А.АКЭРКЭ
Манжуур хот 300 гаруй мянган хүн амтай ч өнгөрсөн жил таван сая жуулчин хүлээн авчээ.
Энэ таван сая жуулчны 4,5 орчим сая нь дотоодын жуулчин бөгөөд зуны аялал жуулчлал маш сайн хөгжсөн газар юм. Тиймээс тэд гадаадын жуулчдыг татах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд хөрөнгө мөнгө зарж, том, том арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Манжуурын нэрийг олон улсад гаргадаг брэнд гэж нэрлэж болохуйц том арга хэмжээнүүдийн нэг нь яах аргагүй Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн юм.
Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдах Манжуурын Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Оросоос 30, Монголоос 15, Хятадаас 15 гоо бүсгүй оролцох аж. Анх “Цасан гоо бүсгүй” шалгаруулах нэртэйгээр зохион байгуулагдаж байсан тэмцээний тэргүүн мисс гоо бүсгүйн батламж, эрдэнийн шигтгээт титэм, 80 мянган юань гардаж авдаг юм. 12 удаа зохиогдсон тэмцээний таван удаагийн тэргүүн миссийн титмийг монголчууд хүртэж байсан удаатай.
Өмнө нь манай улс миссүүдээ илгээхдээ ямар нэгэн шалгуур тавьж, эх орондоо шалгаруулалт хийдэггүй байсан бол энэ удаад “Үндэсний анхдугаар уралдаан” зохион байгуулж бүсгүйчүүдээ сонгохоор болсон аж. Энэ сарын 28-нд болох тэмцээнээс шалгарсан үндэсний 15 ялагч арванхоёрдугаар сард Манжуур хотноо зохион байгуулагдах “Гоо сайхны элч” тэмцээнд оролцож тэргүүн титмийн төлөө өрсөлдөхөөс гадна олон улсын чанартай уралдаан, тэмцээн, шоу тоглолтод мөн оролцох нь. Энэхүү үндэсний ялагч шалгаруулах тэмцээнд эцэг, эхээсээ зөвшөөрөл авсан тавигдах шаардлагуудыг нь хангасан хэн бүхэн оролцох боломжтой юм байна. Ийнхүү манай улс энэ сарын 28-нд шалгаруулалтаа хийх бол Орос улс дахь үндэсний шалгаруулалт тэмцээн энэ сарын 21-нд ОХУ-ын Чита хотод болох нь.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жилийн тэмцээнд гурван орны 58 сайхан бүсгүй гоо үзэсгэлэн, авхаалж самбаа, мэдлэг оюунаараа өрсөлдсөнөөс Хятадын Хуан Шао Лин шалгарсан. Харин эх орноо төлөөлөн оролцсон хацар гоо бүсгүйчүүдээс маань Б.Намуундарь эхний гуравт багтсан билээ.