Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Дэлхийн тогооч нарын холбоо, Туркийн тогооч нарын холбоотой хамтран 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулсан олон улсын фестивалиас Монголын баг зургаан мөнгөн медаль хүртэж ганзага дүүрэн иржээ.
24 орны 200 гаруй оролцогч ур чадвараа сорьсон тэмцээнд Монголын мастер тогооч нарын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер Д.Буяндэлгэрээр ахлуулсан баг амжилттай оролцож, ганцаарчилсан болон багийн төрөлд тус тус дэд байрт шалгарчээ. Тодруулбал, Ази хоолны төрөлд мастер тогооч Б.Байгальмаа, Ж.Отгонпүрэв, Ж.Цагаанцоож нар мөнгө, багийн төрөлд Д.Буяндэлгэр, Р.Батбаатар, Ж.Отгонпүрэв нар мөнгөн медаль хүртжээ. Өчигдөр өглөө эх орондоо ирсэн тэдэнтэй явсан газрын сонин сайхан, тэмцээн уралдааных нь тухай ярилцсанаа хүргэе.
Д.Буяндэлгэр: Жирийн, жижигхэн гал тогооноос олон улсын тэмцээнд тоосоо өргөнө гэдэг том амжилт
/Монголын мастер тогооч нарын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер, мастер тогооч/
-Юуны өмнө баяр хүргэе. Таныг Монголын тогооч нараас анхлан олон улсын тэмцээнд оролцож медаль авч байсныг мэднэ. Энэ удаад олон улсын хэддэх тэмцээндээ оролцоод ирэв?
-Тав, зургаа дахь нь байх шүү. Анх 2010 онд олон улсын чанартай тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Тэр цагаас хойш манай тогооч нар олон улсын тэмцээнээс 40 гаруй медаль хүртжээ. Грек, Турк, Солонгос тэргүүтэй тав, зургаан улсад болсон тэмцээнээс алт, мөнгөн, хүрэл медаль хүртсэн. Яахав, өнгөрсөн жилүүдийн ихэнх медаль хүрэл байсан бол энэ жил өнгө нь хувирч зургаан мөнгөн медаль хүртлээ. Суусан цэцнээс явсан тэнэг хожно гэдэг шиг өөрийгөө хөгжүүлье, ахиж дэвшие гэсэн хүсэлтэй залуус олон улсын тавцанд гарч эхэлж байна. Угтаа, мундаг чадалтай тогооч Монголоор дүүрэн бий. Монгол хүн их нарийн мэдрэмжтэй л дээ. Аливаа юмыг сурахдаа хүрдан, амархан дасан зохицдог гээд тал талын авьяастай. Тэр дундаа хоолны тал дээр өндөр мэдрэмж, мэдлэгтэй. Харамсалтай нь манайд нийтийн хоол тэр дундаа хоол үйлдвэрлэлийн салбарын зах зээл муу. Гэсэн ч жирийн нэг жижигхэн гал тогооноосоо олон улсын тэмцээнд тоосоо гөвнө гэдэг том амжилт юм шүү.
-Энэ тэмцээнээс зөвхөн зургаан медаль төдийгүй олон улсын шүүгчийн хоёр ч эрх авсан гэж дуулсан?
-Тийм, миний бие болоод мастер тогооч Батбаатар маань олон улсын шүүгчийн эрх авлаа. Мөн мастер тогооч Гантөмөр ч энэ болзлыг хангачихсан байгаа.
-Олон улсын шүүгчийн эрх авах босго, шаардлага юу байдаг юм. Хоёрдугаарт, шүүгч болсноор ач холбогдол нь юу байдаг вэ?
-Ер нь, шүүгч болно гэдэг улс орны нэр хүндтэй шууд холбоотой асуудал. Нөгөө талаас хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй залуучуудаа гадаадын оронд мэргэжил дээшлүүлэх, ажиллах боломжоор хангаж буй хэрэг. Шүүгчийн эрх авах босго, шалгуурын тухайд мэдээж олон улсын тэмцээн уралдаанд удаа дараа байр эзэлсэн, Дэлхийн тогооч нарын холбооноос зохион байгуулдаг цуврал сургалтад хамрагдсан байхыг шаарддаг.
-Тогооч хүн ажилласан жилээсээ шалтгаалж ур чадвар нь ахиж, туршлага хуримтлуулдаг шүү дээ. Тиймээс томоохон тэмцээн уралдаанд насны ангилал заадаг байх?
-Ер нь, олон улсын тэмцээн уралдаан сениор, жуниор гэсэн хоёр зэрэглэл буюу ангиллаар явагддаг юм байна. Сениор нь ахмад буюу мастер тогооч нар өрсөлддөг бол жуниорт нь шинэ, залуу тогооч нар авьяас билгээ уралдуулдаг. Энэ удаагийн тэмцээнээс харж байхад гадаадын улс орнууд олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцуулахаар шигшээ багаа бэлдчихсэн байдаг юм байна. Яг л спорт шиг тухайн жилдээ гадаад, дотоодын тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн тогооч нараа шилж сонгон шигшээ баг бүрдүүлдэг. Тэр хэрээр улсаас үзүүлэх дэмжлэг тусламж ч шат дараатай байдаг юм билээ. Манай тогооч нарын хувьд өдий хүртэл өөрсдийгөө л болгож явна даа.
Ж.Отгонпүрэв: Дэлхий дахинд монгол малынхаа махаар танигдах боломж бий
/“New York” ресторан, “Cook club” шоуны ерөнхий тогооч/
-Хүний нутгийн дэвжээн дээр өрсөлдөнө гэдэг хэцүү. Зургаан мөнгөн медаль хүртсэн нь маш том амжилт шүү дээ?
-Тиймээ, таван хүний бүрэлдэхүүнтэй баг зургаан медаль хүртээд ирлээ. Энэ бол урьд хожид байгаагүй том амжилт.
-Манай тогооч нар тэмцээний бүртгэлээс хоцорсон ч хоёр төрөлд орох эрх авсан гэж дуулсан?
-Тэгсэн тэгсэн, бид хоёр сарын өмнө тэмцээнд орох мэдүүлгээ өгөхөөр Дэлхийн тогооч нарын холбоотой холбогдтол бүртгэл дууссан гэх хариу өгсөн л дөө. Тэгээд “За яахав, орж чаддаггүй юм гэхэд очиж үзчихээд ирье” гээд Турк руу явсан юм. Азаар очмогцоо Туркийн тогооч нарын холбооны ерөнхийлөгчид биечлэн хүсэлт тавьтал Ази хоолны төрөл болон багийн төрөлд орох эрх олгосон. Ингээд л Ази хоолны төрлөөс гурван мөнгө, багийн төрлөөс мөн мөнгөн медаль хүртсэн.
-Одтой л явсан юм байна. Багийн төрлийн тухайд сонирхуулбал. Хэчнээн улс орон оролцов, ямар ямар даалгавар ирдэг гээд?
-Багийн төрөл бол хамгийн хүнд, гран при төрөл л дөө. Ер нь, энэ тэмцээний ноён оргил гэж ойлгож болно. Улс орон бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй багаа оролцуулж сугалаагаар оногдсон хар хайрцгийг задалдаг. Тэр хайрцагт нь ямар ч хүнсний бүтээгдэхүүн байж болох бөгөөд бүтээгдэхүүнээрээ 90 минутын хугацаанд хоёр иж бүрдэл хоол, нэг амтлаг хоол хийх ёстой. Тиймдээ ч багийн ажиллагаа, тогооч нарын ур чадвар, хурд, бараа материалын зохицолдлого гээд олон зүйл харж дүгнэдэг.
Эхний 20 минутад өгөгдсөн материалаа харж байгаад цэсээ зохионо. Цэсэнд хар хайрцагт орсон бүх материал багтсан байх ёстой л доо. Тэр ч бүү хэл материал илүү гаргах ёсгүй.
-Манай багт ямар материал оногдсон бол?
-Утсан яргай загас, хонины элэг, бөөрөлзгөнө, хэрээ нүд болон туслах материалууд багтсан байсан. Заримыг нь мэдэхгүй, урьд өмнө нь ашиглаж ч байгаагүй юм таарсан. Ямартай ч, манай баг гүйцэтгэл сайн, хурдтай авхаалжтай байсандаа мөнгөн медалийн болзол хангасан.
-Манай орон махны амт, чанар, хэрэглээгээр дэлхий дахинаас ялгарах нь мэдээж. Тэр хэрээр гадны тогооч нар манай үндэсний хоолыг их сонирхсон байх?
-Тийм шүү. Тэмцээнд хаа байсан Австрали, Шинэ Зеланд, Африкийн орнуудаас ирсэн гээд зүсэн зүйлийн тогооч нар оролцлоо. Яахав, тэр бүх тогооч нар Монгол хоолны тухайд ерөнхий баримжаатай байдаг юм байна. Тэр нь чанасан мах, гурил төдийхнөөр хэмжигддэг бололтой. Угтаа, монгол хоол гэдэг маш өргөн дэлгэр түгсэн, амт чанарын хувьд өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй.
Их Монгол Улсын үед өрнөсөн монголчуудын байлдан дагууллаас үлдсэн ул мөр одоо ч зарим улсад байдаг. Тэдгээр улс үндэстний хоолны орц найрлага, хийх арга барилаас монгол хоолны гэхээр юм цөөнгүй харагддаг. Тиймээс л монгол хоол өргөн дэлгэр түгсэн гээд байгаа хэрэг.
Мартсанаас, уулзаж учирсан тогооч нар монгол махны амт чанарыг ам уралдан сайшааж байлаа. Тэгэхээр бидэнд зөвхөн тогооч нараараа танигдахаас гадна хүнс үйлдвэрлэл тэр дундаа махаараа танигдах боломж их байна гэж харлаа.
-Дашрамд сонирхвол, сүүлийн үед хүнсний аюулгүй байдал гэж их ярих болж. Харамсалтай нь аюулгүй байдлаа хангах тал дээр манай хэрэглэгчид төдийгүй үйлдвэрлэгчид ч хангалттай анхаарч чадахгүй байх шиг. Ер нь, эрүүл хүнс хэрэглэхийн тулд мах, гурилаа л идээд байх ёстой юу. Тогооч хүний хувьд таны бодол?
-Ихэнх хүнсний бүтээгдэхүүн импортоор тэр дундаа урд хөршөөс орж ирж байна шүү дээ. Угтаа, үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай хамгийн чухал зүйл бол хүнсний аюулгүй байдал.
Өөрийн тань хэлснээр эрүүл хүнс хэрэглэе гээд л мах гурилаа идээд байна гэж үгүй. Тиймээс үйлдвэрлэгч болох л ганц гарц бий. Хүнд үйлдвэрлэлээ чаддаггүй юм гэхэд хүнсний үйлдвэрлэлээ өргөжүүлье л дээ. Дотооддоо үйлдвэрлэсэн эрүүл хүнсээ хэрэглэвэл хүн амын дундаж наслалт нэмэгдэнэ, элдэв өвчин эмгэг ч буурна. Хүмүүс хорт хавдар гэхээр нөгөө л утаа руу чихдэг.
Мэдээж утааны нөлөө байгаа л даа. Гэхдээ хүнсний бүтээгдэхүүний нөлөө түүнээс дутдаггүй. Генийн өөрчлөлттэй, элдэв химийн элементийн орц найрлагатай, нэг үгээр мутацид орчихсон бүтээгдэхүүн хэрэглээд удаж байна шүү.
Ж.Цагаанцоож: Энгийн нэг цуйван биш орчин үеийн хэв маягт нийцсэн хоол хийхийг зорьсон
/Орхон аймгийн мастер тогооч/
-Ази хоолны төрөлд бууцайн гурилтай цуйван хийж мөнгөн медаль хүртсэн шүү дээ. Гадныхан хэрхэн хүлээж авах юм?
-Мэдээж элдэв чимэг маяггүй, мах, гурил болоод хамгийн түгээмэл хүнсний ногоо орц найрлагад нь багтдагийн хувьд цуйван хийх нь нэг талаас их эрсдэл дагуулсан шийдвэр гэж болно. Тиймдээ ч жирийн нэг цуйван биш орчин үеийн хэв маягт нийцсэн хоол хийхийг зорьж, дүүпүү, бууцайтай цуйван хийсэн юм. Онцлог нь гурилаа бууцайны цутангаар зуурч ногоон өнгө оруулсанд байгаа юм. Нэг талаас эко гэж нэрлэгдэх хүнс болсон. Тиймдээ ч шүүгчид болоод бусад тогоочийн анхаарлыг татсан.
-Ганцаарчилсан төрөл ямар журмаар зохиогддог вэ. Хүнсний бүтээгдэхүүнээ урьдчилан бэлтгэж, сонгодгийн хувьд мэдээж давчуу цагт хийж дуусгадаг байх?
-Ганцаарчилсан төрөлд нэг л хоолоор оролцох ёстой. 30 минутад багтаан хоёр таваг порц хоол хийж, нэгийг нь үзэгчид, нөгөөг нь шүүгчдийн ширээн дээр тавьж тайлбарлах ёстой.
-Хоолоо хийхээс гадна тайлбар чухал үүрэгтэй байдаг болов уу?
-Тэгэлгүй яахав, миний хувьд цуйвангаа үндэсний хоол тэр дундаа хамгийн өргөн дэлгэр түгсэн, бэлтгэхэд хурдан, орц найрлага, ашиглах бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, аян замд авч явахад тохиромжтой, бууцайн цутан агуулсан учир эрүүл мэндэд тустай гээд л тал талаас нь тайлбарласан.
-Манайхан Ази хоолны төрөлд гурван медаль хүртсэн гэхээр ур чадварын хувьд өндрөөр үнэлэгдсэн байх?
-Тиймээ, хамгийн гол нь бид үндэсний хоолоо орчин үеийн хэв маягт оруулж, хоолны зохицол, амт, танилцуулга, таваглалт, чимэглэлтэд анхаарсанд байгаа хэрэг. Ерөнхий гүйцэтгэл сайн байсан учир энэ төрлөөс гурван ч медаль хүртсэн. Ганцаарчилсан төрлийг тогоочийн ур чадвар, бараа материалын сонголт, гүйцэтгэл зэргээр дүгнэдэг л дээ. Бидний зүгээс Монголынхоо уламжлалт хэв маягийг орчин үеийн хоолны хэв маягт оруулж оролцсон нь нүдээ олсон шийдэл байсан болов уу.