Нийслэл хотод уржигдар орсон түр зуурын усархаг аадар борооны улмаас зарим дүүрэгт үер бууж, айлын гэр урссан тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үерт орон гэргүй болсон өрхийн тоо нэмэгдсээр байгаа гэнэ. Өчигдөр өглөө Онцгой байдлын Ерөнхий газраас нийт есөн айлын гэр урсч орон гэргүй боллоо хэмээн мэдээлж байсан бол орой нь нийслэлийн Онцгой комиссын хурлын үеэр албаныхан 11 өрхөд гэр олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл үерт орон гэр нь урссан тухай мэдээлэл иргэдээс нэмж ирсээр байгаа гэнэ. Өнөө өглөөний байдлаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас үерт гэр нь урсч эвдэрсэн 13 өрхөд гэр олгохоор болжээ. Үүнээс гадна Сүхбаатар дүүрэгт ч орон гэрээ алдсан өрх байгаа аж. Гэхдээ одоогоор тоо нь тодорхойгүй байна.