл болж долоон сайхан хүүхэд өлгийдсөн ч эр нөхөр нь цаг бусаар хорвоог орхисон аж. Самарт явахаар гэрээсээ гарсан нөхөр нь хэд хоног сураггүй алга болсон бөгөөд уулнаас амиа алдсан байдалтай олдсон гэнэ. “Нөхөр маань самарт явахаар гараад хэд хоног сураггүй болчихсон юм. Тэгтэл уулнаас эрүү, шанаа нь хөхөрсөн, амиа байдалтай олдсон. Бусдын гарт амиа алдсан эсвэл өөр шалтгаанаар өөд болсон эсэхийг цагдаагийн байгууллагаас хянаж шалгаж байгаа гэсэн. Би ч хүүхэд шуухад гээд энэ талаар хөөцөлдөж чадахгүй юм” гэв.
Ямартай ч, гадаа гарч эр гэрт орж эм болж яваа Солонго бүсгүйн зовлон сайхан сэтгэл олны тус дэмээр бага ч болов хугасарсан болов уу. Төслийг санаачлагч Т.Батцэнгэл ярихдаа “Эмэгтэй хүн машин угаалгын газар ажиллана гэдэг хүнд хүчир хөдөлмөр. Гэтэл Солонго маань долоон хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн хажуугаар шантарч түүртэлгүй ажиллаж, хөдөлмөрлөж байна шүү дээ. Бид цаашид хүүхдүүдийг нь гэрээс нь холгүй сургууль, цэцэрлэгт хамруулах бодолтой байна. Өөрийг нь Баруун салааны нэгэн шатахуун түгээх газарт ажилд оруулж өгөхөөр колонкийн даргатай ярилцаж байгаа. Бидний зүгээс энэ айлыг ингээд орхичихгүй байнгын харилцаа холбоотой байж, шаардлагатай үед тусалж дэмжиж байх болно. Солонго маань бидний итгэлийг алдахгүй, хүүхдүүдээ сайн хүн болгож, сайн ажиллаж амьдралаа сайхан авч явна гэдэгт итгэлтэй байна” хэмээж байв.
Солонго болоод түүний эцэг эх шинэ байшиндаа нүүж ирэхээс өмнө Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд амьдарч байсан бөгөөд тухайн газар нь үерийн аман дээр байсан учир дүүргийн газрын албанаас өмчлөх зөвшөөрөл олгоогүй аж. Аав, ээж хоёр нь ажил хийдэггүй болохоор арван ам бүлээ авч явах үүрэг хариуцлагыг Солонго дангаараа үүрдэг байж. Мөн 11 настай том охин нь тавдугаар ангид суралцах ёстой ч ээждээ дэм болохоор дөрвөн жил сургууль завсардсан бөгөөд энэ жилээс нэгдүгээр ангид элсүүлсэн аж.
Ямартай ч, тоосго бүрт нь сэтгэл шингэсэн халуун сэтгэлт хамт олны хүчээр долоон бяцхан жаал даарч хөрөхийн зовлонгүй, тохилог дулаан гэр оронтой боллоо. Дэд бүтцийн хэлтсийн хамт олон ч зүгээр нэг байшин барьж өгөөд зогссонгүй хүн бүр илүү зурагт, хөргөгч, компьютер, хивс, сандал ширээ, хувцас хунаараа илүүчилж шинэхэн байшинг нь тохижуулж өгсөн юм. “Уг нь бид хашаанд нь гүний худаг гаргаад өгчихье гэсэн ч үнэхээр чадал хүрсэнгүй. Эдийг засаг хямралтай байгаа болохоор тус болооч гээд хэн нэгнийг гуйж чадахгүй юм. Энэ байшинг барих ажилд маш олон хүн сэтгэлээсээ тусалсан. Удахгүй бид хамтран ажилласан байгууллагууддаа батламж гардуулж, чин сэтгэлийн талархал илэрхийлнэ” хэмээн хэлтсийн ахлах байцаагч У.Ёндон хэлж байв. Ийнхүү хахир хүйтнийг зөөллөсөн халуун сэтгэлт хамт олны тус нүдээ олж, Солонго бүсгүйн гэр бүл өвлийг өнтэй давахаар болов. Ганц биеэнд ахадсан ачаа ч гэлээ үр хүүхдүүдээ хүн шиг хүн болгохоор өглөөн нарнаас үдэш хүртэлгүй борви бохисгүй зүтгэж буй Солонгыг долоон сайхан хүүхдэд хүний болох заяа хайрласных нь төлөө амьдрал ахин дахин шагнаж биз ээ.