Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхтайван: Гадаад худалдаа уул уурхайд түшиглэж байгаа



ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Н.Энхтайвантай ярилцлаа.


-Үндэсний статистикийн газрын судалгаагаар гадаад худалдааны алдагдал  буурахгүй, өсч байна гэж мэдээлж буй. Яагаад буурахгүй байна вэ?
-Монгол Улсын эдийн засаг гадаад худалдаатай шууд холбоотой л доо. Гадаад худалдаанд оролцдоггүй, түүн дотроо худалдаа хийдэггүй нэг ч иргэн, аж ахуйн нэгж байдаггүй. Үйлдвэр, аж ахуйн нэгж өөрийн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, түүхий эдээ гадаадаас импортолж байна. Энэ нь Монгол Улсын дотоод хэрэглээ нэмэгдсэн гэсэн үг.  2011 онд манай улс гадаад худалдаанаас 1.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн. Алдагдалтай гарсан нь уул уурхайн хөгжлийг даган тоног төхөөрөмж их хэмжээгээр орж ирж буйтай холбоотой. Яваандаа манай уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэхээр экспорт нэмэгдэнэ л дээ. 2014 оноос гадаад худалдаа ашигтай  гарах тооцоо бий.
Оюу толгой, Таван толгой ашиглалтад ороод, уул уурхайн анхан шатны бүтээгдэхүүнээ экспортлоод ирэхээр алдагдал буурах юм. Алдагдалтай гарч буй өөр нэг шалтгаан нь нефть. Манайх үндсэндээ ОХУ-аас авдаг. Мэдээж, манай улс боломжийнхоо хэрээр газрын тос олборлож байгаа ч, боловсруулах үйлдвэр байгуулбал импортын хэмжээ багасах бүрэн боломжтой. 2014 онд нефтийн үйлдвэртэй болбол гадаад худалдаа алдагдалгүй  болно.

-Гэхдээ гадаад худалдааг дэлхий нийтийн эрэлтийг мэдэрч, өөрийн нөөц боломжиндоо тулгуурласан бүтээгдэхүүн экспортлох ёстой мэт. Гэтэл манай экспортын бүтээгдэхүүний нэр төрөл дэндүү цөөн?
-Тийм ээ. Нэмэх шаардлага бий. Бодлогын хувьд экспортыг дэмжих үйлдвэрлэлийг хөгжүүлэх учиртай. Ямар бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой байна вэ тэр үйлдвэрлэлийг дэмжих ёстой юм. Манай салбарууд тус тусдаа бие даасан үйлдвэрлэлийн бодлогоо одоо нэгтгэх хэрэгтэй. Уялдаа холбоо гэж алга. Дээр нь, бидэнд мөнгөгүй гэсэн сэтгэлгээ тээг болж байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь гадаад худалдааг дэмжиж, экспортыг нэмэгдүүлнэ шүү дээ. Жишээ нь, Хятад улсад үйлдвэрлэл, худалдаа ямагт цуг явдаг. Мөнгөөр зүйрлэвэл үйлдвэрлэл гэдэг нь сүлд, худалдаа нь тоо. Тоо сүлд хоёр харилцан хамааралтай. Бээжинд өмнө нь худалдааны болон үйлдвэрлэлийн их сургууль гэж байсан. Үйлдвэрлэл, худалдаа хоёр ямагт хамт байдаг гэдэг утгаар 1995 онд нэгтгэн том сургууль болгосон. Хятад улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн нэг нууц нь ч энэ. Тийм ч болохоор сүүлийн 25 жилд тус улсын эдийн засаг хүчтэй байна шүү дээ.

-Үйлдвэрлэлийг дэмжинэ гэж өчнөөн ярьсан хэрнээ өнөөг хүртэл гадаад худалдаанд гавьсан зүйл үгүй. Өнөөдөр зөвхөн уул уурхай дээр түшиглэж буй нь биднийг эрсдэлд оруулж байгаа хэрэг биш гэж үү?
-Үнэн. Гадаад худалдааны 90 гаруй хувь нь өнөөдөр уул уурхайд түшиглэж байгаа. Нүүрс, зэсийн баяжмал, жонш гэх мэт. Энэ нь манай эдийн засгийн бүтэцтэй шууд холбоотой. Үнэндээ манайд үйлдвэрлэл алга. Оюуны бүтээл, өндөр технологи шингэсэн бүтээгдэхүүн гаргах боломж байхгүй. Хивс, ноос, ноолуур түүхий эдийн үйлдвэрлэл нь хязгаарлагдмал. Зах зээл нь хязгаартай. Хэзээ нэгэн цагт уул уурхайн бүтээгдэхүүн нь дуусч таараа. Тэр цагт яах вэ гэдгээ одооноос л хайх хэрэгтэй. Монголын эдийн засагт хэрэгтэй цаашлаад экспортлох боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл бидний өмнө зах зээл нээлттэй. Гэтэл нарийндаа өнөөдөр экспортлох юм нь алга. Цөөн хэдхэн  бүтээгдэхүүн  л байна шүү дээ. Наад зах нь, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, түүхий эдээ импортоор оруулж ирж байна. Энэ бүгдийг аваад үзэхээр манай улс гадаад худалдаандаа тулгуурласан эдийн засгийн бүтэцтэй. Харамсалтай нь, энэ чухал салбар өнөөдөр бодлогынхоо төвшинд, бүтэц, зохион байгуулалтынхаа хувьд оновчтой бүтэцтэй бус явж байгаа.

-Энэ талаар МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл олонтаа хэлж байсан. Яам байтугай хууль нь байхгүй нь гадаад худалдааны хөгжилд тушаа болж байна гэсэн?

-Тийм ээ. Монгол Улсад худалдааны тухай хууль, худалдааны талаар баримтлах төрийн бодлого байхгүй гээд саад бий. Дээр нь нэмж хэлэхэд, гадаад худалдаагаа хариуцсан төрийн яамны бүтэц нь оновчтой биш. Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хариуцсан манай газар бүхэл бүтэн Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийг тодорхойлоод явна гэдэг байж боломгүй. Энэ том бодлогын асуудал нь хаягдсан, орхигдсон зүйл бий.  Хуучин Худалдаа үйлдвэрлэлийн яам гэж байсныг татан буулгаад ГХЯ-ны нэг газар нь болгож байсан юм. Ингээд дөрвөн жилийн дараа болохгүй юм байна гээд буцаагаад Үйлдвэрлэл худалдааны яам гэж байгуулсныг 2008 онд татан буулгаж, ГХЯ-нд шилжүүлсэн. Бүхэл бүтэн яам хариуцаж байсан асуудлыг ГХЯ-ны нэг газар болгосон. Өөрсдөө дотоод үйлдвэрээ хөгжүүлж чадахгүй улс байж бодлогыг нь зохицуулдаг яамны бүтэц оновчгүй болохоор зохицуулалт нь алдагдаж байгаа хэрэг. Наад зах нь, нүүрсээ бид хямдхан үнээр зардаг. Яагаад гэвэл, гадаад худалдааны ямар ч мэдлэггүй хүн гэрээ хэлэлцээр хийж байна шүү дээ.

-Энэ талаар холбогдох газарт нь мэдэгдсэн үү. Хууль эрх зүйн орчин бүрдээгүй гэж бизнес эрхлэгчид ч ярьдаг?
-УИХ-д үндсэн гурван бичиг баримтыг оруулж батлуулахаар боломжтой бүх чиглэлээр ажилласан. Нэгд, худалдааны тухай хууль. Энэ хуулийг боловсруулаад Засгийн газарт хоёр удаа хэлэлцүүлээд, Их хурлын байнгын хороонд хүргүүлсэн. Харамсалтай нь, энэ УИХ авч хэлэлцсэнгүй. Хоёрт, гадаад худалдаанд төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулаад оруулсан. Хүлээгдсэн байгаа. Гурав дахь үндсэн баримт бичиг бол экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр. Энэ бичгийг боловсруулаад Засгийн газарт хүргэсэн Ямар ч байсан ГХЯ үүргийнхээ дагуу асуудлыг нь танилцуулаад оруулсан. Хүлээлтийн байдалтай л байна. Харин гадаад эрх зүйн орчны хувьд хаа ч сайн гэж хэлж болно. 1997 онд манай улс Дэлхийн худалдааны байгууллагад элсч, 157 оронтой худалдаа явуулах эрхзүйн хувьд бүрэн нээлттэй болж, эрх тэгш харилцаж байна.

-Газар зүйн байршлаасаа  шалтгаалж байна уу манай экспорт, импорт хоёр хөршөөсөө хамаарч байна. Энэ биднийг хараат  болгож байна гэж ярих юм?
-Манай газрын баримталж буй гол зарчим гадаад худалдааг аль болох лебарлчлах, дэлхийн олон орны зах зээлтэй харилцах бодлого барьдаг. Өнөөдөр яах аргагүй газар зүйн байдал  нөлөөлж байгаа нь үнэн. Бид экспорт нэмэгдээд байна гэдэг ч уул уурхайн бүтээгдэхүүнээ  Хятадад экспортолж таарч байгаа юм. Хятадыг давуулаад цаашаа экспортлох боломж одоогоор алга. Хятад тэдгээр бүтээгдэхүүнийг гаднаас импортоор авдаг орон байхгүй юу. Өөрөө импортоор авч байж, манай  нүүрсийг нутаг дэвсгэр дээрээ дамжуулаад гуравдагч оронд гаргана гэж байхгүй. Наад зах нь, зам тээврийн асуудал байна. Хятад өөрөө дэлхийн хамгийн том түүхий эдийн зах зээл. Тэр дотроо уул уурхайн бүтээгдэхүүний. Дэлхийн бүх орон Хятад руу бүтээгдэхүүнээ экспортлохын тулд өрсөлдөж байхад бид Хятадад өгөхгүй гэвэл аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэхтэй адил юм болно. Тэгээд ч давуулаад өгөх зах зээл байтугай боломж нөхцөл нь алга. Хамгийн гол баримтлах бодлого бол гаргаж байгаа бүтээгдэхүүндээ яаж нэмүү өртөг шингээх, үнэ хүргэх вэ гэдэг л чухал.

-Гэхдээ бид нэг бүтээгдэхүүнээр хараат болж байгаа юм биш үү. Тухайлбал, нефть байна?
-Хараат гэдэг үг оновчтой биш. Яагаад гэвэл, одоохондоо бид нефтийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадахгүй тул импортлохоос өөр аргагүй. Импортлох боломжтой улс нь ОХУ. Харин ч олон улсын зах зээлийнх нь үнээр авч байгаа. Хараат гэхээсээ илүү худалдаа хийж байна гэж хэлэх ёстой. Энэ байдлаас гарахын тулд газрын тосны хайгуулаа нэмэгдүүлж хөнгөлөлттэй бодлого хэрэгтэй.  Үнэндээ 1990 оноос хойш гадаад худалдаа асар хурдтай хөгжиж, өсөлт нь эдийн засгийн өсөлтөд нааштайгаар нөлөөлсөн. Гадаад худалдаа өсч байна гэдэг нь эдийн засгийн өсөлт өндөр хурдтай явж байна гэсэн үг. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд 2010 онд гадаад худалдааны хэмжээ 6.3 тэрбум ам.долларт хүрсэн. 2011 онд 11.4 тэрбум ам.долларт хүрсэн. Нэг жилийн дотор хоёр дахин хурдтай өсдөг ийм хөгжилтэй гадаад худалдаа дэлхийд байхгүй. 1990 онд дэлхийн 20 гаруй оронтой худалдаа хийдэг, нийт худалдааны хэмжээ 200 гаруй сая ам.доллар байсан. 90 гаруй нь ОХУ, үлдсэн 10 гаруй нь социалист системийн орнууд байв. Гэтэл энэ хэмжээ  өөрчлөгдөж, дэлхийн 130 гаруй оронтой худалдаа хийж байна.

-Худалдааг хөгжүүлэхэд өнөөдөр ямар бэрхшээлтэй асуудлууд байна вэ?
-Юуны түрүүнд эрх зүйн зохицуулалтаа сайжруулах хэрэгтэй. Олон улсын хүрээнд идэвхтэй ажиллах хэрэгтэй. Дэд бүтцээ сайжруулах шаардлага байна. Мөн хилийн боомтуудаа бэхжүүлэх. Тэгэхдээ боомт руугаа чиглэсэн авто зам тавьж, төмөр замаа холбох хэрэгтэй. Энэ л гадаад худалдаагаа нэмэгдүүлэх том боломж юм.

-Тийм шүү. Дэлхийн 130 гаруй оронтой гадаад худалдаа хийдэг манай улсад олон улсад хүлээн зөвшөөрдөгдөхөөр боомт бараг л алга ?
-Энэ ч эдийн засгийн боломж, чадвар, мөнгөтэй холбоотой л доо. Бас зохион байгуулалтын асуудал бий. Жишээ нь, манай улсын худалдааны гол түнш Хятад нийт худалдааны 60 гаруй хувийг эзэлдэг. Ихэнх худалдааг хилийн боомтоор хийж байна. Хятадтай хиллэж байгаа 13 боомтыг нэг нэгээр нь хөгжүүлэх ёстой гэж ярьдаг ч бүтээн байгуулалт хийгддэггүй. Уг нь, 13 боомтод аманд ч үгүй, хамарт ч үгүй тарсан хөрөнгө оруулалт хийж байхаар эхний ээлжинд тав, зургаан боомтыг нь сонгож аваад хөгжүүлбэл арай хурдтай байна шүү дээ. Монгол Улсад шаардлага хангахгүй олон жижиг, боомт хэрэггүй. Уг нь, улсын эрх ашиг гэдэг том зүйл яригдах учиртай. Хилийн боомт нээгдэх нь тухайн аймаг орон нутагт хэрэгтэй л дээ. Гэвч тийм жижиг шүүрэн шанага шиг олон хилийн боомт бидэнд хэрэггүй. Өнөөдөр 13 боомтод шаардлага хангасан дэд бүтэц, хяналт шалгалт хийх гаалийн байр байшин нь байхгүй, хяналт тавих бүрэн тоног төхөөрөмж алга, ажилчид нь хүрэлцдэггүй. Ус, тог байхгүй хүн амьдрах нөхцөлгүйгээс усанд орох гэж хил гардаг, урдаас цахилгаанаа авч байна шүү дээ. Энэ их саадын хэмжээгээр орох, гарах барааны урсгалд нөлөөлнө, олон хоногоор ачаа бараа саатна, тэр хэмжээгээр бараа нь муудна, үнэ нь нэмэгдэх жишээтэй. Үнэ, чанар нь зах зээлд нөлөөлнө, худалдааны хурдыг нь сааруулна. Мөн яах аргагүй төрийн байгууллагуудын үйлчилгээний асуудал байна. Сүүлийн жилүүдэд гааль, мэргэжлийн холбогдох байгууллагын үйлчилгээ сайжирч байгаа ч хил дээр хүнд суртал байсаар байна. Үүнтэй холбогдуулаад ГХЯ-наас хилийн боомтын талаар баримтлах баримт бичиг боловсруулаад УИХ-д хүргэсэн.

-Нэг сонин зүйл ажиглагддаг. Манай гадаад худалдаа иргэдийн нуруун дээр буюу ганзагын системтэй явах юм. Салбар хариуцаж буй таны үгийг сонсмоор байна?
-Нуух юм байхгүй, үнэн. Наад асуудлыг чинь худалдааны тухай хууль зохицуулах ёстой юм. Гадаад худалдааг Монгол Улсын иргэн, компани эрхлэх эрхтэй гэдэг. Би хувьдаа үүнийг буруу гэж үздэг. Гадаад худалдааг зөвхөн гадаад худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй компани эрхлэх ёстой. Өнөөдөр хүнсний аюулгүй байдал алдагдсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Жишээ нь, манай иргэд Замын-Үүд, Алтанбулаг гараад  л хүнсээ аваад ирдэг. Энэ маань өөрөө ямар нэгэн эрүүл ахуйн ямар ч баталгаа байхгүй. Хэдийгээр хил дээр МХЕГ ажилладаг боловч нарийн шалгах тоног төхөөрөмжгүй. Гэтэл гадаадын зарим орон иргэнээ хүнсний бүтээгдэхүүн хилээр оруулахыг хориглодог, оруулбал хэдэн зуун мянган ам.доллараар торгодог. Энэ нь, хүнсний аюулгүй байдал гэлтгүй бүх нийтийн эрх ашиг цаана нь хөндөгдөж байдаг учраас тэр. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүнийг бөөний худалдааны компани импортлох ёстой. Нэг ёсондоо буух эзэнтэй буцах мөртэй гэсэн үг. Харин бөөний худалдаачдаас жижиглэнгийнх нь авдаг болох юм. Түүнчлэн цахим худалдаа гэж хөгжчихлөө. Үүнийг зохицуулсан эрх зүйн орчин алга. Цаашлаад оюуны өмчийн худалдаа гэж байна. Худалдааны тухай хууль батлагдвал зохицуулах олон зүйл бий.

-Нэг үеэ бодвол жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж байна. Гэтэл импортыг орлох бүтээгдэхүүн дэндүү бага юм шиг?
-Импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэвэл татварын хөнгөлөлт үзүүлдэг. Тэр чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалт хийвэл татварын хөнгөлөлт байдаг. Энэ манай дэмжих бодлого. Монгол Улс аль болохоор дэлхийн олон оронтой худалдаа хийх бодлого барьдаг. 1990 оны үед 20-хон оронтой худалдаа хийж байсан бол өнөөдөр дэлхийн 130 оронтой худалдаа хийгээд ахиж байна. Энэ бас том дэвшил. Нийт гадаад худалдааны 56 хувь нь Хятадтай, 20 гаруй хувь нь ОХУ-тай, үлдсэн хувьд нь бусад оронтой хийж байна. Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээрээ 15 хувь хүртэлх гаалийн  тарифаа нэмэх эрхтэй. Экспортолж байгаа түүхий эдэд гаалийн татвар тавьчих хэрэгтэй. Тухайлбал, нүүрс бусад түүхий эд байна. ОХУ гэхэд экспортын түүхий эд болох эрчим хүчний нүүрснийх нь татвар 60 хувь. Тэгэхэд Монгол Улс татваргүй байгаа. Тэгэхээр бид ядаж татварыг нь 10 хувь болгох шаардлагатай. Гарцаагүй нүүрсээ угааж гаргана. Гэхдээ хязгаартай тогтоох. Дөнгөж нүүрс гараад эхлэнгүүт олборлолтыг нь унагачихав уу гэдэг том асуудал давхар яригдана.

-ОХУ мал хөлөөр нь авна гэж байсан. Энэ асуудал юу болсон бол?
-Мал, малын махаа аль болох экспортлох бодлого баримталж ажиллаж байгаа. Холбогдох уулзалт, гэрээ хэлэлцээрт яригддаг гол асуудал нь мал, махны экспорт. Гэвч манай малчид малаа зарах сонирхолгүй, тоо толгойг нь өсгөх зорилготой болж. Малын тоо толгой 50 саяд хүрч байгаа нь малчдын малаа өсгөх гэсэн хүсэл нь нөлөөлсөн байхгүй юу. Малчдын сэтгэхгүй тоо толгойгоо хараад өсгөхийг чухалчилдаг болж. Малаа эдийн засгийн эргэлтэд оруулах дургүй байна. Эдийн засгийн эргэлтэд оруулах талаархи мэдлэг муу байгаатай холбоотой л доо. Нэмж хэлэхэд ОХУ дэлхийн худалдааны  байгууллагын гишүүн болсон. Тэгэхээр ОХУ Монгол Улсын  бүтээгдэхүүнд тавьдаг хориг саад багасах байх. Гишүүн болсноор ойрын 3-5 жилийн дотор мах махан бүтээгдэхүүнд тавьдаг татварын хэмжээг буулгаад дунджаар долоон хувь болгох үүрэгтэй. Тэгэхээр татварынх нь хэмжээ багасна.

-Уг нь, МҮХАҮТ-аас экспортлох боломжтой, татваргүй гарах 7000 гаруй барааны нэр байдаг байх аа. Энэ боломжийг хэр ашиглаж байна вэ?
-Манай улс АНУ, Европын холбооны зах зээлд нийт 7200 гаруй бүтээгдэхүүнийг татваргүй гаргах боломжтой. Гол нь стандарт хангасан бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Хаана ч байгаа бүтээгдэхүүнийг Монгол Улс түүхий эдийг нь оруулж ирээд үйлдвэрлэж болно шүү дээ. Тэрэн дотор автомашин байгаа. Жишээ нь, Япон, Солонгос сэлбэгийг нь оруулж ирээд гаргахад татваргүй гаргах жишээтэй. Гол нь стандартыг нь хангаад нийцэж байна гэвэл зах зээл нь нээлттэй.

-Өнөөх гадаад худалдаанд хүчтэй нөлөөлнө гэсэн томоохон аж үйлдвэрийн паркууд яагаад сураггүй байна вэ?
-Сайншандын парк бол гадаад  худалдааг дэмжих төрийн том бодлого. Үйлдвэржилтийн район. Тэнд  манай уул уурхайн гол ажил явна. Үйлдвэр байж худалдаа байдаг. Худалдаа байж үйлдвэрлэл байдаг. Энэ утгаараа шууд хамааралтай. Бүх үйлдвэрлэл гадаад худалдаатай холбоотой. Тухайн үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого байдаг. Үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг чинь худалдаагаа дэмжиж байна гэсэн үг. Салбар бүрт л үйлдвэрлэлээ дэмжсэн бодлого бий. Гэхдээ түүнийгээ гадаад худалдаандаа нэгтгэж өгөөгүй, нэгдсэн зохион байгуулалтгүй, эрх зүйн орчин нь үгүйлэгдээд байгаа юм. Том юм хийхэд том аппарат л хэрэгтэй.

-Валютын ханшийн өөрчлөлт дотоодынх төдийгүй гадаад худалдаанд ч нөлөөлсөн хэмээн эдийн засагчид ярьж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Нөлөөлөлгүй яахав. Гадаад худалдаа валютаар тооцоогоо хийдэг. Тэгэхээр гадаад худалдаа валютын ханш нэмэгдсэнээр муу, суларснаар сайн байна гэсэн зүйл байхгүй. Валют өөрөө тогтвортой байх тусам гадаад худалдаанд хамгийн эерэг, тааламжтай нөхцөл бий болгодог. Ханш нь нэмэгдэхэд манай импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүн валютаар авдаг учраас илүү хохиролтой. Экспортолж байгаа тохиолдолд бидэнд ашигтай. Валютын ханш тогтвортой, экспорт, импорт тэнцвэртэй байх нь гадаад худалдаанд хамгийн тааламжтай. Манайх шиг экспорт, импорт нь гадаад худалдаатай шууд хамааралтай орны хувьд тогтвортой байх нь гадаад худалдааны эерэг нөлөөллийг авчирдаг юм.

-Монголын эдийн засаг эмзэгхэн, тэр хэрээр гадаад худалдаа ч гэсэн өвчлөмтгий гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Эмзэг байлгүй яахав. Ялангуяа, гадаад худалдаа. Гадаад худалдааны 60 орчим  хувь нь урд хөрш, 20 гаруй хувь нь ОХУ-тай хийгддэг. Энэ том харилцаанд маш зөв бодлого баримталж, аргыг нь олж явахгүй бол ямар нэгэн алдаа гарах, цаашлаад харилцаандаа сэв суулгавал шууд эдийн засагт нөлөөлөл нь тусна. Наад зах нь, хилээ хаана гэвэл юу болох вэ. Энэ маань тэр чигээрээ эдийн засгийн харилцаа. Зөвхөн Замын-Үүдийг хаадаггүй юмаа гэхэд ямар нэгэн хориг тавих, стандарт шаардлагыг өндөрсгөж болно шүү дээ.

-Хямрал өнөөдөр ч арилаагүй байна хэмээн Европын холбоо мэдэгдээд буй. Буурал тивээс гаралтай эл шуурга гадаад худалдаанд хэр нөлөөлсөн бэ. Сүүдэр нь арилсан уу?
-2008-2009 онд гадаад худалдааны хэмжээ ерөнхийдөө зогсонги байдалд орсон. Үүнд  хямрал нөлөөлсөн. Цаашид хямрал нүүрлэвэл манай эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Хямралаас урьдчилан сэргийлэх талаар Европын орнууд эдийн засгийн олон арга хэмжээ авч байгаа. Тэдгээр арга хэмжээний талаар судалгаа, танилцуулга, саналыг судалж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ бүгдийг бүрэн хийж хэрэгжүүлэхэд эргээд л боловсон хүчин дутагдаад байх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан