А.АКЭРКЭ
Монголын кино урлагийн хөгжлийг тодорхойлж, дэлхийн түвшинд ойртуулах, кино нэгтгэл, студиудын үйл ажиллагааг дэмжих, кино урлагаар дамжуулан нийтийн соёл, боловсрол, гоо зүйн үнэлэмжинд нөлөөлж, иргэдийг хүмүүнлэг, энэрэнгүй, бүтээлч үйл хэрэгт уриалан дуудах зорилгоор найман жилийн өмнө байгуулагдсан Монголын үндэсний кино урлагийн академи энэ жил зургаа дахь наадмаа хийх гэж байна. Цаашид кино наадмаа олон улсад нээлттэй болгох, кино яармаг хэлбэрээр өргөтгөх арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн академийнхан 17 номинацад шалгаруулалт хийж шагнал гардуулахаар зэхжээ. “Хувьсал” продакшны энэ оны бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” Монголын уран сайхны кино нийт 15 номинацад нэр дэвшиж буй гэдгээс өөр мэдээллүүдээ ихэд нууцалж буй наадам ирэх сарын 3-нд “Их тэнгэр цогцолбор”-т болно. Ингээд наадамтай холбоотой зарим мэдээллийг МҮКА-ийн нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрцэцэгээс тодрууллаа.
-Кино наадам тун удахгүй болно. Бэлтгэл ажил хангагдаж дууссан уу?
-Бэлтгэл ажил хангагдаад дуусч байна. Харин бүртгэл энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ.
-Одоогоор хэчнээн уран бүтээлч бүртгүүлсэн байна вэ?
-Өнөөдрийн байдлаар долоон кино бүртгүүлсэн. Гэхдээ ямар киноны уран бүтээлчид бүртгүүлснийг хэлэх боломжгүй. Энэ сарын 25-наас хойш энэ талаарх мэдээллийг өгөх юм.
-Өнгөрсөн жилээс эхлээд энэ хугацаанд хичнээн кино хийгдсэн байх юм?
-50-иад кино байна. Гэхдээ инээдмийн жанрын төрлөөр хийгдсэн киноны номинац манайд байдаггүй учир оролцох нь ховор. Энэ жилийн байдлаар наадамд оролцох боломжтой 45 кино байна.
-Шүүгчдийн бүрэлдэхүүн тодорсон байгаа юу?
-Шүүгчдийн нэрсийг баасан гарагт зарлана. Тиймээс тэр хүртэл бид нууцалж буй юм. 25-нд бүртгэл дуусах учир шүүгчид нэр дэвшсэн кинонуудтай 26-наас эхэлж танилцаж, үнэлэлт дүгнэлтээ өгөөд явах байх.
-Энэ жилийн наадмын онцлогийн тухайд юу хэлэх вэ?
-Наадмаа зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Нэр хүнд нь их өсч байгаатай холбоотойгоор шүүгчдийн бүрэлдэхүүнээ киноны уран бүтээлч гэхээс илүүтэйгээр Монголын зураачдын эвлэл, Урчуудын эвлэл гэх зэрэг ТББ, эвлэлүүдээс татан оролцуулж буйгаараа онцлогтой.
-Шагнал гардуулах эрхмүүд хүмүүсийн анхаарлыг их татдаг. Энэ жил ямар хүмүүс шагнал гардуулах бол?
-Жил бүр л урлаг соёлын болоод улс төрийн салбарын шилдгүүдээр шагналаа гардуулуудаг байгаа. Албан ёсоор энэ сарын 25-нд хөтөлбөр маань гараад ирэхээр шагнал гардуулах хүмүүс нь тодорно. Яагаад ингэж кино наадам зохион байгуулдаг юм бэ гэж хүмүүс их асуудаг л даа. Хамгийн гол нь манай наадамд оролцсон уран бүтээлчид гадаадын зах зээлд киногоо явуулахад дөхөм байдаг. Учир нь, гадаадад явуулсан кино нь дотооддоо ямар амжилт үзүүлсэн нь нэг том шалгуур болдог.
Тэгэхээр дотоодын наадмаасаа шилдгээр шалгараад явах юм бол цаашид өсөн дэвжих боломж нь нээлттэй болдог юм. Жишээлбэл, манай академийн гишүүн зураглаач Ангараг гэхэд Холливудтай холбоо тогтоон ажиллаж байна. Энэ мэтээр давуу тал ихтэй.
Кино урлагийн эргэн тойронд
Дөрөв дэх удаагийн “Алтан хальс” олон улсын андерграунд кино наадам энэ амралтын өдрүүдэд болно. Монголд авангард, эксперименталь кино урлагийг таниулах, Монголын уран бүтээлчдэд гадаад уран бүтээлчидтэй өрсөлдөж хөгжих боломж олгох, Монголын кино урлагт шинэ уур амьсгал болсон шинэ давлагааг түүчээлэх зорилготой наадам энэ жил сүүлчийн удаа болж буй гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, хамгийн сүүлчийн андерграунд кино наадам нь энэ байх бөгөөд ирэх жилээс зөвхөн андерграунд гэж зааглахгүйгээр, уралдааны шалгуур, төрөл нь илүү нээлттэй болгохоор ажиллаж буй юм байна. Энэ жил Хүүрнэлт кино, Хүүрнэлт бус, Хүүхэлдэйн кино, Баримтат кино хэмээх дөрвөн төрлөөр бүтээл хүлээн авчээ. Өнгөрсөн гурван жилийн турш уг наадам нийт 43 орны 277 бүтээл хүлээн авч, 103 бүтээл нь уралдаанд хэсэгт өрсөлдөж байсан бол энэ жил нийтдээ 53 орны уран бүтээлч 483 бүтээл ирүүлсний дотор Монголоос 16 бүтээл багтжээ. Бүртгүүлсэн бүтээлийнхээ тоогоор АНУ, Их Британи, Франц улс тэргүүлж буй юм байна. Хэдий монгол бүтээлүүд тоогоор цөөн ч гадаадын ихэнх бүтээлтэй харьцуулахад чансаа өндөртэй байгаа учир энэ жил ирсэн бүх монгол бүтээлийг үзэгчдэд хүргэхээр шийдвэрлэжээ. Тиймээс уралдаант хэсэгт багтаагүй ч кино наадмын уралдаант бус хэсэгт багтсан бүх киног үзэгчдэд хүргэх нь. Түүнчлэн энэ удаагийн наадамд урилгаар Хятадын нэрт кино продюсер, куратор, кино судлаач, жүжигчин Жан Шянминь хүрэлцэн ирж сонирхолтой семинар, хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон байна. Түүнийг “Raised From Dust”, “Old dog”, “Fujian Blue”, “Fly with The Crane” зэрэг киногоор нь Хятад төдийгүй дэлхий дахин танина. Харин кино наадмыг найруулагч Гаи Мэддиний “Хориотой өрөө” киногоор нээхээр болсон байна. Мөн уралдаант хэсэгт шалгарсан богино хэмжээний 28 киног Монголоос оролцож буй бүтээлүүдийн хамт толилуулах бөгөөд англи болон монгол хадмал орчуулгатай байх нь. Дашрамд сонирхуулахад, 2013, 2014, олон улсын түвшинд зохиогдож эхэлсэн 2015 онуудад 43 орны 277 бүтээлээс 103 нь наадмын уралдаант хэсэгт шалгаран өрсөлдсөн бөгөөд 15 сая төгрөгөөр үнэлэгдэх шагнал олгожээ. Харин энэ жил “Алтан хальс” цомыг сая төгрөг дагалдах бол бусад төрөлд шалгарсан бүтээлүүдийг тус бүр 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна. Мөн монгол уран бүтээлчдээ дэмжих зорилгоор тухайн төрлийн шилдгээр гадаад кино сонгогдсон тохиолдолд нэмэлт тусгай шагналыг монгол бүтээлд олгох журмыг шүүгчдийн баг мөрдөж ажиллах нь.
-“Toronto International Film Festival” кино урлагийн олон улсын наадам Канад улсад зохион байгуулагдахаар болсон билээ. Есдүгээр сарын 8-18-ны хооронд зохиогдох наадам эхлэхэд 111 өдөр үлджээ.
-“Montreal World Film Festival” кино урлагийн олон улсын наадам наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 5-ны өдрүүдэд Монтреал хотод болох нь.
-“Vancouver International Film Festival” кино урлагийн олон улсын наадам Ванкувер хотод есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 14-нд болох аж.
- “Toronto Reel Asian International Film festival” олон улсын Азийн кино урлагийн наадам арваннэгдүгээр сард Торонто хотод болно. Энэхүү наадам нь Канадад болдог Азийн кино урлагийн наадмуудаас хамгийн нэр хүндтэй нь юм байна.
“Тэнгис кино” театр ирэх сард нээлтээ хийхээр төлөвлөсөн дотоод болон гадаадын кинонуудын товыг өчигдөр танилцуулав. Үүнд нь таван монгол кино багтсан байна. Гэвч явцын дунд заримынх нь тов өөрчлөгдөж магадгүй аж. Ингээд ямар кинонууд нээлтээ хийхээр болсныг сонирхуулъя.
-“Намайг хайрла” уран сайхны кино ирэх сарын 1-нд нээлтээ хийхээр болсон байна. Бүх насныханд зориулсан энэхүү инээдмийн киног “Ай Си креатив дивишн” бүтээсэн бол зохиолыг нь Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нарын хүү Ж.Батсайхан бичжээ. Харин найруулагчаар нь А.Чингүүн ажиллаж, Э.Тодгэрэл, Н.Баярмаа, Р.Адъяа, О.Дөлгөөн, Б.Одончимэг, Б.Шинэбаяр нарын жүжигчид тоглосон байна.
-“Сайн уу, амьдрал минь 2” энэ сард нээлтээ хийхээр товлож байсан ч ирэх сар хүртэл хойшлуулжээ. Ирэх сарын 3-нд нээлтээ хийхээр болсон киног “Big line film”, “Nomads film and entertainment” хамтран хийсэн бөгөөд “Сайн уу, Амьдрал минь-2” киноны найруулагчаар өмнөх ангийн найруулга дээр ажилласан З.Батболд ажиллажээ. Харин продюсерээр нь “Х-Түц” хамтлагийн жүжигчин Н.Онон, зураглаачаар Г.Гүенбаатар нар ажилласан байна. Гурван бүлэгтэй уг бүтээлийн гол дүрд жүжигчин Т.Билгүүтэй, дуучин А.Хишигдалай, “Бид-4” хамтлагийн дуучин Б.Баярмандах, жүжигчин Адъяа нар тогложээ. Түүнчлэн “Guys” хамтлагийнхан ч гэсэн өөрсдөө тоглосон байна.
-“Би эхнэрийнхээ нууц амраг” гэх өвөрмөц нэртэй энэхүү кино ирэх сарын 17-нд нээлтээ хийнэ. Англи хэл дээр хийгдсэн монгол орчуулгатай киног Швейцарь, Герман, АНУ, Монголын уран бүтээлчид хамтран хийжээ.
-“Ээж” уран бүтээл ирэх сарын 17-ноос үзэгчдэд хүрэх нь. “Чононгоо фильм продакшн”-ы анхны бүтээл болох уг кинонд Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай тогложээ. Жинхэнэ монгол кино Монголын кино урлагт ахин мэндэлж байна хэмээн уран бүтээлчид нь тодотгоод буй. Ямартай ч мэлмийг тань мялааж, сэтгэлийг тань баясгаж нэгийг бодуулах бизээ.
-“Нэг өдрийн дайсан” нь “DOZ plus”энтертайментын 2016 оны ээлжит бүтээл юм. Адал явдалт инээдмийн тус кино ирэх сарын 24-нөөс дэлгэцнээ гарах нь.
Киноны гол дүрд Ш.Доржсүрэн тоглож өөрөө найруулсан байна. Мөн жүжигчин Т.Билэгжаргал, С.Хишигжаргал нар хамтран тогложээ.
69 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Каннын кино маркет энэ сарын 21 хүртэл гарна. Энэхүү кино маркетад “Дижитал Агуулга” ХХК сүүлийн үеийн шилдэг 100-гаад уран бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр танилцуулах, худалдаалах ажлыг эхлүүлсэн билээ. Тодруулбал, “Маш нууц”, “Содура”, “Үргээлэг 2”, “Элэг нэгтэн”, “Lovers”, “Босуул” зэрэг Монголын уран сайхны кино багтжээ. Эдгээр бүтээл дундаас “Үргээлэг 2” кино Каннын дэлгэцээр гарахаар хуваарь нь гарсан байна. Каннын кино маркетад оролцож байгаа кинонуудын мэдээллийг агуулсан “POCKED GUIDE” номонд “Үргээлэг 2”-ын танилцуулга багтсан бөгөөд эл ном нь жил бүр 10,000 ширхэг хэвлэгддэг аж.
Канн 70 жилийн түүхтэй дэлхийн хамгийн анхны кино наадам бөгөөд 2015 онд зохион байгуулагдсан кино маркетаар нийт 10.000 кино мэргэжилтэн оролцсоноос 3200 продюсер, 2300 дистрьбютер компани, 1500 олон улсын менежер мөн 790 фестиваль зохион байгуулагч нар багтжээ. Энэ бүгдээс Каннын кино маркетын цар хүрээг бэлхнээ харж болно. Энэхүү кино наадамд монголчууд маань амжилттай оролцож чадсанаар олон улсын контентын худалдаанд нэр хүнд нь өсөх, кино уран бүтээлчдийн үнэлэмж, орлого нэмэгдэх зэрэг Монголын эдийн засагт үр өгөөжөө өгөх сайн талтай хэмээн мэргэжилтнүүд нь үзэж байна.