Б.БУЯНДАЛАЙ
“Дэлхийн цирк Монголд-2016” айсуй. Гурав дахь удаагийн эл тоглолтын зохион байгуулагчид өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзав. Хурлын эхэнд “Монголын циркийн хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн Н.Эрдэнэ “Энэ удаагийн тоглолтод Олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл цом авсан Монгол, БНХАУ, Итали, Франц зэрэг 15 орны циркчид оролцоно. Бүгдийг нь олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллахдаа шилж сонгосон. ОХУ-аас ирэх алиалагч гэхэд л олон улсын тэмцээнээс нэг мөнгө, гурван хүрэл цом авсан. Мөн Испанийн агаарын гимнастикчийн хийх үзүүлбэрийг онцолмоор байна. Тэр үзүүлбэрийг одоогоор түүнээс өөр хэн ч хийж чаддаггүй юм. Мөн Монголын бүх шилдэг циркчид оролцоно. Энэ хэрээр удахгүй болох тоглолт маань чанар, чансаатай болох нь дамжиггүй. Тоглолтын тасалбараа 15-30 мянган төгрөгөөр үнэлсэн. 7-10 хоногийн хугацаанд тоглохоор төлөвлөж байна. Хэрвээ үзэгчид хүсвэл циркчидтэй хийсэн гэрээгээ сунгах боломж бий. Өмнөх жилүүдэд тоглосон үзүүлбэрийг дахин давтахгүй онцлогтой. Дэлхийн циркийн хаан үзүүлбэр гэгддэг агаарын гимнастикийг Украин, Беларусийн жүжигчид газрын үсрэлттэй хослуулж тоглох юм. Хүмүүс амьтантай үзүүлбэрийг хамгийн их хүлээж байгаа нь анзаарагдсан. Энэ удаад арслан, одой морь, лам гөрөөс, сармагчин, сургуультай нохойн тоглолтоор үзэгчдэдээ бэлэг барина. Зарим хүн худлаа сенсаац байх вий гэж болгоомжилж байгаа бололтой. Энэ тал дээр огт санаа зовох хэрэггүй. Амьтдыг өчигдөр Монгол руу тээвэрлэсэн. Гурван хоногийн дараа манай улсад ирчих байх. Тэднийг энд байрлуулах болон хоол, тэжээлийг нь хадгалах тусгай байр хүртэл бэлтгэсэн” гэв.
Н.Энхболд: Бид шүүгчдийг алмайрч, суудлаасаа бостол нь тоглосон
Энэ үеэр Испанид болсон олон улсын тэмцээнээс “Алтан заан”, ОХУ-д болсон фестивалиас “Алтан баавгай”, “Идол 2015”-аас мөнгөн цом хүртсэн “Их нүүдэл” хамтлагийн багш Н.Энхболдтой цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө олон улсын томоохон гурван тэмцээнд оролцож, өндөр амжилт гаргасанд баяр хүргэе?
-Баярлалаа. Бид өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-д болсон “Идол 2015” тэмцээнээс мөнгөн цом авч, анхны амжилтаа гаргасан. Гэхдээ алтын дайтай мөнгөн цом байсныг нь онцолмоор байна. Долоон жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж эхэлсэн нь энэ.
Дараа нь, энэ оны хоёрдугаар сард Испанид болсон олон улсын тэмцээнд “Монгол нүүдэлчид” үзүүлбэрээр “Алтан заан”, ОХУ-д болсон ес дэх удаагийн фестивалиас “Алтан баавгай” хүртлээ. Жүжигчдийнхээ гаргасан амжилтаар үнэхээр их бахархаж байна. Учир нь, цом хүртсэн тэмцээндээ хоёуланд нь шүүгчдийг суудлаас нь босгож, алмайруулж чадсан.
-Олон улсын томоохон тэмцээн шүүж, хэр баргийн зүйлд дөжирчихсөн шүүгчдийг алмайруулна гэдэг амаргүй. Та бүхний үзүүлбэрийн юу нь тэднийг бишрүүлэв?
-Дэлхийн олон дээд амжилтыг шинэчилсэн. Дөрвөн давхар руу хоёр эргэлт, зургаа эргэлт, таван сок зэрэг үзүүлбэр шүүгчдийн анхаарлыг их татна билээ. Ялангуяа дөрвөн давхар руу хоёр эргэх үзүүлбэрийг 30 жилийн өмнө л хийж байсан. Үүний сацуу монгол ахуйг шингээж, үзүүлбэрүүдийн хооронд холбоос хийж, хөгжим, бүжгээрээ үзэгчид, шүүгчдийн сэтгэлийг бүр их татсан байх.
-Акробатын үзүүлбэрээр манай циркчидтэй ямар орны жүжигчид хамгийн ширүүн өрсөлддөг юм бол?
-Мэдээж бүх орны жүжигчид эн тэнцүү өрсөлдөөн үзүүлдэг. Ийм том тэмцээнүүдэд хэр баргийн циркчид оролцохгүй. Түрүүлнэ гэх горьдлоготой, боломжтой жүчигчид л өрсөлддөг. Тэдний дундаас БНХАУ, БНАСАУ, ОХУ-ын цирчид илүү ур чадвар сайтай.
-Танай багт хэчнээн жүчигчин байдаг вэ?
-12 циркчин бий. Би тэдэнтэй багаас нь хамтран ажиллаж байгаа. Долоон жил дасгалжуулж байна. Одоо хийж буй үзүүлбэрийг нь л гэхэд хоёр жилийн хугацаанд зааж, дасгалжуулсан.
-Нэг хэсэг монголчууд уран нугаралтаар л дэлхийд тэргүүлдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд акробатаар ч бас манлайлж байна. Үүнд юу хамгийн ихээр нөлөөлж байна вэ?
-Дэг сургууль. Жүжигчдийн суурийг маш сайн тавьж байна. Энэ хэрээр циркчдийн ур чадвар улам хурдан ахиж, олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргасаар байна.
-Монголдоо үзүүлэх циркийн тоглолтод та бүхэн ямар үзүүлбэрээр оролцох вэ?
-Энэ тоглолтод монгол циркчдийн ур чадвар дэлхийн түвшинд хүрснийг нотлохыг хүсч байна. Манай хамтлаг “Шидэх банз”, “Дудартай акробат” гэсэн үзүүлбэрээр оролцоно.