“Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвараас урагшаа төмөр замын гармаар гараад “Баянмонгол” хороолол цаашлаад 120 мянгатын аюулгүйн тойргийг холбосон шинэ зам ашиглалтанд орсон. Үүнтэй холбоотойгоор зарим төрлийн ачааны автомашины хөдөлгөөнд өөрчлөлт орж байна. Тодруулбал, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвараас баруун тийш Нарны замын хэсгээр хөдөлгөөнд оролцдог байсан “С” зөвшөөрөлтэй ачааны автомашинууд дээрх шинэ замаар явахаар болжээ. Мөн захын баруун урд уулзварт хойноосоо буюу зүүн дөрвөн замаас урагшаа чиглэсэн “С” зөвшөөрөлтэй ачааны автомашин уг уулзвараар баруун гар тийш эргэхгүй, чигээрээ урагшаа гарч “Баянмонгол” хороолол руу эргэдэг гарц өнгөрч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд гэрлэн дохиотой уулзвараар баруун тийш эргэж Их Монгол Улсын гудамжаар хойшоо явж “Баянмонгол” хорооллын баруун талын тойрог хөдөлгөөнтэй уулзвараар зүүн эргэж Гандийн гудамжтай нийлэн хуучин маршрутаараа хөдөлгөөнд оролцоно.
Захын баруун урд уулзварт зүүн талаасаа баруун тийш чиглэн явж байгаа “С” зөвшөөрөлтэй ачааны автомашины жолооч нар чигээрээ явалгүйгээр баруун зүүн тийш эргэж явах ба зүүн тийш эргэсэн тохиолдолд шинэ замаараа дээрх байдлаар хөдөлгөөнөө иргэлжлүүлэх юм. Харин баруунаасаа буюу Гандийн гудамжаар зүүн тийш явж байгаа “С” зөвшөөрөлтэй ачааны автомашины жолооч нар “Баянмонгол” хорооллын баруун талын тойрог хөдөлгөөнтэй уулзвараар баруун эргэж Их Монгол Улсын гудамжаар урагшаа явж байгаа гэрэл дохиотой уулзвараар зүүн эргэж шинэ замаар явсаар “Нарантуул” захын баруун урд уулзварт урдаасаа ирэх ба уулзвараар зүүн тийшээ эргэхгүй чигээрээ буюу баруун тийш эргэж явахаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, “Нарантуул” захын баруун урд уулзвараас баруун тийш ЗЦГ-ын урд уулзвар хүртлэх Нарны замын хэсгээр “С” зөвшөөрөлтэй ачааны автомашин явахыг хориглосон байна.
Замын тэмдэг тэмдэглэл нь тавигдсан учир зохицуулагчийн дохио тэмдэг, тэмдэглэлийг ягштал баримтлан, зам тээврийн осол зөрчил гаргахгүй, хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг ЗЦГ-аас зөвлөж байна.