ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Хятадын Иргэний нисэхийн удирдах байгууллагын дэд дарга Шиа Шинхуа нар уулзаж, хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ. Уг уулзалтаар Улаанбаатар-Бээжингийн чиглэлд долоо хоногт 14 удаа нислэг үйлддэг байсныг 21, бусад чиглэлд долоо хоногт долоон удаа нислэг үйлдэж байсныг мөн 21 болгож нэмэхээр тохиролцсон байна. Одоогоор Монголын тал БНХАУ-ын 10 хотод шууд нислэг үйлдэх эрхтэй байгаа. Харин дээр уулзалтын үр дүнд Шанхай, Тянжинь хотоор дамжин Улаанбаатар-Бангкок, Улаанбаатар-Сингапурын чиглэлд нислэг үйлдэх эрхтэй болсон гэнэ. Мөн хэлэлцээрийн үеэр нисэхийн салбарт эрэн хайх, авран туслах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол-Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ онд багтаан байгуулах чиглэлээр хамтарсан ажлыг хэсэг байгуулахаар тохиролцжээ.