Жил ирэх тусам Монголын кино урлаг хөгжиж байна. Энэ нь ч уран бүтээлчдийн өрсөлдөөн, шинээр төрж буй уран бүтээлүүдээс нь харагддаг. Тэгвэл эдгээр уран бүтээлийг улам чанартай болгож, чадваржуулахын тулд уран бүтээлчид нэгджээ. Тэд кино бүтээгчдийг дэмжих, хойч үеийн залуусын боловсролд кино урлагаар дамжуулан хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор Монголын киночдыг дэмжих клуб байгуулж анхны хурлаа хийсэн байна. Тус клубт өөр өөрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүд багтсан аж. Тухайлбал, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н. Жанцанноров, Төрийн соёрхолт, ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Догмид, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Д.Сугар, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, зохиолч Б.Золбаяр, Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан нар багтсан байна.
Монгол Улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа дээрх эрхмүүдийг кино бүтээгчдэд хамгийн бодитой зөвлөгөө, дэмжлэг өгч, киноны агуулга, хэлзүй, гоозүй, киноны хөг, аялгуу гээд бүхий л талаас нь дэмжин ажиллах, шүүмж бичих чадвартай хэмээн онцлон үзжээ. Зөвлөлийн гишүүд “Хүний хийсэн бүтээлийг хэрхэн сайжруулах талаар тусалж, чин сэтгэлийн үнэн үгээ хэлж, зөвлөдөг байя. Кино урлаг бол ёс суртахуун, хүмүүжлийн онцгой зэвсэг учир Монголын хойч ирээдүйд тус дэм болох үүднээс бид энэ зөвлөлд чин сэтгэлээ зориулан ажиллах болно” хэмээн анхны хурлаараа хэлэлцсэн байна.