Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далай ээж рүү жуулчлах уу, олборлох уу

Хөвсгөл нуурын эргэн тойрны сүрлэг уулс нээгдсэн, нээгдээгүй гээд асар их ашигт малтмалын арвин нөөцтэй. Тэртээ 1980 оны дундуур манай нэрт сэтгүүлч Ц.Балдорж  “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлээ бичиж, шуугиан дэгдээсэн. Тэр нийтлэл тухайн үед Бүрэнхааны фосфорын ордыг ашиглах гэж байсан оросуудын шийдвэрийг хойшлуулж чадсан. Тухайн үед оросууд фосфорын хүдрийг ашиглаад, хагас боловсруулан шаар маягийн зүйлээр нь бордоо үйлдвэрлэж, эх орноо хангаад зогсохгүй хилийн чанадад экспортолно хэмээн сэнхрүүлдэг байж. Харин Бал эрхлэгчийн ачаар Хөвсгөлийн хөрсөн доор  буй 21,3 хувийн  агууламжтай, 36,83 сая тн фосфорын хүдэр өнөөг хүртэл нуугдаж байна. Энэ их нөөцөө хэзээ задлахыг монголчууд мэднэ гэдэг ч ардуудын хувьд хаалттай, дээдсийн хувьд нээлттэй байдаг билээ. Тэгвэл Далай ээжийн дэргэд хярж буй фосфорын ордны үүцийг нээхээр шийдсэн бололтой. Учир нь, Засгийн газрын уржигдрын хуралдаанаар Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлд 628 км төмөр зам тавих ажлыг яаравчлуулан концессын жагсаалтад оруулах шийдвэр гаргажээ.

2.2 тэрбум ам.доллараар  баригдах энэхүү төмөр зам нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Мөрөн, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Хатгал, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Рашаант, Их-Уул, Тариалан, Булган аймгийн Хутаг-Өндөр, Бугат, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаар дайрч өнгөрөх маршруттай аж. Үүнийгээ аялал жуулчлалыг хөгжүүлнэ хэмээн Засгийн газрын зүгээс тодорхойлж буй.  Гэвч аялал жуулчлал бус фосфорын ордыг ашиглах зорилгоор барих гэж байна хэмээн хардах үндэслэл байгааг ч холбогдох албаны хүмүүс нь ярилаа. Энэ талаар “Монголын төмөр зам” ТӨК-ийн захирал асан Д.Батзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газраас аялал жуулч­лалыг хөгжүүлэх зорилгоор Эрдэ­нэт-Мөрөн-Овоотын чиглэлд 628 км төмөр зам барих ажлыг яа­равчлуулахаар болжээ. “Мон­го­лын төмөр зам” ТӨК-ийн даргаар ажил­лаж байсан хүний хувьд асуух зүйл байна.  Өмнө нь Мөрөнгийн чиг­лэлд төмөр зам тавих талаар яригдаж байсан уу. Эсвэл гэнэтийн шийдвэр байв уу?
-Мөрөнгийн чиглэлд төмөр зам барихаар ярьж буй “Аспайр майнинг” компанийн удирдах төвшний хүмүүс  надтай нэг удаа ирж уулзсан. “Төмөр зам барихаар урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлээ хийх гэж байна. Танай компанийн зүгээс хамтарч оролцох боломжтой юу” гэсэн. Тухайн үед би өөрийн байр сууриа илэрхийлээд явуулсан. “Манайх бол 100 хувь төрийн өмчит компани. Төрийн бодлогод багтсан ажлыг л гардаж хийх ёстой” гэсэн хариу өгсөн. Төрийн бодлогод багтаагүй, аялал жуулчлалын стратегийн бүс нутаг учраас төмөр зам барих асуудлыг УИХ-аар шийдэх байх аа. Та бүхэн холбогдох байгууллагуудаас тодорхой шийдвэр гарсны дараа ажлаа эхлүүлэх нь зүйтэй байх гэсэн л дээ.  

-Цаг хугацааны хувьд хэзээ ийм санал тавьсан юм бол?
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард.

-Тэгэхээр таны хэлснээр бол Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэ­лийн төмөр зам төрийн бодлогод багтаагүй байх нь ээ?
-Тийм ээ. УИХ 2010 оны зургадугаар сард төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг олоод уншаад үзээрэй. Уг бодлогод энэ чиглэлд төмөр зам тавих тухай байхгүй. УИХ-аас баталсан бодлогыг Засгийн газар зөрчиж байгааг юу гэж ойлгох вэ. Тэгээд ч энэхүү төмөр замыг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор бус Хөвсгөл аймагт буй байгалийн баялгийг тээвэрлэхээр барих гэж байгаа юм. Ялангуяа, фосфорын орд. Одоогийн УИХ-аар энэ шийдвэрээ батлуулахын тулд МАН-ынхан шинэ УИХ-ын гишүүдийн тангаргийг өргүүлэхгүй бойкотолж байна гэж ойлгож болохоор харагдана. УИХ-ын эрх дуусгавар болох мөчид мөн баяр наадмаар амьсгалж буйг далимдуулан ийм хууль бус шийдвэр гаргах гэж байна.

-Хөвсгөл рүү аялал жуулчлалаар бус фосфорын ордыг ашиглахын тулд төмөр зам барих нь хэмээн хардаж буй хамгийн гол үндэслэлээ хэлэхгүй юү?
-“Улаанбаатар төмөр зам” өнгөрсөн онд 18 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн рекорд тогтоосон. Гэтэл Хөвсгөлийн чиглэлийн шинэ төмөр замаар жилдээ Овоот-Мөрөнгийн чиглэлд 13.5 сая тонн, Мөрөн-Эрдэнэтийн чиглэлд 22.2 сая тонн ачаа тээвэрлэнэ. Хоногт 11-18 хос галт тэрэг нэвтэрнэ хэмээн Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан. Тэгэхээр аялал жуулчлал гээд зорчигч олноор тээвэрлэж болох хэдий ч ачаа эргэлт ийм өндөр байж болох уу. Коксжих нүүрс, фосфорын ордыг олборлож эхлэхийн тулд тавих гэж байгаа нь ойлгомжтой биз дээ. Хөвсгөл нуурыг тойрсон байгалийн баялгийг ашиглах уу гэдгээ эхлээд УИХ-ын төвшинд ярих ёстой гэж бодож байна. Дараа нь, дэд бүтцийн асуудал хөндөгдөх ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан