Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гадаадын иргэн, харьяатын асуудал
эрхлэх газар”- аас Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдийн
тоо болон сүүлийн үед хятад иргэдтэй холбоотойгоор хэвлэлээр гарч буй
мэдээлэлд тайлбар хийлээ. Манай улсын хувьд хүн ам цөөтэй ч байнга
удаан хугацаагаар оршин суух иргэдийн хугацааг нь хуульчилсан байдаг юм
байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд “Монгол Улсын
нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь
Монгол Улсын харьяат хүн амын 3 хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг
хувь хүртэл байж болно” гэсэн заалт байдаг ажээ. Энэ хуулийг үндэслэн
бодож үзэх юм бол Монгол улсад суугаа гадаад иргэдийн тоо 84348, түүний
дотор нэг улсын иргэн 36123 -аас хэтрэхгүй байх гэсэн тоо гарч байна.
Манайд оршин сууж байгаа иргэдийн тоогоор толгой цохидог нь мэдээж БНХАУ
–ын иргэд байдаг. БНХАУ-н 27496 иргэн хувийн хэргээр монгол улсад оршин
сууж байгаа бөгөөд үүнээс 23000 иргэн нь хөдөлмөр эрхэлж буй юм байна.
Тэд ихэвчлэн томоохон уул уурхай болон барилгын салбарт ажиллаж байгаа
гэсэн судалгаа байдаг аж. Албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар гадуур
яригдаад байгаа шиг тийм “вагон, вагон” - оор Хятад иргэд манайд ирж
байгаа юм байхгүй. Бүх юм хуулийн дагуу хэрэгжиж буй бөгөөд энэ асуудал
Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний зүйл
одоохондоо биш гэсэн хариултыг өгсөн юм. Тэдний хэлж буйгаар бол манайд
урд хөршийн 8627 иргэд ирсэний дараа л энэ асуудал үндэсний аюулгүй
байдлын хэмжээнд яригдах юм байна. Дашрамд дуулгахад манай улсад хуулиар
зөвшөөрсөн цагаач иргэдийн тоо 14058 байдаг бол өнөөдрийн байдлаар 2076
цагаач иргэн амьдарч байгаа ажээ.