Б.БУЯНДАЛАЙ
Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны салбар түүхийн нугачааг даван, туулсаар өдгөө 95 жилийнхээ ойтойгоо золгосон учир ойдоо зориулан анхны өдрийн маркийг гаргалаа. Эл марканд харилцаа холбооны эхлэл болох алтан гэрэгэ барьсан буухиа элч, орчин цагийн шуудан, илгээмж тээвэрлэх хэрэгслүүд, дэлхийн бөмбөрцөг сансрын хиймэл дагуул, антен, компьютерийн схем, радио телевизийн цамхаг, үүрэн холбооны долгион, ойд зориулан гаргасан лого зэргийг дүрсэлжээ. Энэ маркийн зураачаар Ч.Бат-Эрдэнэ, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан байна. Маркийн нээлт өчигдөр болж, арга хэмжээг нээж Холбооны яамны сайд асан, Монгол Улсын гавьяат холбоочин Д.Готов “Марк бол Монгол Улсын тусгаар тогтнол, түүхийн хөгжлийн үе шатын илэрхийлэл. Мөн шуудангийн төлбөрийн хэрэгсэл төдийгүй тухайн орны нэр хүнд, ард түмний амьдралын хэв маяг, түүх, соёл урлагийг цогц харуулдгаараа онцлогтой. Эрт түүхэн цаг үеийн марк их үнэтэй. Цуглуулагч хүнд хөрөнгийнх нь баталгаа болж байдаг. Даанч өдгөө тийм марк ховордсоор байгаад сэтгэл зовниж явдаг. Монгол маркийг сурталчлах хамгийн том байгууллага бол Монголын марк сонирхогчдын холбоо. Дээхнэ үед Ө.Сэрээтэр гэдэг алдартай марк цуглуулагч хүн байсан. Түүний мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Монголчууддаа, залуучууддаа маркийн түүх судлах, цуглуулахыг уриалъя” гэлээ.
Хүн төрөлхтөн шуудангийн илгээмжийг эзэнд нь тээврийн хэрэгслээр дамжуулан төлбөртэй хүргэдэг болсон цагаас эхлэн, шуудангийн байгууллага илгээмжийн үнэ төлөгдсөнийг нотлох шаардлагаар анхны маркийг 1980 онд Их Британи улсад бүтээжээ. Харин манай улс “Элдэв-Очир” хэмээх маркийг 1924 онд үйлдвэрлэсэн аж. Өдгөө 1000 гаруй сэдвээр 4050 орчим нэр бүхий марк хэвлэсэн байна. Сонирхуулахад, 23 крат сорьцтой алтан марк, 135х185 харьцаатай “Мандала” бурханы марк хамгийн ховорт тооцогддог юм байна.
Ц.Жадамбаа: Монгол Улс маркийн хөгжлийн түүхээрээ дэлхийд дээгүүр үнэлэгддэг
Энэ үеэр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаатай цөөн хором ярилцлаа.
-Өнгөрсөн 95 жилийн түүхийн хөгжлийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэ салбарын 95 жилийн хөгжлийн түүхийг бүхэлд нь багцалж, дүгнэж хэлэх боломжгүй. Орчин цагийн харилцаа холбоо гэдэг утгаараа 95 болохоос өнө эртний түүхтэй. Дээхнэ үеэс өртөө, улаа гэж байсан шүү дээ. Салбар, он цагийн үечлэлээр нь авч үзвэл өөр өөрийн гэсэн тодорхой үр дүнд хүрсээр байна. Харилцаа холбооны салбарт ч бас тодорхой үр дүн гарч, бүтээлч, шинжлэх ухаанч олон ажил хийгдэж байгаад олзуурхдаг. Энэ дашрамд монголчууддаа, салбарынхаа хамт олонд 95 жилийн ойн мэнд хүргэе.
-Шуудан хүргэлтийн хурд ямар түвшинд байгаа вэ?
-Ерөнхийдөө дажгүй шүү. Иргэдэд түргэн шуурхай үйлчлэх нь бидний үүрэг. Боломж, бололцоогоо бүрэн дайчилж байгаа.
-“Өрх бүрт шуудан” хөтөлбөрийн хэрэгжилт хэр байгаа бол?
-Энэ бол маш өргөн, далайцтай ажил. Одоогоор үр дүнг дүгнэж хэлэх хараахан болоогүй.
-Маркийг стандартын дагуу, зөв хадгалах нь их чухал гэдэг. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
Энэ бол их чухал асуудал. “Монгол шуудан”-гийн хувьд маркийг стандартын дагуу хадгалдаг. Одоо ч гэсэн үнэ цэнэтэй маркуудыг хадгалж байна. Монгол Улс маркийн хөгжлийн түүхээрээ дэлхийд дээгүүр үнэлэгддэг.