Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай эдийн засаг “ГОЛЛАНД ӨВЧИН” тусчээ

Монголын эдийн засаг өсч, ДНБ нэмэгдэж буй. Гэвч эрсдэл дагуулсан саар мэдээ ч байгаа юм. Эдийн засагчид байгалийн баялаг ихтэй улс орнуудад тулгардаг “Голланд өвчин” манай эдийн засагт хүчтэй нөлөөлж эхэлсэн хэмээн дүгнэх болов.  Монголчуудын орлого, зарлага өнөөдөр дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ ямар байгаагаас шууд хамаарсан, түүний мөчлөг даган хөдөлж байна. Нэг ёсондоо уул уурхайгаас бүрэн хараат боллоо. Өнгөрсөн жилийн байдлаар манай нийт экспортын  95 хувийг эрдэс баялаг эзэлж буй юм. Үндэсний статистикийн хороо, Гаалийн ерөнхий газрын судалгаагаар энэ онд уг үзүүлэлт дөрвөн хувиар нэмэгдэх төсөөлөл бий. “Голланд өвчин”-ий нэг шинж тэмдэг нь дотоодын үйлдвэрлэл буурч, импорт нэмэгдэх явдал. Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 30 гаруй хувийг  үйлдвэрлэдэг байв. Гэтэл одоогоор хувийн жин нь буурч 28 хувьтай болсон судалгаа бий. Мөн хөнгөн үйлдвэрлэл буурч, байгаль орчны доройтол газар авч байгаа аж.    

Хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүн цөөрчээ

Нөгөө талаар ажиллах хүчний урсгал уул уурхайн салбар руу давамгайлах боллоо.  Одоогоос арван жилийн өмнө уул уурхайн салбарт 18 мянган хүн ажиллаж байж. Харин өнгөрсөн оны байдлаар 35 мянган хүн тус салбарт ажиллаж буй судалгаа гарчээ. Энэ нь, тус салбарын ажилчдын цалин өндөр байгаатай холбоотой. Уул уурхайн компанид ажиллагсдын дундаж цалин эдүгээ 800 мянгаас сая 200 мянган төгрөг аж. Уул уурхайн салбар руу хошуурч буйг ганцхан жишээнээс харж болно.

Тухайлбал, Монголын нийт ажиллах хүчний 49 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг байсан. Өнөөдөр  34 хувь болтлоо буурчээ. Товчхондоо, уул уурхайгаас бусад салбарын үйлдвэрлэл, бүтээмж өсөөгүй гэж хэлж болно. Монголд орж ирж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын 85 хувь нь уурхай нээх, хайгуул хийхэд зарцуулагдаж байна. Энэ бүгд нь эдийн засгийг тогтворгүй байдалд хүргэж дархлааг нь сулруулах, өргөн хэрэглээний барааны үнийг зохиомлоор хөөрөгдөх эрэлт өсгөх шалтгаан болж буйг эдийн засагчид онцлох боллоо.  

Өндөр инфляц иргэдийн орлогын 50-60 хувийг хамж байна

Монголбанкны эдийн засагчдын тооцоогоор нийгмийн халамжийн зардал 900 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Гэвч ядуурал буураагүй дүр зураг гарч буй. Өнөөдөр ядуурлын төвшин хэдэн хувьтай гарч буй талаар зөрүүтэй тоо бий. Төрийн байгууллагуудын гаргасан судалгаанд 29 хувьтай байна. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудын тооцоолсноор ядуурал 32 хувиас нэмэгдэж 39 хүрсэн байдаг. Үүний гол шалтгаан нь инфляц өсч иргэдийн бодит орлого буурч буйтай холбоотой. Сүүлийн жилүүдэд инфляц 12 хувиас буугаагүй. Харин ч өсөх чиглэлд зүтгэх болов. Энэ оны эхний улиралд инфляц 15.3 хувьд хүрсэн. Ингэж өсөхөд мах, шатахуун, цахилгааны үнийн хөөрөгдөл нөлөөлжээ. Статистикаас үзвэл хэрэглээний үнийн сагсанд хүнсний эзлэх хувь 41-30 болж буурсан байна.

Хэрэв ийм өөрчлөлт гараагүй байсан бол  инфляц бараг хорин хувь гарах нь. Өндөр инфляц бага орлоготой иргэдийн мөнгөний 50-60, дунд орлоготой иргэдийн 20-30 хувийг залгиж буй судалгаа бий.
Харин өндөр орлоготой иргэдэд төдийлөн нөлөөлдөггүй. Учир нь, нийт орлогынх нь 2-3 хувь нь л инфляцын шуурганд өртдөг ажээ. Ийнхүү өндөр инфляцын дарамт их тул эдийн засгийн өсөлт нийгмийн дундаж давхаргад мэдрэгдэхгүй, ядуурал буурахгүй байна. Иймд монголчууд уул уурхайгаас бусад салбараа жигд хөгжүүлэх, макро эдийн засгийн бодлогоо шинэчлэх шаардлага тулгарч буйг судлаачид хэлдэг юм. Ялангуяа, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологийн салбарыг түлхүү хөгжүүлэх нь чухал хэмээн дүгнэж байгаа билээ.
Өөрөөр хэлбэл, “Голланд өвчин”-өөс зайлсхийх, түүнийг анагаах бодлого манай эдийн засагт үгүйлэгдэж буй ажээ.  

0 Сэтгэгдэл
haha yumar teneg mal be Ehleed Holland ubchin gej yu bolohoo sain oilgochihood bichbel ch ug ni uurt ni l heregtei yum daa
Хамгийн их уншсан