Л.БАТБААТАР
Ногоон хөгжил бол Монголчуудад тун энгийн ойлголт юм. Дулаан, цахилгаан, ус, хоол, хувцасны хэрэглээгээ хэмнэх нь ногоон эдийн засагт шилжих эхний алхам болно. Монголын нүүдлийн соёл иргэншил нь материаллаг бус хэмнэлттэй, дахин ашигладаг, хог хаягдалгүй амьдралын хэв маягт суурилсан байдаг. Иймээс бидэнд нүүдлийн уламжлалт соёл иргэншил дээрээ суурилж, үр ашиг өндөртэй орчин үеийн технологоор үйлдвэрлэлээ дэмжээд ногоон эдийн засагт шилжих бүрэн боломжтой гэж эдийн засагчид үздэг.
БОАЖНХЯ, СЯ, НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөр, Монголын банкны холбоо хамтран Монгол Улсын эдийн засгийг ногоон хөгжилд шилжүүлэх зорилго бүхий “Ногоон хөгжлийн түншлэлийг дэмжих нь” уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Тус уулзалтад “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа ба үндэсний тэргүүлэх чиглэл” сэдвээр илтгэл тавьсан БОАЖНХЯ-ны Ногоон хөгжлийн бодлого стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Эрдэнэцэцэгээс ногоон хөгжил болон бусад асуудлын талаар тодрууллаа.
-Монголчуудад ногоон хөгжлийн тухай ойлголт шинэ зүйл биш юм. Гэвч энэ ойлголтын талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-Ногоон хөгжлийг шинэ зүйл мэт ойлгодог. Энэ бол шинэ ойлголт биш шүү дээ. Ялангуяа Монгол Улсын нүүдлийн соёл иргэншил нь ногоон хөгжлийн хэв маяг, загвартай байсан юм. Байгальд ээлтэй, таван хошуу малаас гарсан бүх ашиг шимийг хүртэж, дахин боловсруулж ашигладаг үйл ажиллагааг ч ногоон хөгжил гэж ойлгож болно. Техник технологи хөгжсөн үйлдвэржилт нь байгальд сөрөг нөлөөг үзүүлж байна. Энэ сөрөг нөлөөг бууруулах, багасгах гарцыг хайх зорилгоор “Ногоон хөгжлийн түншлэлийг дэмжих нь” уулзалтыг хийж байгаа юм. Монголчууд хэдийгээр нүүдэлчин соёл иргэншилтэй ч сүүлийн хэдэн жилийн хугацаанд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар нь эрчимтэй өсч байна. Ингэснээр, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нь ихэссэн. Эхлээд үйлдвэрлэлээ хөгжүүлье, дараа нь байгаль орчноо хамгаалъя гэж ярих нь оновчтой шийдэл биш. 2014 онд УИХ-аас “Ногоон хөгжлийн бодлого”-ыг баталснаар иргэдийнхээ сайн сайхан амьдрал болон байгаль орчны асуудлыг хамтад нь цогцоор шийдвэрлэсэн алхам болсон.
-Монгол Улсын аль салбарт ногоон хөгжил түлхүү хөгжих боломжтой вэ?
-“Ногоон хөгжлийн бодлого”-оо батлуулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөндөө бүх салбарын саналыг тусгасан юм. Манай орон нь хөдөө аж ахуйн салбарт тулгуурласан эдийн засгийн бүтэцтэй. Хөдөө аж ахуйн салбарын малын тоо толгойн зохист харьцаа, бэлчээрийн оновчтой ашиглалтын талаар ногоон хөгжлийн бодлогод түлхүү тусгагдсан. ХХААЯ-ны зүгээс ч салбартаа ногоон хөгжлийн талаар олон ажил төлөвлөсөн.
-Тухайлбал?
-Жишээ нь, газар тариалан, ургацын хэмжээг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд тогтвортой байлгах “Тогтвортой хөдөө аж ахуй” хөтөлбөр байна. Мал аж ахуйн салбарыг эрхэлж байгаа малчид маань урт хугацаанд цөөрөх хандлага ажиглагдаж байна. Тогтвортойгоор мал аж ахуйг хэн хэрхэн эрхлэх талаар ногоон хөгжлийн бодлогод тусгагдсан.
-Ногоон хөгжилд шилжихийн тулд ногоон эдийн засгийн боловсрол зайлшгүй хэрэгтэй гэдэг. Хүүхэд залуучуудад ногоон эдийн засгийн боловсролыг хэрхэн яаж олгох вэ?
-Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх нь чухал. Монголчуудад булаг шандаа хайрлах хамгаалах, уул овоогоо тахих эртний уламжлал байсан. Гэтэл сүүлийн үеийн хүмүүс хотжоод, хээр салхинд гарахдаа хогоо ил задгай хаядаг боллоо. Монгол хүн бүрт байгаль орчин маань надад болон миний үр хүүхдэд хамаатай гэдгийг ойлгуулах нь ногоон хөгжлийн бодлогын салшгүй зорилт юм. Тогтвортой ногоон хөгжлийн боловсролыг бүх нийтэд олгох ажлыг БСШУЯ-тай хамтран эхлүүлсэн. Тухайлбал, бага , дунд, их сургуулийн хөтөлбөрт нь ногоон хөгжлийн тухай оруулсан. Мөн хөдөө, орон нутгийн “Насан туршийн боловсролын төв”-өөр дамжуулан иргэдэд сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг тасралтгүй явуулахаар төлөвлөж байна.
-Аливаа үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн төрөл бүрийн хөшүүрэг ашигладаг. Тэгвэл, ногоон эдийн засгийг дэмжсэн урамшууллын ямар хөшүүргүүдийг ашиглахаар төлөвлөж байна вэ?
-Ногоон эдийн засгийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн оновчтой хөшүүрэг ашиглана. Нийгэмд хохирол учруулсан хортой үйлдлүүдийг арилгах, таслан зогсоох хөшүүрэг ч бий. Нөгөөтэйгүүр улс оронд үр өгөөжөө өгсөн ээлтэй үйл ажиллагааг дэмжиж зээл, татварын хөнгөлөлт үзүүлдэг эдийн засгийн урамшууллын хөшүүрэг байдаг. Жишээлбэл, байгальд ээлтэй тоног төхөөрөмж гадаадаас оруулж ирж байгаа аж ахуйн нэгж байгууллагыг гаалийн татвараас чөлөөлөх Засгийн газрын 2013 оны 313 дугаар тогтоол бий. Тухайлбал, дээрх тогтоолын дагуу хөдөө аж ахуйн тариан талбайд ашиглагддаг усалгааны систем, лед гэрэл зэрэг 40 гаруй тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. Ногоон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг дэмжиж урамшуулна. Монголын банкны холбоо нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ногоон хөгжлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг хэлэх нь зүйтэй. Тухайлбал, арилжааны банкууд аж ахуйн нэгжид зээл олгох шалгууртаа байгаль орчинд ээлтэй нийгмийн хариуцлагын гэрээг тухайн орон нутагтай заавал байгуулах заалт оруулсан явдал юм.
-“Ногоон хөгжлийн түншлэлийг дэмжих нь” уулзалтад оролцож илтгэл тавьсан олон хүн “Хүрэн эдийн засаг”-аас татгалзъя гэх хэллэг хэрэглэж байсан. Энэ талаар тайлбарлаж өгнө үү?
-Азийн бүсийн орнуудаас Монгол Улс нь нэг ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд 17 кг материал ашигладаг гэсэн тооцоо гарсан. Тэгвэл өндөр хөгжилтэй Япон улс нь нэг ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ 0.3 кг материал зарцуулдаг байна. Манай улсад ашиглаж байгаа техник тоног төхөөрөмжийн ихэнх нь хоцрогдол, бохирдол ихтэй. Энэ нь эдийн засаг хүрэн байгааг харуулж байна. Үрэлгэн, хоцрогдсон байдлаа яаж өөрчлөх вэ. Монгол Улсыг хөгжлийнхөө гараан дээр байна гэдэг. Өмнөх шигээ материал их зарцуулдаг, хоцрогдсон хямд технологио хэрэглэх үү, эсвэл бага материал зарцуулдаг, дэвшилтэт, үр ашигтай, өндөр үнэтэй техник технологи хэрэглэх үү гэдгээ сонгох цаг болсон. Монголын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэн бүр нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бүх үйл ажиллагаагаа байгальд ээлтэй, ногоон хөгжил рүү чиглүүлэх нь чухал. Энэ зорилтыг дэмжихэд олон улсын байгууллагуудын оролцоо, зөвлөмж хэрэгтэй. Америк, Япон нь эдийн засгийн өндөр хөгжилд хүрэхийн тулд олон зүйлээ золиослосон байдаг. Монголд эдгээр улсын гаргасан алдааг давтахгүй хөгжих боломж бий. Өмнө нь батлагдсан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын дагуу “Ногоон хөгжлийн бодлого”-ыг УИХ-аас баталсан юм. Төрийн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн явуулж байгаа бүх үйл ажиллагаа нь ногоон хөгжлийн тухай үзэл баримтлал, бодлогод чиглэгдэх ёстой. Төрийн бодлого ногоон байх нэг жишээг дурдъя. Төрийн мөнгөөр олон байшин барилга барьдаг. Үүнийг л ногоон болгоё. Ногоон барилга, сургууль барья.
-Ер нь, төр засгийн зүгээс бодлогын олон баримт бичиг баталдаг. Гол нь хэрэгжүүлэх чухал. Ногоон хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Төр засаг ногоон хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд салбар бүрийн оролцоо маш чухал. Салбарын яамдууд үүрэг хариуцлагаа ухамсарлаж ажиллах нь ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц болно. Мөн иргэн бүр ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд иргэнийхээ хувьд ямар хувь нэмэр оруулахаа одооноос эхлэн бодох хэрэгтэй байна.