Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шанхайн зөнч бич Трампыг ялна гэж зөгнөлөө


Б.БАДРАЛ


Шанхайн амьтны хүрээлэнд амьдардаг Геда нэртэй “зөнч билигт“ бич АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг зөгнөсөн тухай “Channel New Asia” мэдээлэв. Шар цамц өмсгөсөн Гедаг хоёр нэр дэвшигчийн зурагны дунд суулгатал бич Трампын зурагны өмнө очиж суусан төдийгүй зураг дээрх Трампын уруул дээр үнссэн юм гэнэ.

“Shiyanhu Ecological Tourism” хүрээлэнд байх энэхүү бич нэг бус удаа ирээдүйд болох үйл явдлыг алдалгүй зөгнөж байсан алдартай нэгэн.  2016 оны эхээр Геда нь Европын холбооны хөлбөмбөгийн аваргын тэмцээнд Португаль ялна гэж зөгнөсөн нь ёсоор болсон. Тухайн үед оролцогч улсуудын төрийн далбайг эгнүүлэн тавихад Геда нь Португалийн далбайн хажууд суусан юм байна. Нутгийн иргэд Геда бичийг “зөн билигтнүүдийн хаан” гэж өргөмжилдөг гэнэ.

Судлаачид бүгд шахуу Клинтоныг ялна гээд байхад Трамп ялна гэж байгаа нь Геда бич ганцаараа биш. 1984-2012 онд явагдсан Америкийн Ерөнхийлөгчийн бүх сонгуулийн үр дүнг алдалгүй таан хэлж байсан улс төр судлаач Аллан Литчмэн нь энэ сонгуулиар Дональд Трамп ялна гэж зөгнөөд байгаа билээ.

Гэтэл Америкийн сонгуульд мексик америк гаралтай хүмүүс өмнөх жилүүдэд байгаагүй өндөр идэвхтэй оролцож байгаа тухай мэдээ ирж байна. Трамп нь Ерөнхийлөгч болбол Мексиктэй залгаа хилийн дагуу хана барьж, хууль бусаар цагаачлан орж ирсэн мексик хүмүүсийг бүгдийг нь албадан нутаг буцаана гэж мэдэгдэж байсан юм. Мексик гаралтай сонгогчдын идэвх Умард Каролина ба Флорид мужуудад хамгийн идэвхтэй байгаа. Трамп сонгуульд ялахын тулд оршин суугчид нь хэнийг сонгохоо тодорхойлоогүй байгаа “эргэлзэгч муж”-уудад, түүн дотроо Умард Каролин ба Флорид мужид  заавал ялалт байгуулах хэрэгтэй гэж мэдгэдэж байгаа.

Бич эсвэл хүн ямар ч таамаг, зөгнөл “айлдсан” гээд өнөөдөр дуусч байгаа сонгуулиар Америкийн Ерөнхийлөгч тодрохгүй гэдгийг онцлох хэрэгтэй. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль нь шууд бус бөгөөд хоёр үе шаттай явагддаг. Өчигдөр болж өнгөрсөн сонгуулиар америкчууд Ерөнхийлөгчийг сонгох ёстой төлөөлөн сонгогчид хэний төлөө саналаа өгөх ёстойг шийдсэн юм. Төлөөлөн сонгогчид нь ирэх оны нэгдүгээр сарын 5-нд цуглан саналаа өгснөөр хэн Ерөнхийлөгч болохыг албан ёсоор шийднэ. Тэр болтол Трамп ч тэр Клинтон ч өөрийгөө ялагч, өрсөлдөгчөө ялагдагч гэж зарлаад суух бүрэн боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан