Үргэлжлэн орж буй борооны улмаас нийслэлд үерийн аюул нүүрлэж болзошгүйг албаныхан анхааруулж байгаа. Нийслэл дэх гамшгийн нөхцөл байдлын талаар НОБГ-ын дэд дарга Ч.Намсрайжавтай ярилцлаа.
-Үерээс сэрэмжлүүлэх мэдээ байнга дуулдах боллоо. Нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Цаг агаарын урьдчилсан мэдээг харахад энэ долоо хоногт ялангуяа нутгийн зүүн хагаст усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Гэтэл нийслэлд энэ сарын 19-нд учирсан үерийн хор уршиг ч бүрэн арилаагүй. Тухайн үед борооны усанд автсан Баянзүрх дүүргийн 21, 27, Сүхбаатар дүүргийн 16,18, 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн онцгой комиссынхон болон бусад албаныхан очиж танилцаад үерийн хоолойг цэвэрлэх, ариутгах ажиллагааг эрчимтэй явуулсан. Харин эдгээрээс бусад газарт үерээс сэргийлэх арга хэмжээ хангалттай аваагүй байна. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд л үерийн улмаас бохир нь зам дээгүүр хальсан, ус зайлуулах суваг нь бөглөрчихсөн, жалга шуудуу нь хог цаасаар дүүрсэн байдалтай байна. Ийм байхад үргэлжилсэн борооны үеэр үер буухгүй гэх аргагүй шүү дээ. Газар нь усаар ханасан, хөрсөн дээр нь ус гүйсэн байдалтай байхад багахан бороо ороход л үер бууна гэсэн үг.
-Иргэдэд голчлон юуг анхааруулмаар байна вэ?
-Бороо хур орж байхад ч иргэд Туул гол дагуу бүр далан дотор нь майхан хатгачихсан зугаалж байх юм. Улаанбаатарт бороо ороогүй байж болох ч Туул голын эх авдаг хэсэгт нь усархаг бороо орох юм бол хэдхэн секундын дотор давалгаалж орж ирээд л даланг дүүргэж мэднэ. Иймэрхүү зүйлийг мэдэхгүй эсвэл мэдсэн ч үл тоомсорлож, сэргийлэх арга хэмжээ авахгүй байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.
-Хүүхэд голын усанд унаж, осолдсон тохиолдол хэд хэд гарлаа шүү дээ. Эцэг эхийн хараа хяналт муу байгаатай холбоотой юу?
-Өмнө нь орсон борооноор Бэлхийн орчимд үер бууж гүүрэн дээгүүр нь ус давж, айлын гэр доогуур урсч байхад хүүхдүүд сонирхож гүйж очиж байсан. Хүүхэд л болсон юм хойно учирч болох аюулыг мэдэхгүй ширүүн урсгалыг дагаад хөөрөөд л гүйж байх жишээтэй. Ингэж яваад үерийн усанд хөл алддаг. Наад зах нь бүдэрч унаад бэртэж гэмтэж болно шүү дээ. Биднийг бага байхад аав ээж маань “Үүд битгий голло, тэнгэр дуугарна, хаалга алдалж болохгүй” гээд л их захидаг байсан. Энэ нь, хоосон сүжиг мэт боловч бидэнд аюулыг сэрэмжлүүлж байсан хэрэг. Үүн шиг үр хүүхдэдээ бороо хур орж байхад гэрээсээ гарч болохгүй, хашаанаасаа холдож болохгүй, үерийн ус урсч байгаа газар очиж болохгүй гэхчлэн сайн захиж хэлж байхгүй бол осолдож мэдэхээр харагдаж байна лээ.
-Өнөөдөр /өчигдөр/ өглөөгүүр бороо нэлээд усархаг орсон. Үер устай холбоотой дуудлага ирж байна уу?
-Дуудлага ирээгүй л байна. Харин өчигдөр /уржигдар/ шөнө орсон борооноор Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд айл усанд автлаа гэсэн дуудлага ирсэн. Иргэд өөрсдөө хайнга тоомжиргүй нь харагдаж байна л даа. Үерийн ус буух магадлалтай далан шуудууны ойролцоо буучихаад би усанд автчихлаа гэдэг. Айлд ус ороод ирлээ гэсэн дуудлага бүрт очино гэвэл бид Улаанбаатар хотын үерийн аман дээр байгаа 2800 айлд очих хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, үнэхээр гарцаагүй дуудлагад л очино уу гэхээс өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангахгүй байж байгаад усанд автчихсан айл руу очиж чадахгүй. Гэрээ тойруулаад ус зайлуулах шуудуу татах зэргээр өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.
-Хүн усанд унаж осолдох явдал гарсаар байна. Үүнтэй холбогдуулан ямар арга хэмжээ авч байна вэ?
-Үер усны эрсдэл хамгийн их буюу зургадугаар сарын 20-ноос Туул гол дагуу завьт эргүүл гарган ажиллуулж байна. 14:00-21:00 цагийн хооронд эргүүл хийж, иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгдөг юм. Цагдаагийн байгууллагаас давхар морьт эргүүл гаргадаг. Гэхдээ яг одоо бороо хур орж байгаа нөхцөлд гол дагуух эргүүлээ буцааж татсан. Учир нь үер устай холбоотой дуудлага нэмэгддэг учраас эндэх ажлаа хийх хэрэгтэй. Тэгээд ч борооны үеэр зугаалах хүн ховор шүү дээ.
-Энэ жил нэлээд хөрөнгө зарж олон газарт үерийн далан барьж байгаа. Ингэснээр нийслэлийнхэн үерийн аюулаас айх хэрэггүй болно гэж албаныхан хэлж байсан. Одоогоор хэд нь баригдаж дуусаад байгаа вэ. Үр шимээ үзүүлж байх юм уу?
-Үерийн далан суваг нэлээд хэдэн газарт баригдаж байна. Хэд нь баригдаж, хэд нь дуусч байгааг тодорхой хэлж мэдэхгүй. Юутай ч шинээр барьж буй далан сувгууд үр дүнгээ үзүүлж байгаа. Жишээ нь, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо буюу Офицеруудын ордноос “Сүнжингранд” зочид буудал хүртэлх зам, тэр орчмын айлууд бороо орох бүрт усанд автдаг, ус хальсан байдалтай байдаг байсан. Ирж буй дуудлагын олонхи нь тэндээс ирдэг байлаа. Өнгөрсөн жил хотоос шуурхай арга хэмжээ авч төмөр замын далан сэтэлж, ус зайлуулах хоолой хийснээр тэр хавийн айлууд усанд автахгүй болсон.