Л.НОМИН
Засгийн газар 2015 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаараа 478 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолоор 93.6 тэрбум төгрөгийг 60.335.716 (жаран сая гурван зуун гучин таван мянга долоон зуун арван зургаа) ам.доллараар тооцож, Засгийн газрын хүүтэй векселээр баталгаажуулах, уг векселийг 2017 оны улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болорт даалгажээ.
Энэ мөнгөн дүнг саяхан УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар олон нийтэд дэлгэж байсан учраас аргагүй анхаарал татав. Тэрээр ““Энержи Ресурс” болон “Энержи Ресурс Рэйл” компани 2008-2012 онд хийсэн ажлынхаа мөнгөн дүнг 93.6 тэрбум төгрөг гэж тооцсон. Энэ үнийн дүнгийн дагуу хөрөнгө хүлээн авах ажиллагааг Төрийн өмчийн хороо, “Монголын төмөр зам” ТӨХК хамтран эхлүүлжээ. Төрийн өмчийн хорооны албан тушаалтнуудын мэдэгдэж байгаагаар “Энержи Ресурс” болон “Энержи Ресурс Рэйл” компаниас 93.6 тэрбум биш 38 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээж авсан байна. Зөрүү 55 тэрбум төгрөгийн хөрөнгө гэж ер нь байна уу. Байгаа бол яагаад хүлээлгэж өгөхгүй байна вэ гэдэг асуудал анхаарал татсан” гэж манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан.
Өчигдрийн хэвлэлээр гарсан “Mongolian Mining Corporation”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оджаргалын ярилцлагад “Энержи Ресурс” улсаас нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй гэсэн байв. Үнэхээр тэрээр үнэн хэлсэн бололтой. Одоогоор тус компанид Засгийн газар мөнгө өгөөгүй, гэхдээ ирэх онд өгнө гэж төлөвлөж. Ямартай ч 93,6 тэрбум төгрөг гэх мөнгөн дүн Засгийн газрын нэгэн тогтоол дотор явааг тайлбарлах л хэрэгтэй болж. Товчхондоо “Энержи Ресурс” болон болон “Энержи Ресурс Рэйл” компанид Монгол Улсан Засгийн газар 93.6 тэрбум төгрөгийн өртэй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа нь энэ өрийн бичиг болчихлоо. Тэгэхдээ энд нэг зүйл дурдахад бидэнд олдсон баримтад 478 дугаар тогтоолд гарын үсэг зурж тамга дараагүй төдийгүй хууль, тогтоолыг төвлөрүүлдэг legalinfo.mn сайтад эх хувиараа алга. Тухайн өдөр буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдааны 473-479 тоот зургаан тогтоол байгаа ч дунд нь ганц 478 дугаар тогтоол алга. Тиймээс478 дугаар тогтоол нь маш эргэлзээтэй тогтоол, баримт гэж хардах бүрэн үндэстэй.
Тавантолгойг тойрсон асуудалд “Энержи Ресурс” болон “Энержи Ресурс Рэйл” компанийн хөрөнгө оруулсан гэх 93.6 тэрбум төгрөгийн ажилд эргэлзээ үүссэн. Тиймээс ч шалгуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлсэн. Тэгэхээр яг ийм хэмжээний мөнгийг векселиэр гаргахаар болсон нь шалгах хангалттай үндэслэл баймаар. Шалгалаа гэхэд энэ мөнгө хэд болж буурах бол гэдэг нь анхаарал татна.
Түүнээс гадна “Энержи Ресурс” болон “Энержи Ресурс Рэйл” компаниас 93.6 тэрбум биш 38 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээж авсан гэж байгаа нь бас нэг эргэлзээтэй баримт болоод байна. Тэгээд ч одоо биш ирээдүйд төлөхөөр чиглэл өгсөн гэхээр энэ өрийн бичиг нэг их сонирхолтой биш байж болох. Яагаад гэвэл одоогийн төр засагт хамаагүй асуудал. Учир нь ИХ-ын бүрэн эрхийн хугацаа хоёр сар гаруйн дараа дуусна. Сонгуулийн дараа шинээр бүрдэх парламент, Засгийн газарт 2017 оны Монгол Улсын төсвийг хэлэлцэх эрх бий. Харин тэд энэ мөнгийг хаана шингээж яаж шийдэх нь таамаглах аргагүй.