Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ТЭЦ IV”-ийн зам жил хүрэлгүй тараа таниулав



Нийслэл өнгөө засч, сүүлийн жилүүдэд авто замаа эрчимтэй шинэчлэх болсон. Хотын нийт авто замын талаас илүү хувь нь шинэчлэгдэн засагдсан мэдээллийг албаныхан өгч байгаа. Тэгвэл сайны хажуугаар саар гэгчээр засч янзлаад сайхан болгосон зам нь төд удалгүй эвдэрч, жолооч, зорчигч нарыг бухимдуулах болсон нь нууц биш. Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард баригдсан “ТЭЦ-4”-ийн урд талын 6.4 километр зам ашиглалтад ороод жил ч хүрээгүй хэрнээ эвдэрчээ. Эл зам эвдэрч цууран  хонхойж олон тооны нүхтэй болж, түүнд нь жижиг тэрэгний тэнхлэг цохигдон жолооч нар эд хөрөнгөөрөө хохирох нь наад захын үзэгдэл болж.
ЗЦГ-ын Замын зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Ариунболдоос замын эвдрэлтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-“ТЭЦ-IV”-ийн урд талын шинэ зам эвдэрсэн талаар жолооч нар гомдоллож байна. Таньд энэ талаар ямар мэдээлэл байна вэ?
-Улаанбаатар хотын 460 гаруй километр урт замаас одоогийн байдлаар талаас илүүг нь засчихсан. Энэ жил ч нэлээд олон зам баригдана. Үүнтэй холбоотой нэг зүйл сэтгэл түгшээх болсон нь тухайн замыг барьсны дараахь асуудлууд байна. Тодруулбал, шинэчлэгдсэн замууд нь байх ёстой баталгаат хугацаандаа хүрэхгүйгээр эвдэрч байна. Хотын зам нийтийн эзэмшлийнх учраас бүх жин, даац нь стандартаас хэтрээгүй машин явах ёстой. Гэтэл бүх жин нь зөвшөөрөгдөх  стандартаас хэтэрсэн машинууд явснаас хотын нэг сая 200 мянган иргэний эрх зөрчигдөөд байгаа юм. Ийм шалтгаанаар өнгөрсөн онд баригдсан “ТЭЦ-IV”-ийн зам эвдэрч, эмгэнэлтэй байдалд хүрээд байна. Голчлон том оврын, хүнд даацын ачааны автомашин зорчдог энэ зам ноднингоос хойш гурав дахь удаагаа засварт орлоо.
Энгийнээр тайлбарлавал, явган хүний гүүрээр автомашин явах юм бол гүүр цөмөрнө, нурна. Үүнтэй яг адил шүү дээ. Замын даах чадвараас хэтэрсэн машин явснаас зам эвдэрч байгаа хэрэг.

-Жилийн хоёрдугаар хагаст хотын замаар зорчих ачааны автомашины зөвшөөрлийг олгож эхэлсэн.  Ер нь, замын эвдрэлд нөлөөлөхүйц даац, жинтэй машинд зөвшөөрөл олгосон уу?
-Үгүй.  Стандартаас хэтэрсэн машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ дагуу хатуу шаардлага тавьж ажиллана. Зааснаас хэтэрсэн даац, жинтэй автомашин бол тусгай үйлдвэрлэлийн талбай дээр л явах ёстой.

-Стандартаас хэтэрсэн автомашинуудыг  хотын замаар зорчуулахгүй байхын тулд ЗЦГ-аас ямар арга хэмжээ авч байна?
-Нэгэнт стандарт зөрчсөн учраас эхний хагас жилийн “С1” зөвшөөрлийг олгоогүй. Гэтэл хулгайгаар явсан асуудал гарсан. Замын цагдаагийн газар шөнийн цагаар хяналт тавих хүчин чадал муутай. Үүнийг ашиглан дандаа шөнөөр явсан. Мэдээж, бид  тодорхой цэгүүдэд нэмэлт хүн хүч гаргаж маш олон аж ахуйн нэгж, иргэдийн тээврийн хэрэгслийг журамлаж, арга хэмжээ тооцсон.
Харамсалтай нь хуульд заасан торгуулийн хэмжээ тэдэнд юу ч биш болчихоод байна. 50-200 мянгаар торгох ёстой. Тэгвэл тэдний нэг өдрийн орлого нь доод тал нь 200 мянган төгрөг. Өөрөөр хэлбэл, нэг өдрийн орлогоороо торгуулаад үлдсэн 29 өдөр нь орлогоо хийнэ гэсэн үг. Арга хэмжээ аваад байхад тэр машинууд яваад л байдаг байхгүй юу.

-Замын эвдрэлтэй холбоотойгоор станцын өмнөх шинэ зам дээр осол хэрэг хэр гарч байна вэ?
-Эвдрэл нь осолд нөлөөлдөг нь зайлшгүй. Миний санаж байгаагаар хоёр ч удаа хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарсан. Мөн хүний амь нас хохироосон эзэнгүй хэрэг хүртэл гарсан удаатай.

-Стандартаас хэтэрсэн даац, жинтэй машин хэр олон байдаг талаар?
-Бидний бүртгэснээр Хятадын “Хово” гэх машин 5000 орчим байна. Бусад төрлийн хүнд даацын машин 4500 орчим бий. Энэ бол журамласан, хяналт тавьсан, шалгасан машины л тоо. Тэгэхээр үүнээс ч олон байгаа нь тодорхой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан