Гол мөрөн, тогтоол усанд хүүхэд унаж осолдох явдал өдөр бүр гарсаар байна. Өчигдөр гэхэд л гурван хүүхэд усны ослоор амь насаа алджээ. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэгдүгээр багийн нутагт их хэмжээний бороо орсны улмаас тогтсон усанд 9, 12 настай хоёр эрэгтэй хүүхэд унаж осолдсон байна. Аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагчид цогсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн энэ өдөр Ховд аймгийн Жаргалант суманд Буянт голын усанд ой гурван сартай хүүхэд унаж осолджээ.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд Бөхмөрөн голд энэ сарын 22-нд хоёр настай охин унаж осолдсоныг олоогүй байна.Түүнийг эрэн хайх ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр ОБХ-ийн ахмад С.Естай ахлагчтай бүлэг анх осолдсон газраас нь Бөхмөрөн сумхүртэл 12 километр газарт эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан байна.