Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Перу Улсын нийслэл Лима хотод өнгөрсөн сарын 24-25-нд болсон ОҮИТБС /Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга/-ын Удирдах дээд байгууллагын олон улсын VII бага хуралд оролцлоо. Энэ үеэр Монгол Улс ОҮИТБС-ын тайлан, мэдээллийг цахимжуулахад үлгэр жишээ ажиллаж байгаа улсаар үнэлэгдэж, тус байгууллагын Удирдах хорооны даргын нэрэмжит шагнал хүртээжээ. Уг шагналыг Уул уурхайн сайд Р.Жигжид гардаж авах үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улс ОҮИТБС-ыг хэрэгжүүлж эхэлснээс хойш 10 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд бид нийт есөн удаагийн нэгтгэл тайлан гаргаж, хэвлэн нийтлүүлэн, уул уурхайн салбарын хувь нэмэр, ололт амжилтыг олон нийтэд нээлттэй, ил тод танилцуулан сурталчилж ирлээ. Бидний 2015 онд шинээр нэвтрүүлсэн ОҮИТБС-ын цахим тайлагналын систем, шинэчлэн сайжруулсан цахим хуудсыг үнэлж олон улсын Удирдах хорооны даргын нэрэмжит шагналыг олгосонд баяртай байна.
Бид бүхэн цаашид уламжлалт ажлаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ санаачилгыг өргөн хүрээнд тайлбарлан таниулах ажлыг улам эрчимжүүлнэ. Харилцаа холбоо, сургалт сурталчилгааг орон нутагт идэвхжүүлэх, цахим тайлагналын системийн шинэчлэлийг сайжруулан дараагийн шатанд төрийн байгууллагуудын сүлжээтэй холбох, мэдээлэл боловсруулах ажлыг улам боловсронгуй болгох, Олон улсын байгууллагаас Монгол Улсын ил тод байдлыг баталгаажуулахад хийх шаардлагатай бэлтгэл ажлыг хангах зорилт тавин ажиллаж байна” гэлээ.
Хурлын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид БНПУ-ын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд хатагтай Роза Мария Ортиз болон Колумбын Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Мариа Изабель Уллоа Круз нартай уулзсан.
Уул уурхайн сайд Р.Жигжид Герман улстай эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, ялангуяа газрын ховор элементийг олборлох, ашиглах, нүүрсийг гүн боловсруулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байдгаа илэрхийллээ. Үүний дараа тэрээр БНПУ-ын Байгалийн нөөцийн засаглалын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Даниел Кауфманныг хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.