Монгол Улс, түүний дотор нийслэл Улаанбаатар хот согтуу байна. 2008 оноос хойш улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 20 орчим хувь нь архидан согтуурсны улмаас үйлдэгдэж байна. Нийт гарсан гэмт хэргийн 50-иас дээш хувь нь нийслэлд гарчээ. Сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд 683 мянга, жилд дунджаар 130-140 мянга, хоногт 356-383 хүн эрүүлжүүлэгдэж байна. Төр засгийн газар, нийслэлийн удирдлага сайн ажилласаар байтал хүмүүс архинд живж уусаад байна уу. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд согтууруулах ундаа үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж 200 хол давжээ. Зөвхөн архины үйлдвэр 114 байдгийн 46 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. 18 ба түүнээс дээш насны нэг хүнд 36.4 литр архи, согтууруулах ундаа ногдож байна.
Сүүлийн таван жилийн статистикаар хүнийг санаатай хөнөөх гэмт хэргийн 64.9 хувь, танхайрсан гэмт хэргийн 55.8 хувь, хүчиндсэн гэмт хэргийн 51.5 хувь, бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэмт хэргийн 39.7 хувь, дээрэмдэх гэмт хэргийн 22.5 хувь, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн 17.1 хувь, булаах гэмт хэргийн 15.3 хувь, хулгайлах гэмт хэргийн 6.3 хувь нь архидан согтуурсаны улмаас үйлдэгдэж, амиа хорлосон, золгүй байдлаар амь насаа алдсан тохиолдлын 22.6 хувь нь архидан согтуурснаас үүдсэн байна.
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн халдлагад нэг жилд 5030 иргэн өртсөнөөс 246 хүн нас барж, 3318 хүн гэмтэж, 915.3 сая төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн манай улсад 1999 онд 45 мансуурагч этгээд бүртгэгдэж байсан бол 2008 онд зөвхөн насанд хүрсэн мансуурагчид 410, өсвөр насныхан 180 болж өссөн байх юм. Дараачийн дөрвөн жилд ч иргэд бас л айдас жихүүцэлтэй, тэвдэж амьдрах уу эсвэл та биднийг хамгаалдаг, гэмт хэрэгтэй тэмцдэг удирдлагыг олж сонгох уу. Ухаантай сонголт хийх цаг иржээ.