Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хийсэн шалгалтаар “Миний дэлгүүр”-ийн хэд хэдэн салбар дэлгүүр хангалтгүй дүн авсан байна. НМХГ-аас өмнө тус сүлжээ дэлгүүрт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгахыг анхааруулж 65 зүйл бүхий 18 албан шаардлага хүргүүлсэн байжээ. Харин энэ удаагийн шалгалтаар биелүүлэх ёстой шаардлагын дөнгөч 46 заалтыг хэрэгжүүлсэн байна. Нийт 18 дэлгүүрт шалгалт явуулахад зөвхөн Түгээлтийн нэгдсэн төвийн хүнсний бүтээгдэхүүний савлагааны хэсэгт агааржуулалт гэрэлтүүлэггүй, технологийн урсгал буруу, ажиллагсдын гар угаах нөхцөл бүрдээгүй, агуулахад нийт 15 нэр төрлийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний чанарын баталгаажилтыг шалгахад 4 нэр төрлийн буюу 26.6 хувийг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй байсан байх юм. Мөн сүлжээ дэлгүүрүүдээс барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсөн актгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан, тоног төхөөрөмжүүдийн цэвэрлэгээ, ариутгалыг зохих журмын дагуу хийгээгүй. Худалдааны танхимын цэвэрлэгээ хангалтгүй, зориулалтын агуулахгүй, бараа бүтээгдэхүүний шинжилгээний дүгнэлт баталгаажилтгүй.
112, 113 дугаар салбар дэлгүүрийн 20 цэгээс арчдас шинжилгээ авч НМХГ-ын төв лабораторид шинжлүүлэхэд 14 буюу 70 хувьд нянгийн бохирдолтой байжээ. Түүнчлэн худалдааны танхимд бараа өрж хураасан, хүнсний чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон,хугацаа дууссан бүтээгдэхүүнийг ялгаж хураагаагүй ба худалдаалсан. Баянгол дүүрэгт байдаг 112 дугаар дэлгүүрт худалдаалагдаж байсан тушенка нь хадгалалтын буруугаас хий үүссэн зэрэг олон онц ноцтой зөрчлүүд шалгалтаар дахин илэрсэн байна.
1200 нэр төрлийн бүтээгдэхүүнээс түүвэрчилж 20 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шалгахад шинжилгээний дүгнэлт баталгаажилтгүй гэсэн хариу гарсан байгаа юм. Цаана нь хэдэн ч бүтээгдэхүүн чанарын баталгаагүй байгаа юм бүү мэд. Агуулахад хураалттай байсан хугацаа нь дууссан бараа нь хэр их байгаад хэдэн хувийг нь худалдсан юм гэдэг нь тодорхойгүй байна. Одоо ч хэдэн хувь нь лангуун дээр өрөөтэй байгаа ч юм бил үү! “Миний дэлгүүр”-ээс л лав чанартай хүнс худалдаж авна гэж саналтгүй юм байна. Энэ мэдээллээс харахад урьд нь авч байгаа ч үгүй болох нь тодорхой боллоо. Тус сүлжээ дэлгүүрээс хүнс авах нь хар захаас худалдаж авахтай адил юм.
Ц. Элбэгсайхан
Та “Миний сүлжээ” дэлгүүрээс илэрсэн зөрчлүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэхийг хүсвэл НМХГ-ын вэб сайтаар зочлоорой.