Гэгээн хайрын Валентины өдрөөр дурлалт хосуудын баяр гол хөтөлбөр нь кино үзвэр байдаг. Тэгвэл өчигдөрхөн тохиосон хайрын баярын өдрөөр “Фантастик” продакшн, “F” студийн хамтын бүтээл “18 НАС” хэмээх шинэхэн кино хосуудын бие биедээ барих гол бэлэг байлаа.
“Миний ах атаман”, “Аз жаргалын шок”, “Маш нууц”, “Том толгойтын романс” гээд өмнө нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн олон дэлгэцийн бүтээл хүргэж байсан “Фантастик” продакшн энэ удаа дурлал хайрын сэдэвт уянгын драмаар үзэгчдэдээ Валентины баярын бэлэг барилаа.
Анхны хайр, үерхэл нөхөрлөл, дурлал шохоорхлын амтыг мэдэрч эхэлдэг 18 нас. Үүрд мөнх тэр л хэвээр жаргалтай байх юм шиг төсөөлдөг гэнэн залуухан нас. Зөвхөн хайрынхаа төлөө гэж эрсхэн шийддэг ч эцэстээ хагацал үзэх нь олонтаа гэгээн гуниг тээсэн дурсамжууд. Эргээд санахад зүрх сэтгэлийн гүнд хэзээд ариун нандин хэвээр хадгалагдан үлддэг анхны хайр.
Хайрлаж дурлаж үзсэн хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж, эргээд 18 насандаа очсон мэт хөөрүү дэврүүн мэдрэмжүүдийг дахин нэг төрүүлсэн ийн нэгэн уран бүтээл Валентины баярын өмнөх өдөр “Хүннү Молл” болон “Тэнгис” кино театрт нээлтээ хийснээр үзэгчдэд хүрч эхэллээ.
Киноны ерөнхий найруулагчаар СТА жүжигчин, найруулагч Б.Тамир, нэгдүгээр найруулагчаар Э.Алдар, ассистент найруулагчаар Р.Эрхэмбүрэн, продюсерээр Б.Батсайхан ажиллажээ. Киноны гол дүрийг “Маш нууц” киногоор үзэгчдийн танил болоод буй жүжигчин Э.Одбаяр, СУИС-ийн оюутан Ч.Сэлэнгэ бүтээсэн бөгөөд жүжигчин Д.Бямбацогт, Б.Эрдэнэцэцэг, М.Баярбат нар тогложээ.
Залуусын эрч хүчийг мэдрүүлж мөсөн коток дээр үзэгчдээ цуглуулсан хийсэн шинэхэн киноны нээлтийн үеэр уран бүтээлчидтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
Б.Тамир: Шинэ жил болгоноор үзэгчдэд хүрдэг сайхан хайрын түүх байгаасай
-“18 НАС” кино Валентины баярын өмнөх өдөр нээлтээ хийж байна. Шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэж байгаад баяр хүргэе!
-Баярлалаа. Бид бүхэн гэгээн хайрын Валентины баярын өмнөх өдөр шинэ киноныхоо нээлтээ хийлээ. Кино маань хайрын тухай, хайртай хосуудын тухай өгүүлэх учраас хайрын баярын өдрийг угтаад үзэгчдэд хүрч эхэллээ. Хайрыг мэдэрч яваа, бас мэдрэх гэж байгаа, ер нь хайрыг мэдэрсэн зүрх бүрт , хүн бүхэнд киногоо зориулсан учир энэ өдрийг сонгон нээлтээ хийж байна.
-Киноны нэр “18 НАС”. Магадгүй кино зохиолыг бичихдээ та бүхэн 18 насныхаа дурсамжийн нэгээхэн хэсгийг уран бүтээлдээ шингээсэн болов уу?
-Мэдээж, тэгэлгүй яахав. Бид бүгд 18 насыг тойроогүй, дайраад гарсан хүмүүс. 18 насандаа яаж дурлаж хайрлаж байсан билээ, тэр гэгээн сайхан мэдрэмжүүдийг бүгдийг нь энэ кинондоо шингээхийг хичээсэн. Ер нь,кино зохиол маань бодит амьдралаас сэдэвлэсэн гэж хэлж болно. Үлгэрийн юм бол үлгэрийн байдаг. Харин бодит амьдрал гэдэг хүний сэтгэлд илүү хүрдэг. Тийм ч учраас бид бодит түүхийг үзэгчдэдээ хүргэхийг хүссэн юм. Кино үзлэгийг үзсэн хүмүүс хэлэхдээ 18 насандаа эргээд очсон юм шиг боллоо гээд маш сэтгэл хангалуун байсан. Одоо үзэгчдэд маань хэрхэн хүрэх бол гэдгийг хүлээх л үлдлээ.
-Кино зохиолыг хэн бичсэн бэ?
-Зохиолыг манай нэгдүгээр найруулагч Алдар, Эрхэмбүрэн, бид гурав хамтраад бичсэн.
-“Фантастик продакшн”-ы бүтээл “Маш нууц” кино өнгөрсөн намар үзэгчдэд хүрч, маш өндөр үнэлгээ авсан. Түүний дараа “Том толгойтын романс” кинон дээр ч танай продакшны залуус ажилласан. Одоо “18 НАС” кино гарч эхэллээ. Ингэж дараалан уран сайхны кинонууд гаргахын тулд маш шаргуу ажиллаж байгаа байх. Ямар баг бүрэлдэхүүн ажиллав?
-Манай продакшн уран бүтээлийнхээ төлөвлөгөөнийхөө дагуу кинонуудаа хийгээд явж байна. Магадгүй маш ойрхон хугацаанд олон кино хийгээд байгаа мэт харагдаж болох юм. Гэхдээ киног зүгээр хийе гээд хийдэг ажил биш. Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн багийн ажил байдаг. Бидний хувьд багаа сайн бүрдүүлж, багийн гишүүд маань өөр өөрийн хуваарьт ажлаа яг таг гүйцэтгээд явдаг учраас уран бүтээл ч гараас хурдан гардаг. Төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаад явахад ажил хурдан бүтдэг.
Ер нь, залуу хүмүүсээс хийе, бүтээе гэсэн гал халуун хүсэл эрмэлзэл гардаг, эрч хүчтэй ажилладаг учраас бид кино жүжигчдээ сонгохдоо ч шинэ залуу жүжигчдээ сонгож, гаргаж ирсэн. Номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан туршлагатай хүмүүс өөртөө ханачихдаг учраас шинэ залуу жүжигчдийнхээ хүсэл тэмүүллийн гал дээр цучил өргөөж, асаагаад бадраагаад өгвөл илүү гоё уран бүтээл гардаг юм билээ.
-Үзэгчид магадгүй “Маш нууц” киноны дараа өндөр хүлээлттэй байгаа байх. Харин та бүхэн энэ киноноосоо юу хүлээж байна вэ?
-Бид өөрсдийнхөө хийсэн бүтээлүүдийг хооронд нь өрсөлдүүлэх, харьцуулах бол сонин биш. Хамгийн гол нь кино маань тухайн төрөлдөө хамгийн сайн нь байгаасай гэж бодож хийдэг. “Маш нууц” бол аction төрлийн кино. Харин “18 НАС” бол уянгын драма. Энэ жанр бүртээ оргил нь байгаасай гэж хүсч киногоо хийдэг.
Оросын “Служебный Роман” буюу “Ийм нэгэн явдал” гээд сайхан кино байдаг шүү дээ. Энэ кино анх гарсан цагаасаа хойш 31 жилийн турш шинэ жилийн үдэш үзэгчдэд хүрч байгаа юм билээ. Бид ч бас “18 НАС” киногоо үеийн үед шинэ жилийн орой бүр цэнхэр дэлгэцээр үзэгчдэд хүрдэг сайхан хайрын түүх байгаасай гэж бодож хийсэн. Гэхдээ мэдээж үүнийг үзэгчид л шийднэ. Хэрэв киноноосоо юу хүлээж байна вэ гэвэл уран бүтээлч хүний хувьд миний хүсэл энэ.
Э.Алдар: -40 хэмийн хүйтэн зураг авалтуудаа гүйцэтгэсэн
-Киноны нэгдүгээр найруулагчаар ажиллахын зэрэгцээ зохиолоо бичжээ. Киногоороо юу өгүүлэхийг зорьсон бэ?
-Кино маань үзэгчдэд хүрч эхэлсэнд сэтгэл маш их хөдөлж байна. Бид бүгд л 18 насыг туулаад гарсан. Хайр гэж юу байдгийг, хүнийг яаж хайрладгийг, хайрлуулах мэдрэмж ямар байдгийг мэднэ шүү дээ. Өөрсдийн үзсэн туулсан тэр хайрын түүх, мэдрэмжүүдийг кинондоо шингээсэн болохоор нээлтээ хийж байгаа энэ өдөр сэтгэл маш их догдолж байна. Кино маань маш романтик болсон гэж би бардам хэлж чадна. Тийм ч учраас киног үзээд залуус маань романтик сэтгэлгээгээ хөгжүүлээсэй гэж хүсч байна. /инээв/ Бид залуусынхаа зүрх сэтгэлийг дэврээж, хэрэв ганц бие хүмүүс байвал киноноос гараад л “За найз охинтой больё оо” гэтэл нь романтик хийхийг хүссэн. Хамгийн гол нь киноноос маань хайрын үнэ цэнийг мэдрээсэй гэж хүсч байна.
-Жүжигчин Алдар өөрөө хэр романтик хүн бэ?
-Ер нь, романтик шүү. Би ч гэлтгүй зохиолыг бичсэн Тамираа, Эрхэмбүрэн, бид гурав, ер нь манай “Фантастик” продакшны залуус их романтик хүмүүс ш дээ. Бид анх киноныхоо санааг ярилцаж байхад бүгд л 18 насныхаа хайрыг дурсаад л, би ингэж, тэгж дурлаж явсан гээд л нэг уйлж, нэг инээж байлаа. Тийм ч учраас кинонд маань тэр сайхан хайрын дурсамж, гэгээлэг мэдрэмжүүд бүгд багтсан.
-Кино хэдий хугацаанд бүтсэн бэ?
-Бид маш шаргуу ажилласан. Ерөнхийдөө кино зохиол, бэлтгэл ажлыг эс тооцвол сар гаруйн хугацаанд шургуу ажиллаад ард нь гарч байна. Энэ хооронд -40 хэмийн хүйтэнд ч зургаа аваад ажиллаж байлаа. Гадаа хүйтэн нойтонд зураг авахаас эхлээд маш том массыг хамарсан хүнд сценүүдийг авах гээд хэцүү зүйл байсан ч ганц ч удаа ёоё гэж хэлж, бэрхшээл тоочоогүй баг хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бүгдийг хийхэд манай зургийн баг, зургийн дарга маш сайн ажилласан. Тэдний хүчээр найруулагчийн баг маань нүдэндээ төсөөлж байсан зураглал дүрслэлээ гүйцэд авч чадсан.
Ч.Сэлэнгэ: 18 насандаа анхны хайртайгаа учирсан
-Уран бүтээл тань үзэгчдэд хүрч байгаад баяр хүргэе. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Би СУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан. Соёлын тэргүүн ажилтан Отгонбат багшийн шавь.
-Энэ кино анхны гол дүр үү?
-Тийм ээ, оюутан ахуй насандаа ийм сайхан уран бүтээлийн нэг хэсэг болж, анхны гол дүрдээ тоглосондоо маш их баяртай байгаа.
-Анхны кино. Тэгээд гол дүр учраас хэцүү бэрхшээлтэй зүйл хэр тулгарсан бэ?
-Тийм ээ, бэрхшээлтэй зүйлүүд багагүй байсан. Гэхдээ “Фантастик” продакшн үнэхээр хүчирхэг хамт олонтой учраас надад маш их туслаж дэмжсэн нь тус дөхөм болсон л доо. Баг хамт олныхоо хүчээр энэ дүрийнхээ ард гарлаа.
-Анхны уран бүтээлээсээ юу хүлээж байгаа вэ?
-Манай киног үзээд маш олон хүн хайр дурлалаа олоосой, шинэ залуу хосууд төрөөсэй, тэр хосууд маань хайр сэтгэл, үерхэл нөхөрлөлдөө үнэнч байгаасай гэж хүсч байна.
-“18 НАС” кино маань “Хайрыг мэдэрсэн хүн бүрт” гэсэн уриатай шүү дээ. Сэлэнгээ анхны хайртайгаа учирсан уу?
-Тийм ээ, яг л тоглосон дүр шигээ 18 насандаа анхны хайртайгаа учирч байсан. Одоо би 21 настай л даа.
Э.Одбаяр: “Маш нууц” киноны дараа өөрийгөө дахин харуулах гэж хичээсэн
-Таны хоёр дахь гол дүрд тоглосон кино үзэгчдэд хүрч эхэллээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Бас маш их айж байна. Сандарч байна. Яг одоо төрж байгаа мэдрэмжийг юу гэж илэрхийлэхээ сайн мэдэхгүй байна. “18 НАС” бол миний гурав дахь кино л доо. Харин хоёр дахь киноноос маань түрүүлээд үзэгчдэд хүрч байгаа юм.
-Хоёр дахь нь ямар кино вэ?
-“Үргээлэг 2” кинонд тоглосон. Удахгүй гуравдугаар сард нээлтээ хийнэ.
-Үзэгчид Одбаярыг “Маш нууц” киногоор сайн мэддэг болсон, өндөр үнэлгээ ч өгсөн. “18 НАС” киноны тухайд өөртөө хэр дүн тавих вэ?
-Магадгүй үзэгчид энэ залуу юу хийж чаддаг вэ гэдгийг харах гэж хүлээж байгаа байх. Би хувьдаа өөрийгөө харуулахыг хичээсэн. Харин үзэгчид хэрхэн үнэлэхийг мэдэхгүй байна. Киногоо урьдчилж үзээгүй яваа. Одоо анх удаа үзэх гэж байгаа болохоор маш их догдолж, сандарч байна.
-“Фантастик” продакшнтай хоёр дахь удаагаа хамтарч ажиллалаа. Та бүхэн хурдан хугацаанд том кинонуудын ард гарч байна шүү.
-Тийм ээ, “Фантастик” продакшны уран бүтээлчид багаараа гар нийлж ажиллаж сурсан бүтээлч залуус. Хэн юу хийхээ сайн мэддэг учраас ажил маш хурдан урагштай явдаг. Хоёр дахь кинондоо хамт ажилласандаа баяртай байна. Цаашид ч хамтран ажиллахын тулд улам хичээх болно.