Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

III амаржихын барилга сууринаасаа өндийхгүй нь



Төрөх эмнэлгүүдийн ачаалал хэрээс хэтэрсэн гэдгийг нь хэн хүнгүй л мэднэ. Улсын хэмжээнд энэ оны эхний таван сард 29914 эх амаржсан нь өмнөх оны мөн үеийнхээс 2277 эх буюу 8.2 хувиар нэмэгдсэн тухай статистик мэдээлэлд дурджээ. Энэ бол зөвхөн нэг жилийн өмнөхтэй харьцуулсан үзүүлэлт. Харин Улаанбаатар хотын амаржих газруудын ачааллыг 25 жилийн өмнөхтэй харьцуулбал даруй дөрөв дахин нэмэгдээд буй. Гэтэл амаржих газруудын тоо огт нэмэгдээгүй, хүчин чадал нь өргөжөөгүй өдий хүрсэн нь нууц биш. Сүүлийн үед эмнэлгээс шалтгаалах халдвар цөөнгүй гарах болж, гурван жилийн өмнө гэхэд л арав гаруй нярай халдвар авсны олонхи нь эндсэн. Тухайн үед  манай улсын төр засаг гэнэт сэхээ орж, амаржих газруудын засварт хайр найргүй мөнгө цацаж, шинээр амаржих газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв барихаар болсноо сүржин гэгч зарлаж байсан нь одоо ч санаанд тодхон байна. Тэдгээр эмнэлгээ  өнөө маргаашгүй, нэг, хоёр жилийн дотор барьж дуусгана. Хөрөнгө мөнгийг нь шийдсэн хэмээж билээ. Харамсалтай нь, сайд дарга нарын энэ үг “хоосон ам” л болж дуусав.

Уг нь, нэгдүгээр амаржих газрын 150 ортой өргөтгөл, III амаржих газрын 150 ортой шинэ барилга, Нийслэлийн Эх нялхасын төвийг 300 ортой барихаар болж, ингэснээр Улаанбаатар хотод эх барихын 620, эмэгтэйчүүдийн 200, эмгэг нярайн 100 ор шинээр бий болж, эх нярайн тусламж үйлчилгээ сайжрах байв.
Эл эмнэлгүүдийг барих ажил гурван жилийн өмнөөс яригдаж шил шилээ даган шаваа тавьсан ч өнөөдөр ашиглалтад орсон нь нэг ч алга.  

Баянзүрх дүүрэгт байрлах “Энэрэл” эмнэлгийг нүүлгэн  буурин дээр нь барих шинэ III амаржих газрын шавыг 2011 оны тавдугаар сарын 27-ны өдөр тавьж, Засгийн газрын тэргүүнээс эхлээд салбарын сайд, гүйцэтгэгч компанийнхан гээд албаны бүхий л хүн оролцож байсан билээ. Тэгвэл өнөөдөр түүн шигээ дарга нар индэр дээр зогсоод энэ эмнэлэг төрөх эхчүүдийг хүлээж авахад бэлэн боллоо хэмээн “Үүд нээх” ёслолын тууз хайчилж байх учиртайсан.

Төлөвлөгөөнд тусгасан ёсоор III амаржих газрын шинэ ба­рил­га энэ оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох байсан ч сураг нь алга. Газар дээр нь очиж үзвэл барилгачид гэх нэг ч хүн байсангүй. Ух­сан нүхэнд хэдэн арматур шо­войлгож орхиод нэг жилийн нүүр үзэж байгаа тухай ойр орчмынх нь иргэд хэлж байв. Тухайн үед зарласан тендерт “Их өргөө” ХХК гүйцэтгэгчээр нь шалгарсан гэдгийг ч дурдах хэрэгтэй.
 
III амаржих газрын барилга яагаад баригдалгүй өнөөг хүрс­нийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Отгонбаатараас асуу­хад “Эмнэлэг бол онцгой объект. Бүх юм нь нарийн байх ёстой. Гэтэл ийм онцгой объектын зураг төслийг хийдэг мэргэжлийн архитектор манай улсад байдаггүй юм байна. Хөрөнгө мөнгө бус зураг төсөл зэрэг бусад зүйлээс шалтгаалж саатаад байгаа. Энэ ажлыг нийслэлийн Эрүүл мэн­дийн газар хариуцаж бай­гаа болохоор яамны зүгээс тодор­хой тайлбар өгч чадахгүй нь” гэв. Нэгэнт хөрөнгө мөнгө нь шийдэгдэж, гаргасан зураг төлөвлөгөөний дагуу тендер зарлаж, шалгарсан гүйцэтгэгч нь чадна гээд ажлаа эхлүүлсэн барилгын ажил ийм л байдалтай байна.
Үүний ард 300 мянга орчим хүн амтай Баянзүрх дүүргийн эхчүүдэд үйлчилдэг III амаржих газар  45 ортой хуучин байрандаа өдөрт 100 орчим эх хүлээн авсан хэвээр байна. Шинэ байр нь мөддөө баригдахгүй нь тодорхой тул тус амаржих газрыг түр нэгдүгээр амаржих газарт нүүл­гэн шилжүүлж, хуучин бай­­ранд нь засвар хийж эхэлсэн билээ.

Хэрэв эмнэлгийн шинэ ба­рил­га баригдсан бол Баянзүрх дүүргийн иргэд төрөхийн өмнөх болон дараахь тусламж үйлчилгээг чирэгдэлгүй авч, о­хид эмэгтэйчүүд тус­гай тас­гаар үйлчлүүлж, фи­зик уламжлалт эмчилгээ үйлчил­гээг ч хүртэх боломжтой бо­лох байлаа. Гурван жилийн өмнө эхлүүлсэн бас нэг ажил “хоосон ам” болсон нь Хан-Уул дүүрэгт, Яармагийн гүүр­ний урд баригдаж буй Эх хүүх­дийн эрүүл мэндийн төв. ЭХЭМҮТ буюу хуучин нэ­рээр Эх нялхасын эрдэм шин­жил­гээний хүрээлэнгийн дайтай, хүүхдүүдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг төв шаардлагатай учраас энэ эмнэлгийн барилгын аж­лыг эхлүүлсэн. ЭМЯ-ны алба­ны хүний хэлж буйгаар “Эх хүүх­дийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил сайн явж байгаа. Одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй” гэсэн. Гэхдээ мөн л хэдийнэ ашиглалтад орчих мэтээр ярьж байсан энэ эмнэлэг хэзээ өвчтөн хүлээж авдаг болох нь бүрхэг байна. Учир нь, зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар  Эх хүүхдийн төвийн барилга мөн л мөддөө ашиглалтад орохгүй гэнэ.

Барилга нь баригдлаа гэхэд түүний цэвэр бохир ус, халаалтыг дамжуулах магистраль шугам байхгүй учир ашиглалтад орох хүртлээ нэлээд хугацаа шаардахаар байгаа гэсэн. Гуравдугаар амаржих газрын шавыг тавьснаас яг нэг сарын өмнө буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 27-нд энэ эмнэлгийн шавыг тавьж байсан юм. Гэхдээ сууриа цутгаад таг болчихсон гуравдугаар амаржих газартай харьцуулах юм бол барилгын ажил нь эхэлж, юутай ч сүндэрлэж байгаа юм билээ. Энэ байдлаараа хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж буй цорын ганц эмнэлэг болох Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв одоогийн ачааллаараа нэлээд удаан “гүрийх” нь.

Эх нярайд үйлчлэх шинэ эмнэлгүүдээс хамгийн нааштай яваа нь Нэгдүгээр амаржих газрын өргөтгөл юм. Уг өргөтгөлийг “Бороо гоулд” ХХК 10 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн бариулж байгаа. Харин гүйцэтгэгчээр нь барил­гын салбартаа л толгой цохи­дог “Цаст констракшн” ажил­лаж буй. Төрийн оролцоо бага бо­лоод ч тэр үү хотын төвд яах аргагүй Нэгдүгээр амаржих газрын өргөтгөл бусдаасаа түрүүлж сүндэрлэсэн. Энэ ажил саадгүй сайн яваа гэдэг нь мөн л эргэлзээтэй.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн барилгын ажил энэ оны зургадугаар сарын 4-нд ашиглалтад орох ёстой байсан. Гэтэл долдугаар сар гарах гэж байхад дотоод засалдаа ч ороогүй байна. Яамныхан наймдугаар сарын 2 гэхэд ашиглалтад орно хэмээн мэдэгдсэн ч энэ ондоо амжихгүй гэх хүн ч байгаа юм. Нэгдүгээр амаржих газрын дарга Д.Энхбаяраас энэ талаар асуухад “Төлөвлөгөөний да­гуу долдугаар сарын 23-нд баригдаж дуусах ёстой. Бид чанартай сайн бариулахын тулд яаруулахгүй байгаа. Есдүгээр сар гэхэд барилгын ажил үндсэндээ дуусна гэж албан бусаар тооцсон. Барилгын ажил дууссан ч дотоод тохижилт хүний нөөцийг шийдэх гэхчлэн ажил их бий” гэв. Өдрөөс өдөрт төрөлт нэмэгдэж амаржих газруудын ачаалал хэрээс хэтэрч, эх баригч, эмч нар өвдөг дээрээ сөхрөх нь холгүй ажиллаж байхад шинээр баригдах эмнэлгүүд хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байсаар…

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан