Н.БАТ
Жилийн өмнө “100 чухал сэдэв” нэвтрүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн Х.Баттулга “Нэг хоёрхон бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийг би байнга шүүмжилж ярьдаг. Бүхэл бүтэн улсын эдийн засаг ганц хоёрхон бүтээгдэхүүн дээр тогтож байна. Ийм эдийн засагтай улс байтугай дэлгүүр ч байдаггүй. Найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулах эрх олгож гэмээнэ энэ дэлгүүр оршин тогтнож амьдардаг юм. Сонгуульд улстөрчид улсынхаа эдийн засгийг солонгоруулна гэж ордог боловч эргээд Эрдэнэт дээр, зэс, ноолуур дээр л тогтдог. Эргээд орж ирж байгаа бараа нь Эрээнээс Нарантуул дээр тогтоод аймгууд руу явдаг. Ийм эдийн засаг бол хэзээ ч дампуурахад бэлэн байдаг. Тэгэхээр одоо л энэ бүхнийг харж байгаа юм шиг ярьж болохгүй. Найман нэрийн бараа гэдгээс л дор менежмэнттэй бид явж иржээ. Гэхдээ Монгол Улс дампуурч Африк шиг болтлоо хаа ч юм.
Малын буян байна. Үнэндээ төр удирдаж байгаа хармаанд орсон улстөрчдийн бодлого, гадны нөлөөнд орсны эрхэнд л улс ийм хэмжээнд ирж байгаа юм” хэмээн хэлж анхааруулсан. Тэрээр бүтэн жилийн турш Тавантолгойн төсөл дээр орж ирж байгаа компани бол их өртэй байна аа, энэ өрөнд нь дэлхийд томд тооцогдох орд маань явчих гээд байна шүү гэдгийг ч хэлсээр анхааруулсаар байсан. Одоо ч хэлсээр байгаа. Тэгвэл өчигдөрхөн “MMC зээлээ төлж чадахгүй болсноо зарлав” гэсэн мэдээлэл түгэв. http://www.mongolianminingjournal.com сайтад гарсан мэдээллийг хүргэе.
MMC зээлээ төлж чадахгүй болсноо зарлав
Тавантолгойн Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation зах зээл муудсаны улмаас зээлийн төлбөрөө хийж чадахгүй байж болзошгүй хэмээн хэвлэлүүдээр мэдээлэх болсон билээ. Тэгвэл өнөөдөр тус компани BNP Paribas болон ICBC /Industrial and Commercial Bank of China/-аас авсан зээл болон 600 сая ам.долларын бондын хүүгийн төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулах боломжгүй болсноо албан ёсоор мэдээллээ.
Mongolian Mining Corporation компанийн хувьд зээлдүүлэгч нартайгаа зээлийн нөхцөлийг эргэн харж, төлбөрийн хугацааг хойшлуулах талаар яриа хэлэлцээр хийж байгаа билээ. Гэвч ямар нэгэн тохиролцоонд хараахан хүрээгүй байна.
Коксжих нүүрсний компаниуд АНУ-д хэд хэдээрээ дампуурлаа зарлаад байгаа юм. Харин Монголын цорын ганц угаасан коксжих нүүрс борлуулдаг, жишиг болсон компани ийнхүү зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй болсноо зарлалаа.
Одоогийн байдлаар тус компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр 4.35%-иар буурч 0.044 хонконг доллар болоод байна гэжээ.
Жич: УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын гишүүд Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдуулан Шадар сайд М.Энхсайханд 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр албан бичгээр тавьсан асуулгын хариунд
“Төслийн компани болох “Энержи Ресурс” ХХК-ийн толгой компани Монголын Уул уурхайн корпорацийн нийт хувьцааных нь 57,7 хувь /Эм Си Эс 43,7 хувийг, Худалдаа Хөгжлийн банк 5,5 хувийг, Шунхлай ХХК 4,9 хувийг, Петровис 3,6 хувийг тус тус эзэмшиж байгаа/ Монгол Улсын аж ахуйн нэгжээс бүрдсэн баг гүйцэтгэдэг” гэсэн хариулт өгсөн байгаа юм.
Хэрвээ ММС-ийн зээл болон 600 сая ам.долларын бондын төлбөрийн 57,7 хувь нь Монгол компаниудад ногддог гэж үзвэл тэдэнд 346 сая 200 мянган доллар ногдох юм байна.
Бүүр нарийвчлан хувиарлавал “Эм Си Эс”-43,6 хувь буюу 262 сая ам.доллар
“Худалдаа Хөгжлийн банк”-5,5 хувь буюу 33 сая ам.доллар
“Шунхлай” ХХК-4,9 хувь буюу 29,4 сая ам.доллар
“Петровис” ХХК-3,6 хувь буюу 21,6 сая ам.доллар гэх мэтээр ногдох бололтой.